АНУ-ын визийг зөв мэдүүлэх алхамтай танилц

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын визийг зөв мэдүүлэх алхамтай танилц

АНУ-ын визийг зөв мэдүүлэх алхамтай танилц

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс тус улсын виз мэдүүлэх хүсэлтэй иргэдэд зориулан анхааруулга гаргаад удаагүй байгаа билээ. Энэ талаар бид тус улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Брайн К. Вингэйтээс бяцхан тодруулга авлаа.


-АНУ-ын визийг өдөрт хэчнээн хүн мэдүүлж байна вэ? Үүнээс хэчнээн визний мэдүүлэг буцаж байна вэ?

-АНУ-ын визийг өдөрт дунджаар 110 хүн мэдүүлж байна. Консулын хэлтсийн ачааллаас хамаарч заримдаа үүнээс бага мэдүүлэг авах тохиолдол бий. Өдөрт авч буй визний мэдүүлгийн 20 хувь нь буцаагдаж байна. Энэ тоог багасгах, монголчуудын визний мэдүүлгийг аль болох буцаахгүй байх чиглэлд бид анхаарч ажиллаж байна. Гэхдээ үүнд монголчууд өөрсдөө ч гэсэн хариуцлагатай хандах учиртай.

-Визний мэдүүлэг дээр монголчууд ихэвчлэн ямар алдаа гаргаж байгаагаас буцаагдаж байна вэ?

-АНУ-ын Монгол дахь ЭСЯ-д виз мэдүүлэгчид ирэхдээ аяллын зорилгоо тодорхойлоогүй байдаг. АНУ-ын визийг ямар зорилгоор мэдүүлдэг талаар судлаагүй байдгаас буцаагдаж байна. Жишээлбэл, монголчууд ихэвчлэн аяллын виз мэдүүлдэг. Ингэхдээ зорилго нь маш тодорхой байх ёстой. Гэтэл тодорхойгүй, дэлгэрэнгүй бус байдлаас болоод визний мэдүүлэг буцаагдах тохиолдол их байна. Үүнээс гадна, виз мэдүүлэх алхмуудыг дагаж мөрдөхгүй байгаа байдлаасаа болж, товлосон ярилцлагын цаг цуцлагдаж, дахин цаг товлох асуудал үүсч байгааг анхааруулж байна. Иймээс дээрх хоёр зүйлийг чандлан мөрдөхийг хүсч байна.

-АНУ-ын Элчин сайдын яамнаас “Хариуцлагатай Аялцгаая” аяныг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд ямар үр дүн гарсан вэ?

-“Хариуцлагатай Аялцгаая” аяныг хэрэгжүүлээд хоёр жил болж байна. 2016 онд АНУ-ын виз мэдүүлж, тус улсыг зорьсон хүмүүсийн 10 хувь нь визний хугацаагаа хэтрүүлж байсан бол 2018 оны статистик мэдээллээр 3 хувь болтлоо буурсан нь энэ аяны үр дүн. Цаашид бид энэ тоог бууруулахын төлөө ажиллаж байна.

Энд нэг зүйлийг анхааруулахад, АНУ-ын Элчин сайдын яам бол тус улс руу нэвтрэх зөвшөөрөл олгодог байгууллага. Харин АНУ-ын хил, гаалийн хяналтын ажилтнууд та хэчнээн хугацаагаар АНУ-д байх ёстойг гэсэн хугацааг тань хэлж өгдөг гэдгийг анхааруулъя.

-“Хариуцлагатай Аялцгаая” аяны хүрээнд 2020 онд ямар чиглэлд анхаарч ажиллах гэж байна вэ?

-2020 онд бид АНУ-ын визийг хэрхэн зөв мэдүүлэх алхамууд болон виз мэдүүлэхэд гардаг зарим эргэлзээтэй мэдээллийг тайлж өгөх зэрэгт анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Учир нь, өнөөдөр виз мэдүүлэгчид өөрсдөө бөглөх бүрэн боломжтой маягтыг орчуулгын товчоодоор бөглүүлж, мөнгө зарлагадаж байгаад харамсч байна. Иймээс визээ хэрхэн зөв дарааллаар мэдүүлэх алхамууд, анкетыг зөв бөглөх чиглэлд хэд хэдэн видео контент бэлдэж байна. Тун удахгүй та бүхэнд хүрэх болно.

АНУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭХ АЛХМУУД: 

Виз мэдүүлэх гэж байгаа иргэн та ярилцлагын цаг товлохоосоо өмнө визний мэдүүлгийн DS-160 маягтыг заавал бөглөж, дуусгасан байх ёстой. Энэхүү маягтыг иргэн та өөрөө бөглөх боломжтой.

Мөн ярилцлагад орохын өмнө доорх дарааллын дагуу дөрвөн алхмыг хийж гүйцэтгэнэ.

1-р алхам: Визний мэдүүлгийн хураамж төлнө.

2-р алхам: Цагаачлалын бус визний цахим маягтыг (DS-160) бүрэн бөглөж дуусгана.

3-р алхам: Заавал гүйцэд бөглөж дуусгасан DS-160 маягтын бар кодыг ашиглан ярилцлагын цагаа товлоно. Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана

Ярилцлага товлоход гурван мэдээлэл шаардагдана:

  • Таны паспортын дугаар
  • Таны MRV хураамж төлсөн баримтын дугаар
  • DS-160 маягтын баталгаажуулсан хуудсан дээрх арван (10) оронтой баркодны дугаар

Эс бөгөөс та ярилцлагад орох боломжгүйг анхаарна уу!

4-р алхам: Визний ярилцлага товлосон өдөр, цагтаа АНУ-ын Элчин Сайдын Яам/Консулын хэлтэст очно. Ярилцлаганд ирэхдээ ярилцлага товлосон хуудас, DS-160 маягтын баталгаажуулсан хуудас, нэг хувь зураг, хүчинтэй паспорт болон бүх хуучин паспортаа авчирна. Эдгээр бичиг баримтгүйгээр таны мэдүүлгийг хүлээж авах боломжгүй юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж