Өдөрт 100 гаруй хүүхэд дүүргийн эмнэлэгт хандаж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

Өдөрт 100 гаруй хүүхэд дүүргийн эмнэлэгт хандаж байна

Өдөрт 100 гаруй хүүхэд дүүргийн эмнэлэгт хандаж байна

“Манай ач нар хоёр сар хүрч, хэд хоногийн өмнө өрхийн эмнэлэг дээр ирж вакцин хийлгэсэн юм. Гэтэл ханиад “аваад” буцсан юм шиг байна. Хоёр хоногийн өмнөөс ханиалгаж эхэлсэн. Ханиалгахаас гадна цээж нь нэлээн сүрхий хүржигнэн сонсогдож байна. Яаралтай эмчид үзүүлэх гээд ач нараа аваад ирлээ. Энүүгээр баахан ханиадтай хүүхдүүд байна. Ханиад нь улам хүндэрчихгүй байгаа гэсэн айдастай  явна” гэж хоёр ихэр хүүхдээ тэвэрсэн ээж, эмээ хоёр ярив. Энэ бол Баянзүрх дүүргийн V хороонд байрлах “Хасагт-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн коридорт өрнөсөн яриа.

Эмнэлгүүдийн ачаалал хэтэрч,  хүүхдүүдийг коридорт хэвтүүлж, ханиадыг нь эмчлэх бус зарим талаараа хүндрүүлдэг тохиолдол цөөнгүй. Гэхдээ одоогоор томуугийн дэгдэлт өнгөрсөн жилийнхээс харьцангуй бага байгаа гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдээд байгаа билээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн (ХӨСҮТ) Томуугийн үндэсний төвөөс  Улаанбаатарт томуу, томуу төст өвчний дэгдэлт 6.7 хувьтай гэсэн судалгаа гаргасан ч эмнэлгүүд стандартаас хэтэрсэн ачаалалтай ажиллаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас боломжоороо зохицуулалт хийж, арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн өрх болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг уртасгасан цагаар болон амралтын өдрөөр ажиллуулж, эмнэлгүүдийн орны тоог 1000-аар нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ.

700-800 ХҮНД ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн V хороонд байрлах “Хасагт-Эрдэнэ” өрхийн эмнэлгийг эмнэлгийн нийгмийн ажилтан Н.Баярмаагаас энэ жил ачаалал ямар байгааг тодрууллаа. Тэрбээр “Манай өрхийн эмнэлэг хоёр өрхийн эмнэлгийн дайтай ачаалалтай ажилладаг. Учир нь, хүн ам ихтэй, 28 мянга 600 орчим хүн амтай. Томуугийн өвчлөл өнгөрсөн жилийнхээс харьцангуй бага байна. Магадгүй өнгөрсөн өвлөөс энэ өвөл харьцангуй дулаан байгаатай холбоотой. Мөн эцэг, эхчүүд  хүүхдэдээ анхаарал хандуулдаг, зөв дадал хэвшилтэй болж буйтай холбоотой байх. Манай эмнэлэг 10 эмчтэй. Нэг эмч өдөрт дунджаар 70-80 хүн, нийт өдөрт 700-800 хүнд үзлэг хийж байна. Үүний 80 орчим хувь нь хүүхдүүд байна. Бид аль болох чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор утсаар зөвлөгөө өгч, эргэх холбоотой ажиллаж байгаа. Бас цахимаар цаг авч байгаа. Томуугийн шалтгаанаар ирж үзүүлсэн хүүхдүүдийн 70 хувьд нь гэрээр эмчлэх эмчилгээ бичиж өгч байгаа бол үлдсэн хувь нь дүүргийн эмнэлэг рүү шилждэг” гэсэн юм.

ДАРХЛААГ НЬ ДЭМЖЭЭД БАЙХАД ХАНИАД ХҮРДЭГГҮЙ

Эмчийн өрөөнөөс охиноо дагуулан гарч ирсэн Б.Сарангоогоос хүүхдээ ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлж буйг лавлахад “Манай охин таван настай. Охин маань цэцэрлэгт явдаг болохоор байнга ханиад хүрэх гээд байдаг. Тэр дор нь халуун аарц, чацаргана, цагаан гаатай сүү уулгаж арга хэмжээ авдаг. Ингээд дархлааг нь аль болох дэмжсэн зүйл хэрэглээд байхаар ханиад нь эмчид үзүүлтэл хүндрэлгүй эдгэрчихээд байгаа. Ханиад хүрсэн үед нь антибиотик төрлийн эм хэрэглэлгүй, дархлааг нь дэмжих арга хэмжээ авдаг. Энэ удаа эмчээс шинжилгээний бичиг авахаар ирсэн юм” гэлээ.

 

ХАЛУУНЫ ЭМ ӨГСӨН Ч ХАНИАЛГА НЬ НАМДСАНГҮЙ

Баянзүрх дүүргийн  эрүүл мэндийн төвд охиноо эмчид үзүүлэхээр хүлээн суугаа Н.Мягмарсүрэн  “Манай охин гурван настай. Цэцэрлэгт явдаг ч ханиад хүрэх нь гайгүй байдаг. Хамаатны охин манайд ирэхдээ нэлээд ханиадтай байсан тэгээд халдвар авчих шиг боллоо. Охин маань Баасан гаригаас ханиалгаж эхэлсэн. Эмч нар эхний ээлжид гэрийн нөхцөлд эмчлэхийг зөвлөдөг болохоор халуурахаар нь халуун бууруулах эм өгсөн. Одоо халуурахгүй ч ханиалгах нь зогсохгүй байгаа болохоор эмчид үзүүлэх гээд сууж байна. Өмнө нь ханиад хүрэхээс нь сэргийлж аарц, чацаргана өгч, дулаан хувцасладаг байсан” гэсэн юм.

ТОМУУГИЙН В ХҮРЭЭНИЙ ВИРУСИЙН ДЭГДЭЛТ ИХ БАЙНА

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Б.Алимаагаас томуугийн үед хүүхдэд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө авсан юм.  

-Ачаалал өнгөрсөн жилийнхээс буурсан уу?

-Цаг агаар дулаан байсантай холбоотойгоор томуугийн дэгдэлт өнгөрсөн жилийнхээс бага байна. Гэхдээ манай эмч нар хоёр ээлжээр ажиллаж байгаа. Хүн ам олонтой дүүрэг болохоор өвчтөнөөр тасардаггүй. Бид 08.30-17.00 цаг хүртэл 50-60 хүүхэд үзэж байна, 17.0-22.00 цагт 40-50 хүүхэд буюу ажлын өдөр өдөрт 90-110 хүүхдэд үзлэг хийж байна. Харин амралтын өдөр 10.00-16.00 цагт 70-110 хүүхэд үзэж байна.

-Эцэг, эхчүүд томуугийн үед юун дээр анхаарах вэ?

-Ханиад хүрсэн эхний үед гэрээр эмчлэх нь зөв. Энэ нь хүчтэй эм тан хэрэглэ гэсэн үг биш. Халуун аарц, чацаргана уулгаж дархлааг нь дэмжих шаардлагатай. Эцэг эхчүүд дур мэдэн эмчлээд хүчтэй антибиотик хэрэглэж байгаа нь ханиадыг улам даамжруулж байна.

Мөн хүүхдийг гадуур авч явахдаа тогтмол амны хаалт хэрэглүүлэх хэрэгтэй байна. Байнга дархлаа дэмжих, чанартай хоол хүнс хэрэглэх шаардлагатай байна.

-Вакцин хийлгэсэн ч ханиад хүрчихлээ, илүү хүндээр өвчилж байна гэх хүмүүстэй таарлаа. Энэ жилийн вакцинд байгаа дөрвөн төрлийн вирусээс өөр вирусийн гаралтай томуу нь илүү хүндээр өвчлүүлдэг байж болох уу?

-Амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчин нь 200 гаруй вирусээр дамжин халдварладаг. ДЭМБ-ын судалгаагаар энэ жил Азийн бүс нутагт хамгийн хоруу чанар өндөртэй вирусээр томуугийн А хүрээний H1N1, H3N2,  В хүрээний викториа, ямагата гэсэн дөрвөн төрлийн вирус нэрлэгдсэн. Манайд ч энэ төрлийн вирусийн дэгдэлт их байдаг. Ер нь томуугаас хамгаалах хамгийн эхний бөгөөд үр дүнтэй арга нь дархлаажуулалт буюу вакцинд хамрагдах. Томуугийн вирусийн хувьсан өөрчлөгдөх чанараас хамаарч ДЭМБ жил бүр тухайн жилд хэрэглэх вакцины төрлийг баталдаг. Энэ жилийн тухайд дээрх дөрвөн төрлийн томуугийн вирусээс хамгаалах вакциныг зөвлөсөн.

Томуугийн эсрэг вакцин хийлгэсэн л бол ханиад хүрэх ёсгүй гэж ойлгож болохгүй. Дээрх дөрвөн вирусээс өөр гаралтай томуугаар өвчилж болно. Монголд 200 гаруй вирусийн 6-7 нь байдаг. Гэхдээ өөр төрлийн вирусээс үүдэлтэй томуугаар өвчиллөө гээд вакцин хийлгэсэн хүн хүндээр өвчлөхгүй.

Өнгөрсөн жил А хүрээний вирусийн халдвар тархсан бол 2019 оны эхний улиралд мөн А хүрээний вирус тархсан. Харин одоо В хүрээний вирусийн тархалт их байна.

КОРИДОРТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА ХҮН БАЙХГҮЙ

Эмнэлгийн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг руу биднийг оруулсангүй. Эмнэлгийн ажилтан  “асар их ачаалалтай байгаа тул манай эмч нар ярилцлага өгөх боломжгүй, ачаалалтай хүнд байхад зарим хэвлэл манай эмнэлгийн талаар сөрөг мэдээлэл цацсан. Тэдгээр хэвлэлийг шүүхэд өгнө” гэв.

Тус тасгийн үүдэнд хоол, цайгаа авахаар гарч ирсэн Г.Баярцэцэгээс тасаг хэр ачаалалтай байгааг асуусан юм. Тэрбээр “Коридорт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй байна лээ. Манай өрөөнд найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ тасаг 20 орчим өрөөтэй. Бусад өрөөнд оргүй, шалан дээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд байгаа гэж ярьж байсан” гэсэн юм.

Уг тасагт үндсэн нормоос хоёр дахин их буюу 250-300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж