Текаши 6ix9ine буюу Даниел Хернандез хар тамхи, галт зэвсэг, танхай зэрэг хэргээр Нью Йорк хотноо шүүгдэж, доод талдаа 47 жил, эсвэл бүх насаараа хоригдох ял сонсох нь тодорхой болоод байсан билээ.
23 настай залуу уран бүтээлч өөрт ногдох ялыг эсэргүүцэн, ялаа аль чадахаараа хөнгөлүүлэхийн тулд бүлэглэлийнхээ бусад гишүүдийг барьж өгсөн юм. Мөн Нью Йорк хотын шүүхэд хандан уучлал гуйн, хоёр дахь боломж хүссэн захидал илгээсэн нь саяхан.
Харин шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд Текашиг хоёр жил хорих ялаар шийтгэхээр болжээ. Ийнхүү Хернандез одоогийн байдлаар аль хэдийн 13 сар саатуулагдсан байгаа нь тооцогдон 2020 оны арваннэгдүгээр сард эрх чөлөөтэй болохоор боллоо.
Хернандез "Nine trey bloods" бүлэглэлд анх 2017 онд буюу баривчлагдахаасаа ердөө жилийн өмнө элсэж байжээ. Уг бүлэглэл нь дээрэм, тонуул, танхай, хар тамхины наймаа хийдгээрээ зартай байсан юм. Харин Хернандезийн урвалтын ачаар цагдаа нар бүлэглэлийн голлох гишүүд болох Энтони Элисоныг Хернандезийг хулгайлсан болон бусад хүчирхийллийн хэргээр, Алжэрмиа Макыг хар тамхины наймааны хэргээр баривчилсан билээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ