Италийн хөлбөмбөгийн холбоо арьс өнгөний үзлийн эсрэг томоохон аян өрнүүлж байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд бүтээсэн тэдний постер олны хэл амны бай болж байна. Учир нь тус постерт гурван сармагчин зурсан нь хар арьстай, ази гаралтай, цагаан арьст хөлбөмбөгчдийг төлөөлүүлсэн ч цахим орчинд үүнийг буруушаах хандлага их байжээ.
Энэ тухай Италийн лигийн үйл ажиллагаа хариуцсан захирал Луйжи Дэ Сиерво “Би энэ зураг нь тус аяны хүрээнд тохирох тохиромжтой зураг биш хэмээн үзэж байна” гэж өөрийн хүлцэл өчсөн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. Уг зургийг зурсан уран бүтээлч Симеонэ Фугазатто өөрийнхөө бүтээлийг хамгаалан “Бид бүхэн сармагчин” гэжээ.
Италийн үзэгч фенүүдийн хувьд сүүлийн жилүүдэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зохисгүй үйлдлүүдийг ихээр гаргаж буй юм. Үүний тод жишээ нь өнгөрөгч арваннэгдүгээр сард Брескиа клубын Марио Балотеллиг фенүүд “Жижиг тархитай” болон “Мулгуу амьтан” зэргээр хашгирчээ. Үүнд эгдүүцсэн Балотелли тоглолтыг шууд орхин гарч байсан билээ. Мөн есдүгээр сард Интер Милан клубын Ромелу Лукакуг торгуулийн цохилт гүйцэтгэх гэж байхад Каглиари багийн фенүүд сармагчин шиг чимээ гарган доромжилжээ.
Италийн хөлбөмбөгийн холбоо арьс өнгөний үзлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол удахгүй тус лигт олон арван авьяаслаг тамирчид тоглоход хэцүү болж байна. Басхүү энэхүү асуудал нь дан ганц Италийн хөлбөмбөг гэлтгүй Оросын хөлбөмбөгт ч анзаарагдаж буй юм. Тус улсын Зенит клубын фенүүд өөрсдийн шинэ цэрэг Малколмыг арьс өнгөөр гадуурхсан баннерыг цэнгэлдэх дотроо өлгөж байжээ.
Б.МӨНГӨНТАМИР