“Монголын хаан ширхэгт” олон улсын форум Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа. Форумд Монголын ноос ноолуурын салбарын шилдэгүүд цуглаж “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийн үзүүлэлтийг хангасан компаниуд шагналаа гардаж авсан юм. Монгол Улс ноолуурын салбартаа стандарт тогтоож ийнхүү тохирлын тэмдэгтэй болсон нь дэлхийн зах зээлд Монгол ноолууран бүтээгдэхүүнийг баталгаажуулж, хэрэглэгчдийн итгэлийг төрүүлэх, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх чухал ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Ноолуур” хөтөлбөр хэрэгжсэнээр улс орны хэмжээнд алслагдсан орон нутаг дахь хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гадаадад экспортлох, экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдсэн юм. Үүний зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, түүхий эдийг тогтвортой нийлүүлэх боломжийг бий болгож байна. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох гээд олон давуу талтай.
Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. 2 дахь шатны санхүүжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 1570 ажлын байрыг шинээр бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувь, борлуулалтын хувь хэмжээг 27 хувиар өсгөжээ.
Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 300 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн жил тус салбар нийт 1.3 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 30 хувийг дотооддоо борлуулж үлдсэн 70 хувийг гадны орнуудад экспортолсон байна.
“Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдгийн үзүүлэлтийг “Говь” ХК, “Жинст Мөрөн” ХХК, “Ханбогд” ХХК гэсэн гурван байгууллага хангаж, батламжаа гардан авлаа. Форумын үеэр ноос ноолуурын салбарт тохирлын үнэлгээний тогтолцоог бий болгож хөгжүүлэх нь, Монголын хаан ширхэгт бүтээгдэхүүний гэрчилгээжүүлэлт, ноолууран бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд нэвтрүүлэх, Италийн ширхэгт ноу-хау, тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тогтвортой байдал зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж ноолуурын салбарын цаашдын хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар мөн оролцогчид санал солилцлоо.
Холбоотой мэдээ