"Манай улстөрчдөд өгсөн авлигын жагсаалтаа хятадууд удахгүй дэлгэнэ"

Хуучирсан мэдээ: 2019.12.19-нд нийтлэгдсэн

"Манай улстөрчдөд өгсөн авлигын жагсаалтаа хятадууд удахгүй дэлгэнэ"

БҮГД НАЙРАМДАХ НАМЫН ДАРГА Б.ЖАРГАЛСАЙХАНТАЙ ЯРИЛЦЛАА.


-Сонгуулийн тухай хууль өнөөдрийн улс төрийн анхаарлын цэг болж байна. Эрх баригч намынхан 2020 оны УИХ-ын сонгуулийг том мажоритар тогтолцоогоор явуулахаар тохиролцоонд хүрчихлээ. Та МАН-ын гаргасан хувилбарыг дэмжиж байгаа юу?

-Сонгуулийг яах гэж хийгээд байгаа нь асуудлын гол. Нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралыг эрс өөрчлөхийн төлөө сонгуулийг хийхгүй юм бол сонгууль явуулах шаардлага байхгүй. Одоо энэ нөхдүүд сонгуульд дахин ялна гэдэг ийм зарчмаар асуудалд хандаж байна. Яаж өөрсдөдөө ашигтай, хялбархан байдлаар сонгуульд ялах вэ гэдгийг хамгийн эхэнд тавьж байгаа гэсэн үг. Дээр нь сонгуулийн талаар олон нийтэд юу ч танилцуулдаггүй. Улс нийгэмд маань юу нь болж, юу нь болохгүй байна вэ гэдгийг хэлж, ярихгүйгээр сонгуулийг богино хугацаанд явуулдаг. Тэгээд иргэдийнхээ гар утасных нь дугаарыг аваад дансаар нь мөнгө шилжүүлж, сонгууль явуулдаг ийм л ажил хийж байгаа.

Том мажоритар тогтолцооны сөрөг тал нь хоёр том намын дунд өрсөлдөөн явагдана, гуравдагчид болон эмэгтэйчүүдэд халтай. Эсрэгээрээ хуучин хүмүүс дахин сонгогдох магадлал өндөр гэсэн реакцийг жижиг намууд гаргаж байгаа?

-Одоо эрх баригч нам сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулж хийх гэж оролдож байгааг бүгд харж байна. Ер нь бол 2020 оны УИХ-ын сонгуулиар өнгөрсөн 10 жилийн улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралаа өөрчлөхгүй юм бол Монгол Улс гүн гүнзгий санхүүгийн хямралд унана. Ирак, Африкийн араас орно гэсэн үг. Улс төр өнөөдөр хүнд нөхцөлд байгаа. Сонгуулийн хууль  яаж ч гарсан жижиг намаас гадна бие даагчид гарч ирэхэд хэцүү. Эрх баригч намын хувьд төсвийн мөнгөөр сонгуульдаа бэлтгэдэг. Асар их мөнгөөр "зодож" сонгууль хийдэг. Өөрөөр хэлбэл, та бидний татварын мөнгийг сонгуульд зарцуулна гэсэн үг. Тийм учраас сонгуулийн ямар ч хууль гарсан парламентын гадна намууд болон бие даагчдад хүндээр тусна.

-Том намуудад бас сөргөөр нөлөөлөх юм биш үү. Нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөнө, намууд задрах эрсдэлтэй?

-Ер нь бол манайхны ганц хийж чаддаг ажил нь бие биенээ доош хийж гүжирдэж, гүтгэн доромжлохыг л сайн хийж чадацгаадаг. Уг нь бол сонгуулиар улс орны хөгжлийг яаж бий болгох уу гэж өрсөлдөх ёстой. Гэтэл эсрэгээрээ нэгийгээ муутгахын төлөө сонгуульд оролцдог.

-Мэдээж, МАН-ыг бас буруутгах аргагүй. Сонгуулийн тоглоомын дүрмээ зохиох эрх нь тэдэнд бий?

-Эрх баригчдыг өөрсдөдөө зориулж Сонгуулийн хуулиа гаргана гэж би таамаглаж л байсан. УИХ-д 65 суудал авсан нам дахин гарахыг л бодно биз дээ. Бүр нэрсээ зоож оруулж ирээгүй нь их юм.

-Сонгуулийн хуульд танай нам саналаа өгсөн үү?

-Хэд хэдэн санал өгсөн. Эвслийг задлахгүй байх санал хүргүүлсэн. Сөрөг хүчнүүдийг эвсэж орох вий гэдгээс айж эвсэлд нэгдсэн намуудын олонхийн шийдвэрээр эвсэл задарсан талаар шийдвэр гаргана гэж оруулсан. Хоёрдугаарт, сонгуулийн хууль зөрчигчдөд өгөх хариуцлагыг нь нэмэгдүүлэх буюу Монгол Улсын төрийн эрхийг хууль бус аргаар авахыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд эх орноосоо урвасан гэж үзэх хэмжээний ял өгдөг болгоё гэдэг саналаа өгсөн. Сонгогчдын сонголтыг будилуулах нь эх орноосоо урвасантай агаар нэг биз дээ. Гуравт, сонгуулийн саналыг хар машинаар тоолохгүйгээр гараар тоолох хэрэгтэй. Мөн сонгуулийн тойргийг газар нутгийн хэмжээгээр хуваахгүйгээр 25-35 мянган хүн тутамд тооцож, нэг тойрог гэж үзэх нь зөв гэсэн нийтдээ найман санал хүргүүлсэн.

-Дэмжигдсэн үү?

-Ажлын хэсэг дээр эвсэлтэй холбоотой санал дэмжигдсэн.

-2008 оны сонгуулийн дараа эмгэнэлтэй, хар үйл явдал болсон. МАН-ын төв байрыг шатааж, таван хүнийг амь эрсэдсэн тэр үйл явдлын буруутан нь сонгуулийн тогтолцоо байсан гэж МАН-ынхан өөрсдийгөө зөвтгөдөг. Гэтэл тэр тогтолцоогоо МАН дахин оруулж ирсэн нь олон сөрөг үр дагаврыг дагуулж болзошгүйг АН-ынхан сануулж байгаа. Та ч тэр үйл явдлын нүдээр харсан хүн шүү дээ?

-65 суудал авчихсан намын эрх ашгийг бусад нь яаж өөрчлөхөв дээ. Сонгуулийн ямар ч хуультай байсан иргэд зөв сонголтоо хийх ёстой. Ялангуяа залуучууд идэвхтэй оролц гэж уриалмаар байна. Өнөөдөр Хонгконгийн залуус яаж тэмцэж байна, бүхэл бүтэн Хятад улсын эсрэг зогсож чадлаа. Залуус нь тийм л эх оронч, улс төрийн хариуцлагатай байж чадаж байна. Гэтэл манай залуус юу ч сонирхдоггүй, ууж идэх, найрлаж наадах, мөнгө бодохоос цаашгүй. Энэ бүхний цаана эх орон, тусгаар тогтнол, миний эрх чөлөө байдаг юм байна гэж бодож, ойлгож байгаа залуучууд алга.

-Наадам болохоор өөрийгөө сойдог морь шиг сонгууль болохоор л өөрийгөө сойдог улстөрчид Монголд олон. Та олон ч сонгуульд нэр дэвшиж, ялж ялагдаж ирсэн. Ирэх 2020 оны сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргасан уу?

-Миний амьдрал байхгүй болчихоод би сонгуульд нэр дэвших гээд байгаа юм биш. Нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлуудыг өөрчлөхийн төлөө энэ улс төрийн ажлыг хийж байгаа. Ард түмэн амьдралаа өөрчилье гэж бодохгүй байгаа бол дахиад хуучин шигээ сонголт хийцгээнэ биз. Тэгээд сонголтынхоо хохирлыг гурван үеэрээ үүрч, зовлонг амсах нь ард түмэн өөрсдөө. Ард түмэн нэг үеэ бодоход бүгд сошиал ашигладаг болсон. Өдөр тутамдаа нийгэм, улс төрийн амьдралыг харж байгаа. Хэрвээ энэ  амьдрал нь танд таалагдаад байгаа бол саналаа дахиад энэ хэдэд өг. Харин аж амьдрал, нийгмээ өөрчилье гэж бодож байгаа бол сонгуульдаа идэвхтэй хариуцлагатай ханд. АН, МАН-аас бусад нь саналаа өг. Тэгвэл зөв шинэчлэлт бий болно. Үхэж байсан ч АН-д саналаа өгч болохгүй.

"Н.ЭНХБАЯР МУУ ХҮН БАЙЖ БОЛНО, ГЭХДЭЭ НЭГ ХҮНИЙГ НЭГ ХЭРГЭЭР ХОЁР УДАА ШИЙТГЭЖ БОЛОХГҮЙ"

-Сонгуулийн санал тоолох автомат “Хар машин”-ыг та яагаад эсэргүүцэж байна вэ. Харин энэ машинаар санал тоолдог болсноор сонгуулийн дүн ил тод болсон, эрх баригчид луйвар хийж чадахгүй болсон шүү дээ. Хар машиныг эсэргүүцээд байсан МАН хүртэл хайртай болчихсон?

-Дэлхий даяар сонгуулийн санал тоолох хар машинаас татгалзчихсан. Өнөөдөр Япон, Хятад, Европын орнууд, АНУ хүртэл хар машинаас татгалзсан. Хар машинаар яаж бол яаж луйвар хийж болно. Кино хүртэл хийсэн байдаг. Нөгөө л Ч.Сайханбилэг, С.Баярцогт нь хар машиныг авчраа биз дээ. Орчин үеийн технологийн хөгжлийг тодорхойлж байгаа дэлхийн орнууд сонгуулийн санал хураалтыг гараар тоолдог.

Хар машины программыг Канадын компани эзэмшиж байгаа. Сая Оюутолгойн төслийг МАН-ынхан хэсэг шүүмжилчихсэн, тэгэхээр МАН-ынханыг хар машин нь дэмжихгүй эсрэг гаргах байх аа.

-Авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг УИХ-д нэр дэвшихийг хориглохоор болж байна. Үүнийг та дэмжиж байна уу?

Нэг ёсондоо Н.Энхбаярт зориулж хууль гаргах нь. Тэгж болохгүй. Н.Энхбаяр муу хүн байж болно, гэхдээ нэг хүнийг нэг хэргээр хоёр удаа шийтгэж болохгүй. Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг болно.

-Сонгуульд санал өгсөн иргэдэд ямар нэгэн тэмдэглэгээ хийхгүй байх нь хэр зохистой вэ?

-Тэмдэглэгээ заавал байх ёстой. Сонгуульд саналаа өгсөн хүний иргэний үнэмлэхийг нь жолооны үнэмлэх шиг цоолж болно шүү дээ. Хурууны хээгээр саналаа өгөх ч, сонгууль өгсөн, өгөөгүй эсэхийг хурууны хээгээр танихгүй. Тэгэхээр тэр хүн хэдэн ч хэсгийн хороодод очиж, саналаа дахин өгөх боломжтой. Өнгөрсөн сонгуулиар энэ байдал давтагдсан ш дээ. Нэг хүн 20 нь ч удаа саналаа өгөх бүрэн боломжтой.

Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэх саналыг нэр бүхий гишүүдээс гаргасан. Мөн эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэхийг шаардаж, улс төрийн намын эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд болон ТББ-ын эмэгтэйчүүдийн төлөөлөл чуулганы танхимын үүдэнд акц хийсэн. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгаа гэж та үзэж байна вэ?

-Эмэгтэйчүүд гэж яриад хэрэггүй. Одоо эрчүүд нь цөөрөөд, бараг Улаан номд орлоо. Юун эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээ дэмжихгүй бол хэнд ч хэрэггүй болж, бүх салбараас эрэгтэйчүүд шахагдах нь. Хамгийн их нас барж байгаа нь мөн л эрэгтэйчүүд.

БНН сонгуулийн өмнөхөн идэвхжээд бусад үед нь та чимээгүй болчихдог. Танай намыг энэ дөрвөн жил хангалтгүй ажиллалаа гэж ажиглагчид дүгнэж байгаа. Ер нь танаас өөр улстөрч байна уу, БНН-д?

-Үгүй дээ. Бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинд байнга л улс төрийн ажлаа хийж байгаа. Сонгуулиар 5-10 мянган төгрөгөөр саналаа бүү худалдаарай гэж байнга л хэлж, сануулж байгаа. АН-ын үед ам.долларын ханш 1550 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгээд АН төрийг өгөхдөө ам.долларыг 1650 төгрөг болгож өгсөн. Өөрөөр хэлбэл иргэдийн орлого, амьдрал гурав дахин муудсан. Одоо АН юу бодож байна вэ гэхээр МАН солигдож, бид төр барина гэж бодож байгаа. Зүгээр л механикаар. Өөрсдийнхөө хийсэн нүгэл үйлдлийг хүртэл мартчихсан байгаа цаадуул чинь. АН-ын үед гаргасан нөгөө олон бондын мөнгө хааччихав, таг чиг л байгаа биз дээ.

"МАНАЙХ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХЭЛЧИХВЭЛ БУСАД НЬ ТОТЬ ШИГ ДУУРАЙЧИХДАГ ЮМ"

-Намууд мөрийн хөтөлбөрөөр өрсөлддөг. Энэ удаагийн танай намын мөрийн хөтөлбөрийн онцлог юу байх бол. Зарим нам аль эртнээс халамж амлаад эхэлсэн?

-Өнөөдрийн энэ хямрал, сүйрлээс аврах хөтөлбөрөө аль хэдийн бэлэн болгосон. Одоохондоо хэлэх цаг нь биш. Бид хэлчихвэл бусад нь тоть шиг дуурайчихдаг юм. Н.Энхбаяраас эхлээд иргэдийг орон сууцанд оруулна гээд яриад байгаа биз дээ. Тийм л сүрхий байсан юм бол Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа оруулах нь яасан юм.

-МАХН “Өрх бүрт орон сууц хөтөлбөр” хэрэгжүүлэхээ амласан, хэр биелэх боломжтой бодит амлалт вэ?

-МАХН гэлтгүй бусад нам нь ч гэсэн иргэдийг орон сууцтай болгоно гэж молиго үмхүүлдэг биз дээ. Тэгээд амьдрал дээр хэрэгжсэн нь хаана байна. Бүх нам л ард түмнийг байгалийн баялгийнх нь эзэн болгож, ашиг хүртээнэ гэдэг. Өнөөдрийг хүртэл хуваарилсан ашиг нь хаана байна. Ер нь сонгууль бүрээр амласан намуудын амлалтын юу нь биелэгдэв гэдгийг ард түмэн эргэж дүгнэх цаг нь болсон. Ажилтай, орлоготой монгол болгоно гэсэн хааччихав, ашиг орлогоо бүгдээрээ хуваана гэсэн бас хааччихав. Өнгөрсөн 20 жил ингэж л амласан, нэгийг нь ч биелүүлээгүй.

-Та эрх баригч намыг нэлээд шүүмжилж байна. Эрх баригч хүчин ямагт нэр хүнд муутай байдаг бичигдээгүй хууль л даа?

-Бодит байдал нь тэр. Хэрэв би МАН-ын ангийн багш нь байсан бол гурав тавина. Харин АН-д хасах нэг дүн тавина.

-Яагаад АН-д хасах нэг дүн тавина гэж. АН засгийн эрхийг бариагүй?

 -Монгол Улсыг өрөнд оруулж, асар том мафийн сүлжээг АН бий болгосон. Тийм учраас хасах нэг дүн тавьж байна.

-АН гэснээс сөрөг хүчин сонгуулийн санхүүжилтээ ил тод зарласан. Танай намын хувьд сонгуулийн мөнгөө яаж босгох вэ?

-Бид АН шиг санхүүжилтээ босгохгүй ээ. АН төрийн албанд очингуутаа хулгай луйвар хийх гэж байгаа хэрэг. Тэгж болохгүй.

-Тэгээд яаж санхүүжилтээ босгох гэж?

-Манай намд бодсон зүйл бий.

-Танай намын "бодсон зүйл"-ийг сонихож болох уу?

-Хэлэхгүй.

Монголын улс төр дэх намуудын талаар иргэд маш их шүүмжилж байгаа. Намуудыг татан буулгах асуудал ч хуулийн өөрчлөлтөөр хөндөгдөхийг үгүйсгэхгүй?

-Авгай, нөхрийг салгах хууль батлах бараг дутуу байна. Улс төрийн намыг хэн нэгэн хүн байгуулаагүй. Сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нийлж нам гэгчийг байгуулдаг. Тэр намыг татан буулгах үгүй эсэх нь тухайн намын гишүүдийн өөрсдийнх нь асуудал. Тэр бол бүтэхгүй. Олон жижиг нам байлаа гээд улс төрд гай авчраагүй. МАН, АН-ын  хариуцлагагүй, муу байсных нь лай ланчинг гурван сая хүн үүрч байна. Түүнээс БНН-аас болж цалин нь хасагдаа юу, ажилгүй, орлогогүй болчихсон уу, үгүй л байхгүй юу. Харин өнгөрсөн сонгуулиар ард түмэн МАН-д 65 суудал өгч хангалттай эрх мэдлийг өгсөн. Үүнийгээ ашиглаж улс нийгмийн амьдралыг өөд нь татаж чадаагүй бол МАН өөрсдөдөө гомд.

Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр та хоёр найзууд уу. Учир нь, Өмнөд Солонгост таагүй асуудалд нэр холбогдсон Д.Одбаярыг та өмөөрсөн байсан?

-Өнөөдөр Солонгосчууд манайхныг яаж доромжилж байгааг бүгд л мэднэ. Тийм улсуудын буруу, зөвийн аль нь ч бай өмөөрөх шаардлага байгаа юм уу. Эцсийн эцэст Д.Одбаяр Монгол хүнд ямар муу юм хийсэн юм, хэл л дээ. Гэтэл солонгосчууд бидэнд зөндөө муу юм хийгээ биз дээ. Манайхны мөнгө, цаасыг нь луйвардаж, хамаг муу муухай ажлаа манайхнаар хийлгүүлж дээрэлхэж байна, харласан залуусыг цагдаад өгч байна. Ийм байтал солонгосчууд биднийг өрөвддөггүй л биз дээ. Юундаа солонгосчуудыг өмөөрч үхэх гээд байгаа юм. Д.Одбаярыг өмөөрөхдөө гол биш, солонгосчуудыг өмөөрч байгаад нь миний дургүй хүрсэн. Одоо Д.Одбаярыг Цэцийн даргын ажлаас нь буулгаад бүгд чимээгүй болчихлоо. Д.Одбаярын хувьд хамгийн цэвэрхэн улстөрч шүү. Приус машин унаж, гурван өрөө байранд л амьдардаг шүү дээ. Гэтэл бусад сайд, дарга нарын амьдралыг хар л даа. Яаж тэд тансаглаж байгааг нь харчих.

-Д.Одбаярыг хамгийн цэвэр улстөрч гэдгийг та яаж мэдэж байгаа юм, тийм ойр дотны хүмүүс үү?

-Үгүй. УИХ-д хамт сууж байсны хувьд тодорхой хэмжээгээр мэднэ.

-Бизнесмен хүний хувьд танаас асуухад, У.Хүрэлсүхийн Засгийн газар бизнест ээлтэй орчныг бүрдүүлж чадаж байна уу?

-За яахав, У.Хүрэлсүхийг аврах ганцхан зүйл байна. Засаг төрийг хүлээж аваад хоёр жил болж байна. Энэ хугацаанд бүгдийг өргөс авсан мэт болгоно гэвэл хэцүү, би ойлгож байна. Гэхдээ шударга бус үйлдлүүдтэй тэмцэж байгаа нь сайшаалтай. Эрдэнэтийн 49 хувь, нүүрсний орд, алтны уурхайнуудтай хийж байгаа тэмцлээ зогсоож болохгүй. Нэг хэсэг нь хөдөлмөрлөж амьдарч байхад нөгөө хэсэг нь төрийн өмчийг хулгай хийж аваад эзэн гээд дээр нь гараад суучихдаг ийм зарчимгүй үйлдэл байж болохгүй. Энэ нь бизнесийн орчныг бохирдуулж байгаа хэрэг. Дээр нь банк, санхүүгийн тогтолцоо маш хүнд байна. Үндсэндээ аж ахуйн нэгжүүдийн бизнес зогсонги байдалтай байгаа шүү дээ. Нийтээрээ цалингаа тавьж чадахгүй байна. Яагаад гэвэл инфляц өндөр болчихсон. Ам.долларын өсөлтийг бизнес эрхлэгчид яаж гүйцэж орлогоо нэмэгдүүлэх вэ дээ, боломжгүй. Энэ бүхийг У.Хүрэлсүх засч амжихгүй.

2020 онд шинээр байгуулагдах Засгийн газар нь маш ухаалгаар ажиллаж байж эдийн засгийн реформуудыг хийж засна. Тэгж чадахгүй бол доош харанхуй нүх рүүгээ улам ойртоно.

"ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР МАНАЙ УЛСТӨРЧДИЙН ХЭНД АВЛИГА ӨГСӨН БЭ ГЭДЭГ ЖАГСААЛТЫГ УДАХГҮЙ ГАРГАХ ГЭСЭН"

-Оюутолгойд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдээд үе шаттайгаар явж байна. Хөрөнгө оруулагчид УИХ-аас гаргасан шийдвэрт нааштай байгаагаа мэдэгдсэн. Оюутолгой болоод монголчуудын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

-Аливаа бизнест хоёр тал хоёулаа ашигтай ажиллаж байж цаашдаа хамтарч ажиллаж чадна. Нэг нь ашигтай байвал тэр төсөл зогсоно гэсэн үг. Улстөржүүлэх ч шаардлагагүй. Ер нь бол манай дарга нар авлига авдаг нь нууц биш. Миний сонссоноор Хятадын Засгийн газар удахгүй манай улстөрчдийн хэнд авлига өгсөн бэ гэдэг жагсаалтыг гаргах гэж байгаа юм билээ. Ил болохоор нь аймаар юм болно доо. Хоёрдугаарт, Оюутолгой компани манайд орж ирж 1500 метр гүн дотор шинэ технологи бий болгосон нь үнэн. Гэхдээ цөөхөн монголчуудыг эрх ашгийг хүндлэх ёстой. Тэгэхгүй бол манайхан тэнэг хүмүүс юм бодохгүй хөөгөөд гаргачихна. Нөгөө Оюутолгой компанийн хувьд төслийг зогсоочихвол Монголчууд баларна гэж айлгаж байгаа байхгүй юу. Үүнээс хэн ч айхгүй. Хэдэн дарга нар долигонож гүйдгээрээ айж магадгүй, бусад нь айхгүй. Тийм учраас Оюутолгойн төслийн гэрээг өөрчлөхдөө олон нийт болоод сэтгүүлчдэд ил тод, нээлттэйгээр хийх ёстой. Хардлага сэрдлэг дагуулахгүйн тулд гэсэн үг. Ингэж байж үнэн зөвд нийцнэ.

-Энэ төслөөс үүдэж АН-ын өнгөтэй, өөдтэй лидерүүд нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа?

-Өнгөтэй, өөдтэй нь биш ээ. Ч.Сайханбилэг тохиолдлоор Ерөнхий сайд болсон. Тэр лидер байхдаа ч яах вэ дээ. Гурван сар Ерөнхий сайдын албыг хашсан. Энэ үедээ Эрдэнэтийг хулгай хийж, Оюутолгойн гэрээгээр авлига авсан. С.Баяр нь мөн ялгаагүй, Оюутолгойн гэрээг хийчихвэл бид Бумбын оронд очно, жаргана гээд байсан хаана байна, С.Баярцогтоос Швейцарийн банканд 28 сая ам.доллар нь илэрсэн биз дээ. Энэ мөнгөө хаанаас яаж олсноо тайлбарлах хэрэгтэй. Тайлбарлаж чадахгүй бол авлига авсан байж таарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
114
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
8
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж