Трамп: Ардчилсан нам төрийн эргэлт хийхийг оролдлоо

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Трамп: Ардчилсан нам төрийн эргэлт хийхийг оролдлоо

Трамп: Ардчилсан нам төрийн эргэлт хийхийг оролдлоо

НЭМЭЛТ:

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын импичментийг Төлөөлөгчдийн танхимын олонхи нь дэмжиж, түүний гэм буруутай эсэхийг Сенатын танхимаар хэлэлцүүлэхээр боллоо. Сенатын танхимын санал хураалт 2020 оны нэгдүгээр сард болох аж. Түүнийг нэгдүгээрт эрх мэдлээ урвуулан ашигласан, хоёрдугаарт Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутган санал хураасан юм. Ингээд эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр санал хураахад Ардчилсан намын 229, бие даагч нэг гишүүн Трампын эсрэг санал өгч импичментийг дэмжсэн бол Бүгд Найрамдах намын 195, Ардчилсан намын хоёр гишүүн Трамп эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаагүй гэж үзжээ. Харин хоёр дахь үндэслэл буюу Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэл дээр 229 гишүүн Трампын эсрэг санал өгсөн бол 198 гишүүн импичмент явуулах шаардлагагүй гэж үзжээ. Төлөөлөгчдийн танхимын хэлэлцүүлэг маргааш /2019.12.20/ хүртэл завсарлага авлаа.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь Нэгдсэн улсын түүхэнд импичмент буюу гэм буруугаа хууль тогтоогчдоор хэлэлцүүлсэн гурав дахь Ерөнхийлөгч боллоо. Трампыг огцруулахтай холбоотой үйл явц удаан үргэлжилж, ард түмний санал хуваагджээ. АНУ-ын улс төрийн судалгааны сайтын мэдээллээр ард түмний 47 хувь нь Трампын “гэмийг хэлэлцэх ёстой гэсэн бол 46.4 хувь нь түүнийг өмгөөлсөн байр суурь илэрхийлжээ.

Ардчилсан намын хууль тогтоогчид Лхагва гаригт /2019.12.18/ Ерөнхийлөгч Дональд Трампыг хоёр үндэслэлээр буруутган санал хураалт явуулахыг дэмжжээ. Дональд Трамп ирэх 2020 оны нэгдүгээр сард парламентын дээд танхим буюу Сенатад итгэл үзүүлэх эсэх санал хураалтад орох аж. Төлөөлөгчдийн танхимын дарга, Ардчилсан намын гишүүн Нэнси Пелоси хэлэхдээ импичмент бол “Үндсэн хуулиар бидэнд олгосон хүндтэй эрх мэдлүүдийн нэг юм. Үүний зэрэгцээ энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн эгзэгтэй мөч” хэмээжээ. Төлөөлөгчдийн танхимын гишүүд орон нутгийн цагаар Лхагва гаригийн 09.00 цагт цуглаж, 18.30-19.30 цагийн хооронд ерөнхийлөгчийг буруутгаж буй хоёр үндэслэлд санал хураалт явуулжээ. Төлөөлөгчдийн танхимд түүний гэмийг хэлэлцэж байх хооронд Дональд Трамп “Зул сарын баяр”-ын жагсаалд оролцохоор дэд ерөнхийлөгч Майк Пэнсийн хамт Мичиган руу нисчээ.

Харин Дональд Трамп энэхүү үйл явцыг Ардчилсан намынхны төрийн эргэлт хийх оролдлого, “шулмын ан” гэх мэтээр буруушаан эсэргүүцэж байна. Санал хураалт явуулахын өмнөх орой Дональд Трамп зургаан хуудас бүхий “тайлбар” захидлыг ирүүлж, импичмент хийх үйл явц анхнаасаа луйвар байсан гэж мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Цагаан ордны ойрын зөвлөхүүдээ хууль тогтоогчдоос өмнө мэдүүлэг өгөхийг хориглож, хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцохоос татгалзсан байна.

ДОНАЛЬД ТРАМПЫГ ЯМАР ХОЁР ҮНДЭСЛЭЛЭЭР БУРУУТГАВ

Төлөөлөгчдийн танхимын гишүүд өнгөрсөн долоо хоногт олон цаг хэлэлцэж, маргасны эцэст Дональд Трампыг хоёр үндэслэлээр буруутган санал хураалт явуулахаар тохиролцжээ.

1-“Эрх мэдлээ хэтрүүлсэн”. Дональд Трамп нь Украины талд шахалт, дарамт үзүүлэх замаар ирэх 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын өрсөлдөгчдийн нэг Жое Байденыг харлуулахыг оролдсон. Дональд Трамп болон түүний холбоотнууд нотлох баримтгүйгээр АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жое Байденыг Украины талд нөлөөлж, Киевийн нэртэй прокурорыг ажлаас нь халуулсан гэж буруутгажээ. Жое Байдены хүү Хантер Байдены төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг Украины байгалийн хийн компанийг мөрдөн шалгахыг зогсоохын тулд прокурорыг ажлаас нь халсан гэж үзсэн байна. Цагаан ордон Трампын Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй долдугаар сарын 25-нд утсаар ярьсан протоколыг нийтэд ил болгосон юм. Энэхүү ярианд Дональд Трамп нь АНУ-аас Украинд үзүүлэх 400 сая ам.долларын цэргийн тусламжийг “хахууль” болгон ашиглахыг завдсан аж.

2-“Конгрессын үйл ажиллагаанд саад учруулсан”. Дональд Трампыг өөрийг нь “огцруулах” эсэхийг хэлэлцэх Төлөөлөгчдийн танхимын шалгалтад хамтран ажиллахаас татгалзсан гэж буруутгажээ.

ИМПИЧМЕНТ ГЭЖ ЮУ ВЭ?

АНУ-ын Үндсэн хуульд заахдаа ерөнхийлөгч нь эх орноосоо урвах, авлига авах болон бусад хүнд гэмт хэргийг үйлдсэн нөхцөлд импичмент явуулж, огцруулна гэж заажээ. Гэхдээ энэ нь хуулийн биш улс төрийн үйл ажиллагаа юм.

Эхний алхам нь Ардчилсан намын олонх Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэг, санал хураалт явуулж, гуравны хоёр буюу 51 хувь нь импичментийг дэмжсэнээр Сенатад шилжинэ. Хэрэв дэмжихгүй бол Дональд Трамп суудалдаа үлдэнэ. Сенатын танхимд эхний удаад ерөнхийлөгчийн асуудлаар импичмент явуулах эсэхийг хэлэлцэнэ. Ингэхдээ Сенатын гуравны хоёр буюу 67 хувь нь явуулахыг дэмжвэл Сенатад Трампыг огцруулах эсэхээр дахин санал хураана. Энэ удаад Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёр нь дахин Трампын эсрэг санал өгвөл тэрбээр суудлаасаа огцорч, дэд ерөнхийлөгч түүнийг орлох аж. Улмаар ерөнхийлөгчийн гэм бурууг хэлэлцэх асуудал шүүхийн шатанд шилжих боломжтой.

Өмнө нь Сенатын танхим 1868 онд АНУ-ын ерөнхийлөгч Эндрю Жонсон, 1998 онд Билл Клинтон нарт импичмент явуулсан ч албан тушаалаас нь огцруулахыг дэмжээгүй юм. Харин 1974 онд ерөнхийлөгч Ричард Никсон импичмент явуулахаас өмнө өөрийн хүсэлтээ албан тушаалаасаа огцорчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж