УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Шинээр өргөн баригдсан хуулийн төсөлд том мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар тогтсон. Жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг бол олон мандаттай системийн үед сонгогч зөвхөн аль нэг нам, нэр дэвшигчийн төдийгүй өөр нам, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх боломжтой. Тэгвэл улс төр судлаач, хуульчид МАН-ын шийдвэрлэсэн сонгуулийн дүрмийн сайн, мууг хэрхэн үзэж байгаа талаар тодрууллаа.
ХУУЛЬЧ Б.ГҮНБИЛЭГ:
Өмнө нь байсан тогтолцоо. Нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөж, бие биеийгээ харлуулдаг сул талтай. Гэхдээ одоо нэр дэвшигчдийн соёл өөр болсон байх. Хар PR хийхгүйгээр бодлогоороо өрсөлдөхөд болохгүй гэх хувилбар биш. Жижиг мажоритар тогтолцооноос илүү.
Гол нь сонгуулийг зохион байгуулах аргазүй дээр одоогийн УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал бий болгох байдлаар явбал олны дургүйцлийг хүргэнэ. Тогтолцооны хувьд буруудахгүй. Бусад чимхлүүр асуудлуудад анхаарах шаардлагатай.
МУИС-ИЙН УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН БАГШ Д.БУМДАРЬ:
Нэг тойрогт олон нэр дэвшигч өрсөлдөнө. Орон нутагт 2-3 мандат үлдсэнийг нь нийслэлд гэх мэтээр хүн амын тоотой нь уялдуулж, мандатын тоог гаргах байх. Том мажоритар тогтолцооны давуу тал нь хэн, хаана нэр дэвшиж байгаа нь тодорхой, өмнөх тойргууд нь мөн тодорхой хэвээр үлдэнэ. Сул тал мөн олон бий. Томсгосон учраас намын гишүүд багаараа сонгуульд оролцоно.
Нэг тойрогт олон хүн нэр дэвших учраас намын дэмжлэг болон тухайн нэр дэвшигчийн нэр хүнд, сонгуулийн баг сайн ажиллах шаардлагатай. Орон нутагт одоо тогтсон соёл бол тухайн нэр дэвшигч тойргоо байнга “усалдаг” энэ байдлаасаа шалтгаалж томсгосон тойргийг авч үлдэж байна гэж ойлгож болно. Намд гарах сөрөг талын тухайд нэг намын гишүүд хоорондоо өрсөлддөг. Нөгөө талаар олон нийтэд танигдсан улстөрч гарах боломжтой. Жижиг намуудад том мажоритар тогтолцоо нь сөрөг талтай. Нэг үгээр хэлбэл, том мажоритар тогтолцоогоор улс төрд олон сонгогдсон, мөнгөтэй, нэр цэвэр акулууд илүүтэй сонгогдох болов уу.
УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Ц.МӨНХЦЭЦЭГ:
Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш нийт долоон удаагийн УИХ-ын сонгууль явуулсны дөрвийг нь нэг мандаттай 76 тойргоор явуулсан байдаг. Энэ систем нь сонгогч ба сонгогдсон УИХ-ын гишүүн хоёрыг байнгын холбоо харилцаатай байлгаж, сонгогчдынхоо эрэлт хэрэгцээг УИХ дээр мэдээлж, төрийн бодлогод тусгах бололцоо олгодог давуу талтай. Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдийн туршлагаас харахад жижиг тойргийн явцуу сонирхлыг түлхүүд тавих, төсвийн нэгдсэн бодлогыг алдагдуулах явдал ямагт гарч ирсэн. Тийм учраас тойргийг томсгох, болж өгвөл Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу баруун, зүүн, төв, хангайн, Улаанбаатарын гэж бүсчилсэн тойргуудад хувааж, сонгууль явуулах нь зүйтэй юм. Ингэж байж улс орны хөгжлийг макро түвшинд зангидаж явах боломж нээгдэнэ. Гэвч УИХ-ын сонгууль болоход ердөө хагас жил гаруйн хугацаа үлдсэн өнөөдрийн нөхцөл байдалд бүсчилсэн тойргийн системийг хуулинд тусган нэвтрүүлэхэд зохион байгуулалтын болон бусад бэлтгэл ажил хийж амжихгүй учраас гишүүд маань энэ удаа томсгосон тойргийн тогтолцоог сонгож авсан болов уу гэж харж байна.
Томсгосон тойргийн систем нь 2008 онд хэрэглэж байсан бөгөөд сонгогчид хэд хэдэн хүнд саналаа өгөх боломжтой хувилбар юм. Бусад сонгуулийн системүүдийн адил давуу ба сул талтай. Хамгийн гол давуу тал бол өмнө дурьдсанаар тойргийн явцуу ашиг сонирхлыг даван туулах хөгжлийн нэгдсэн бодлогыг түлхүү тавих боломжийг олгодог явдал. Хоёр дахь давуу тал нь сонгогчдод сонголт хийх боломж олгодог систем юм. Өөрөөр хэлбэл жижиг 76 тойргийн үед сонгогч ганцхан л сонголт хийдэг бол олон мандаттай системийн үед сонгогч зөвхөн аль нэг нам, нэр дэвшигчийн төдийгүй өөр нам, нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх боломжийг нээдэг.
Мөн дараагийн нэг давуу тал нь тухайн тойрогт нэг намаас нэр дэвшигчид сонгуулийн зардлаа хамтдаа бүрдүүлдэг тул нэг нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулж эцсийн дүндээ сонгуулийн зардлыг бууруулахад эерэг нөлөөтэй. Гэхдээ энэ нь сонгуулийн санхүүжилтэд тавих хяналт, ил тод байдлыг сонгуулийн хуулинд хэр суулгаж өгснөөс хамаарах юм. Томсгосон системийг хэрэглэж буй бусад улсын туршлагаас харахад олон мандаттай томсгосон системийн үед сонгогчдын оролцоо хамгийн өндөр түвшинд байдаг байна. Учир нь энэ системийн үед сонгуулийн бүх үйл явц энгийн иргэдэд ойлгомжтой байдаг учраас сонгогчдын сонголтыг их хялбар болгодог ажээ.
Судлаачдын онцолдог дараагийн нэг давуу тал бол томсгосон систем болон пропорциональ системийн үед эмэгтэй нэр дэвшигчдийн сонгогдох боломж нэмэгддэг явдал. НҮБ, Олон улсын ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх байгууллага (IDEA) зэрэг олон улсын байгууллагууд эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхийн тулд том тойрог юмуу пропорциональ тогтолцоог санал болгодог. Жишээ нь Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хийсэн судалгаанаас үзэхэд олон мандаттай тойрог бүхий сонгуулийн системтэй улсад эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох боломж өндөр байсан. Мөн намууд олон мандаттай тойрогт нэр дэвшигчдээ уралдуулахдаа нийгмийн төлөөллийг тэгш оролцуулахгүй бол алагчлал болж харагдаж, сонгуулийн үр дүнд нь сөргөөр нөлөөлдөг юм. Харин нэг мандаттай жижиг мажоритар системийн хувьд нам тухайн тойрогт л ялалт байгуулж мандатаа авах хүнийг нэр дэвшүүлэхээс биш нийгмийн төлөөллийг хангахыг эрмэлздэггүй.
Олон мандаттай томсгосон систем нь нэг нам парламентын суудлын үнэмлэхүй олонхийг авч тогтвортой Засгийн газар бүрдүүлэх боломж өгдөг. Энэ мэт давуу талтай ч мөн сул талууд бий.
Тойргийн хэмжээ томорч байгаа тул тэр хэмжээгээр нэр дэвшигчдээс мэргэжлийн өндөр түвшинд, олон сонгогчдыг хамарсан сонгуулийн кампанит ажил явуулахыг шаардана. Мөн хугацаа урт байхаас өөр аргагүй болно. Тухайн тойрог дээр намын нэгдсэн сурталчилгаа хийх боломжгүй юмуу нам нь дотроо эв нэгдэлгүй байгаа үед нэр дэвшигчээс гарах хүч чармайлт, санхүү ихээхэн шаардана. Улс төрийн намуудаас дотоод зохион байгуулалт, эв нэгдэл, хамтын ажиллагааг шаардаж, ингэж чадаагүй намд ихээхэн бэрхшээл учруулдаг.
Эцэст нь хэлэхэд сонгуулийн ямар ч систем байлаа бүгд, давуу ба сул талтай, гагцхүү сонгуулийг зохион явуулахдаа бүх нийтийн, шууд, нууц санал хураалт дээр үндэслэх зарчмаа баримталж, сонгуулийн зардал, санхүүжилтыг хяналттай байлгахад анхаарах нь зүйтэй юм.
Холбоотой мэдээ