Дагуулж яваа бүсгүйгээр нь эр хүнийг шинжиж болно?

Хуучирсан мэдээ: 2015.10.05-нд нийтлэгдсэн

Дагуулж яваа бүсгүйгээр нь эр хүнийг шинжиж болно?

Хамгийн тэргүүлэгч нь

О.Балжинням аварга угийн л бусдын өмнө түрүүлж үсчдэггүй дөлгөөхөн хүн байсан, одоо ч хэвээрээ шүү. Түүний гэргий Ц.Мягмар хэмээх энэ бүсгүй Х.Баянмөнх аваргын эхнэртэй ойрын төрөл болохыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Ц.Мягмар хатагтай монгол бөхийн эхнэрийн зан үйл, дэг журмыг гаргууд сайн эзэмшсэн нь Дэжимбээ гуайгаас ирсэн гялбаа гэж байгаа. Ямартаа л залуу идэр бөхчүүдийн эхнэрүүд чухамдаа Ц.Мягмараас л зөвлөгөө авах гэж оочер дугаар үүсгэсээр иржээ.

Монгол бөхийн дэг жаяг тун ч нарийн, нандин, эмзэг эд. Түүнийг дээдэлж гэмээнэ бөх хүн амжилт гаргадаг жамтай. Тэр байтугай зодог, шуудгийг нь хэр баргийн оёдолчноор урлуулдаггүй, ихэд нигууртай сонголт хийх ёстой байдаг. Ц.Мягмар хатагтай чухамдаа бөхчүүдийн зодог, шуудгийг урладаг шилэгдсэн сайн үйлчин бүсгүй. Яагаад ч юм түүнээр зодог, шуудгаа оюулсан бөхчүүд цог хийморьтой, ааг амжилттай явдаг гэнэ лээ. Энэ бүхнийг өөртөө цогцлоосон, царай зүс, бие хаа ч үзэмж гоо энэ бүсгүй яах аргагүй бөхчүүдийн эхнэрүүд дунд тэргүүлэгчийн байр суурь эзэлдэг.  

Балжаа аваргатай танилцсан 1979 онд Ц.Мягмар нэгэн ресторанд зөөгч хийдэг, харин аварга тэнд нь байрлаж байжээ. Хосууд анхны харцаар бие биедээ татагдан үерхсээр гэр бүл болсон түүхтэй. Ц.Мягмар хатагтай Балжаа аваргад таван хүүхэд төрүүлж өгөн өнөр өтгөн гэр бүлийг үүсгэж, монгол бөхийн ёс жудаг ханхалсан нэгэн сайхан халуун бүлийг өрх Монголдоо бэлэглэжээ. Ингэхэд аваргын гэргий энэ амьдралдаа нэг л хүнд чин сэтгэлээсээ талархаж явдаг. “Хадам ээж маань ийм сайхан хүү төрүүлж 19-хөн насанд нь миний гарт хүлээлгэж өгсөн. Тэр цагаас хойш 30 гаруй жил амьдрал маань холбоотой явж байна. Ээж маань сайхан хүү төрүүлж, сайн хүмүүжүүлсний буянд миний амьдрал өдий дайтай сайн сайхан яваа” гэж тэр хаа ч нүүр бардам, нүд дүүрэн инээмсэглэлтэй хэлдэг. Эр хүнийг, нөхрийг дээдлэх, бөх хүний ар талыг бат даахын тулд чухам ямар байдлаар биеэ, амьдралаа авч явахыг Ц.Мягмар ягштал үлгэрлэж яваа хүн дээ.

Хамгийн нууцлаг, романтик нь

Хорьдугаар зууны дэлхийн болоод Монголын бөхийн ертөнцийн супер од Х.Баянмөнх аваргыг тунчиг романтик болгож орхисон хүн бол гэргий Дэжимбээ нь. “Хөлстэй биеэрээ учирсан хоёрхон хүн байдгийн нэг нь Мөөеө, нөгөө нь миний хань Дэжимбээ шүү дээ” гэж аварга тун романтик яриа өрнүүлнэ. Залуу байхдаа хүүхэн шуухантай холбогдоод ханьдаа гардуулахдаа “Дэжимбээ чи минь бол миний заяаных, эд бол зуурдынх”, “чамайгаа хамгийн гайхамшигтай гэдгийг дөнгөж сая ухаарчихаад хэвтэж байна, явъя Дэжимбээ” гэж хэлсэн гэх мэт явган шог ярианууд амнаас ам дамжин өдийг хүрч иржээ.

Ханиасаа одоо болтол хайрын үг сонсож, амрагийн дуу аялуулдаг романтик хатагтай Дэжимбээ энэ он жилүүдэд үргэлж нууцлаг оршив. Амьдралынхаа 40 гаруй жилийг сурган хүмүүжүүлэх үйлст зориулсан тэрээр гавьяат багш цолтой. Хур баян айлын охин мөн л бэлтэй айлын хүүтэй амьдралаа холбож хоёр хүү, хоёр охин төрүүлсэн нь өдгөө мөн л салбартаа манлайлж буй. Дэжимбээ хатагтай аргагүй юмтай айлын зүстэй охин, хөрөнгөлөг айлын өнгөлөг гэргий гэсэндээ байдгаа өмсөж зүүн олны хөлийн газар гарч ирнэ гэж байхгүй шүү дээ. Тиймдээ ч бөхчүүдийн эхнэрүүд дундаа хамгийн нууцлаг, романтик гэдгээрээ одоо ч сонирхолтой дүр хэвээр байна. Ингэхэд яавал эр хүнийг үргэлж романтик байлгаж болдог юм бол, Дэжимбээ хатагтай тэр нууцаасаа бүсгүйчүүдэд жаахан ч гэсэн задалбал сонирхолтой байх шүү.

Хамгийн төгс нь

Гунхсан биеийг чинь гурван хүүхэдтэйд нь чинь харья гэх ардын айхтар цэцэн үгний эсрэг толгой дээгүүр зогсох бүсгүй бол Б.Нарантуяа. Г.Өсөхбаяр аваргын гэргий энэ турьхан бүсгүй 4 хүүхдийн ээж шүү дээ. Тэр зөвхөн хүүхэд гаргаад гэртээ суугаад байдаг ч хүн биш. Бээжингийн Анагаахын их сургууль төгссөн Б.Нарантуяа хадагтай Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн хийж байгаад Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал болсон. Тун мэдрэмжтэй энэ хатагтай үйлэнд уран, үгэнд цэцэн ёстой л бүсгүй хүнд байх бүх сайхан чанар бүрэлдсэн хүн. Гоёл зүүсгэл сонгохдоо ч мэдрэмжтэй ханддаг тэрбээр эр нөхрийнхөө Даян аваргын цолны найранд алтан аяга толгой дээрээ хөмрөн олны нүдийг хужирласан. Аргагүй бэл нүнжиг илтгэсэн язгуурын монгол гоёл гэдэг энэ.

Ингэхэд Г.Өсөхбаяр аварга шиг гэр бүлийн амьдралын тухайд үлгэр жишээ бөх олъё гэхэд бас л хэцүү шүү. Ийм сайхан арал чацтай бөхөд харц шидэлж, хайр зарлах хүүхнүүд хөлөөр нэг хөглөрдөг байж таарна. Тэгэхэд манай аварга тэдний нэгэнтэй нь ч нэр холбогдож ч үзээгүй хүн чанарын хэмжүүр шүү дээ. Гэр бүл, карьер хоёрыг гайхамшигтай хослуулж хажуугаар нь гоо үзэмжээ ч ингэтэл нь гайхуулж яваа бүсгүйг олж авъя гэхэд онцгой их заяатай аавын хүү л биш бол бас л төвөгтэй шүү.

Хамгийн карьеристууд нь

Энэ тодотголд багтах хатагтай нар бол Ц.Баярсайхан зааны гэргий Б.Оюундэлгэр, Д.Бумбаяр зааны эхнэр Ц.Одонтунгалаг нар. Энэ хосууд карьераараа ч, стиль имижээрээ ч бусдаасаа тод ялгарна.

Ц.Баярсайхан заан “Сүлд” спорт хорооны дарга бол гэргий Б.Оюундэлгэр нь Монголын гаалийг атгаж буй жаатай бүсгүй. Тодруулбал, өмнө нь Нисэхийн гаальд ажиллаж байсан тэрээр өдгөө ГЕГ-ын боловсон хүчин хийж буй. Үйлэнд уран мэргэний дээр ажил алба бүтээхдээ ч цэцэн бэрийн ухаантай Ц.Оюундэлгэр хатагтай МАН-ын бага хурлын гишүүн гээд бодохгүй юу. Нэг л өдөр улс төрд тоос манаруулчихсан явахыг үгүйсгэх аргагүй гэсэн үг. Бөхчүүдийн эхнэрүүд дундаа чамин ганганаараа ялгардаг тэрбээр багаасаа л карьер хөөсөн нэгэн. Нөхөр нь спортын амжилт, төрийн ажлаас гадна бизнест П.Цэрэнпунцагтай гар нийлдэг. Аль аль талаасаа тун чамбай хүмүүс гэр бүл болсных эднийхэн өнгөлөг, мөнгөлөг ч гэж жигтэйхэн. Тэд хоёр хүүхэдтэй.

Д.Бумбаяр зааны гэргий Ц.Одонтунгалаг хэмээх энэ бүсгүй хуульч мэргэжилтэй. МУИС төгсөөд 2000 оныг хүртэл Их хурлын тамгын газарт ажиллаж, дараа нь нотариатчаар ажиллаж байсан гэхээр түүний чадвартай маргах зүйл үгүй. Өнгөрсөн сонгуулиар СХД-д АН-аас нэр дэвшээд өвдөг шороодсон ч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал болсон амбицтай хатагтай. Спортын бүхий л төрөлд бас авьяастай тэрээр  Увс аймгийн уугуул, Х.Баянмөнх аваргын гэргийтэй эгч дүүсийн хүүхдүүд гэнэ шүү. Эднийх хоёр охинтой.

Миссээс өгсүүлээд төрийн өндөр албан тушаал хүртэл карьер хөөж буй ийм сайхан бүсгүйчүүд эрийн хийморь шингэсэн бөхчүүдийн маань гал голомтыг сахидаг байх нь. Он цаг улирах тусам амьдрал өөрийн хариултыг өгч, тэдний сонголт зөв болохыг бататгасан байна. Зөвхөн зүсээ биш тархиа, оюунаа гоёсон сайхан гэргийтэй байхад амжилт ойрхон байдаг биз ээ. Хэлбэрт л дурладаг нийгэмд агуулга ямар чухал болохыг тэд амьдралаараа баталлаа. Юун түрүүн агуулгатаа анхаарцгаая.

Д.СЭРГЭЛЭН

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж