Засаг хөрөнгө оруулалт татах боломжоо алдлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Засаг хөрөнгө оруулалт татах боломжоо алдлаа

Засаг хөрөнгө оруулалт татах боломжоо алдлаа

Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2019.12.18/ хайгуулын лиценз олголтыг нэг жилийн хугацаатай зогсоох шийдвэр гаргасан нь уул уурхайн салбарынхныг түгшээсэн муу мэдээ болоод байна.

Уул уурхайн салбар дахь хууль бус олборлолтыг зогсоохын тулд дээрх шийдвэрт хүрчээ. Уг нь хайгуул хийнэ, олборлоно гэдэг хоёр өөр ойлголт юм.

Тодруулбал,  ашигт малтмалын ордыг илрүүлэх зорилгоор хайгуул хийдэг. Орд илрэхгүй, нөөц нь тогтоогдохгүй бол баялгийг олборлох боломжгүй, хайгуулын лиценз авсан этгээд “шатна”.  Харин Засгийн газрын дээрх шийдвэрээр бол орд илрүүлэх нэрээр лиценз эзэмшигчид байгаль орчин сүйтгэдэг болж таараад буй.

Гэтэл гурван сар гаруйн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзалт хийх үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбартаа баримтлах Засгийн газрын бодлогыг тайлбарлахдаа “Монгол Улсад хайгуул хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ирээдүйд ямар нөөц баялгаа үр хойчдоо үлдээх вэ гэдгээ маш тодорхой болгох ёстой” гэсэн нь энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой бизнесмэнүүдийн чихийг сортойлгосон. Харин өнөөдөр эсрэгээрээ бууж байна. Хэчнээн хөрөнгө оруулагчийн итгэл алдарч, хэд нь төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрч буйг таашгүй юм.

Статистик мэдээгээр сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газраас 700 гаруй лиценз цуцалжээ. Ингэснээр тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурсан байна. Цуцлагдсан лицензийн 1225 нь хайгуулынх байсан нь энэ салбар ямар эрсдэлтэй, хөрөнгө оруулалт татахад амаргүй болж хувирсныг илтгэх нэг үзүүлэлт юм. Дээр нь нэг жилийн хугацаатай хайгуулын лиценз олгохгүй болсон нь уул уурхайн салбарт шинэ хөрөнгө оруулагч орж ирэх боломжгүй болгоод байна.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл хөрөнгө оруулагч хамгийн их хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайг л голчлон сонирхдог. Гэтэл лиценз олголтыг цуцалж байсан шийдвэрийн араас залгуулаад хайгуулын лиценз шинээр олгохгүй болсон нь Монголын Засгийн газарт итгэх итгэлийг бууруулаад байна.

Хэлсэндээ хүрдэггүй, эргэж буцдаг, аашаа хөдөлбөл хэнийг ч гүтгэж, шоронд хийгээд яллачих эрсдэлтэй энэ араншингаас болж, хөрөнгө оруулалт саарч, олон зуун залуучууд ажлын байраа алдаж, эдийн засаг агших болсныг эрх баригчид анзаарч байгаа болов уу.

Долларын ханш чангарсаар өнөөдөр 2700 төгрөг давсан нь хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаатай л холбоотой юм. Статистик мэдээгээр эдийн засгийн голлох үзүүлэлт нааштай харагддаг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн валют, нөгөөх нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед зурсан Оюутолгойн далд уурхайн төсөл хэрэгжиж байгаатай л холбоотой юм.

Нүүрсний экспорт өмнөх жилийнхээс буурсан үзүүлэлттэй ч, Хятад улс нүүрсний импорт ханасан гэж үнэд орж байгаа ч энэ оны хувьд чамлахааргүй. Тодруулбал, 2019 эхний арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт 2,4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрснөөс нүүрс 1,1 их наяд төгрөгийг нь дангаараа бүрдүүлжээ.

Гэвч шинэ он монголчуудад олон, олон сорилтыг илгээж байна. Урд хөрш 2019 оны хэмжээнд хүрэх нүүрс Монголоос импортлохгүй болж, Оросоос хэрэгцээгээ хангаж эхэлбэл яах вэ, таван жилийн турш тасралтгүй төлөгдөж эхлэх бондын өр төлбөрийг барагдуулахаас эхлээд FATF-ын саарал жагсаалтаас гарч чадах эсэхийг шийдэх ёстой.

Хэрэв саарал жагсаалтаас гарч чадахгүйд хүрвэл  уул уурхайгаас бусад салбарт ч хөрөнгө оруулагч татах боломжгүй болно.

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан "Монгол Улс FATF-ын саарал жагсаалтад орсон шалтгаан нь зөвхөн төв банкны үйл ажиллагаатай холбоотой биш юм. Засгийн газар ч ажиллах ёстой байсан. Асар дуулиантайгаар хэргүүдийг шалгаж эхэлдэг, гэтэл шүүх дээр хэрэг нь шийдэгддэггүй. Дээр нь Монголд хөрөнгө оруулсан компаниудын гомдол ч байна. Энэ бүгдийг нээлттэй ярьж болохгүй байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр, эсвэл хаалттай хуралдаанд ярина" гэсэн билээ.

Энэ бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого шийдвэр өнгөрсөн хугацаанд гадаад ертөнцөд хэрхэн бууж, буцаад ямар их эрсдэл дагуулж буйг илтгэх нэг үзүүлэлт болсон. Одоо дээр нь нэрмээд лиценз олголтыг зогсоох боллоо. Хөрөнгө оруулагчдыг татна гэх үг ч хоосон амлалт болж хувирлаа.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж