УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг “Шийдэмгий нүүдэл” номын хуримаа өнөөдөр /2019.12.18/ Дуурь бүжгийн эрдмийн театрт хийлээ. Бүтээлийг ийнхүү нэрлэсэн нь “Амьдрал яг шатар шиг учир Шийдэмгий нүү” гэдэг санаагаар бусдад урам зориг, тэмүүлэл эрч хүч хайрлахыг хүссэн аж.
Уншигчдын гар дээр ирж буй “Шийдэмгий нүүдэл” хэмээх ном нь өдгөө амьдралын олон чухал шийдвэрийг гаргах гээд эргэлзэж байгаа, шинийг эхлүүлэхээр эрэлхийлж буй, өмнөө тулгарсан сорилтыг хэрхэн даван туулахыг мэдэхгүй суугаа олон залууст хөтөч гүүр нь болох аж.
Б.Саранчимэг гишүүний хувьд бага наснаасаа шатартай нөхөрлөх болсноор дотоодод төдийгүй гаднын улс орнуудад эх орныхоо нэрийг өндөрт өргөж, чамлахааргүй амжилт үзүүлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард парламентыг 50 гишүүн оролцсон шатрын тэмцээнд эмэгтэй төрөлд тэргүүн байр эзэлсэн юм. Гэхдээ түүнийг ногоон хатагтай гэдгээр нь олон нийт андахгүй. Учир нь Б.Саранчимэг гишүүн 2012 онд иргэдэд экологийн боловсрол олгохуйц судалгаанд суурилсан “Ногоон ном” бүтээсэн удаатай.Энэ бол түүний анхны ном, бүтээл юм.
ШАТРЫН ХӨЛӨГ УХАРДАГГҮЙТЭЙ АДИЛ ЗАЛУУС ЗОРИЛГОДОО ҮНЭНЧ ТУУШТАЙ БАЙХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ :
-Өнөөдөр хоёр дахь номоо өлгийдөн авч буйдаа баяртай байна. “Шийдэмгий нүүдэл” номоороо хүний амьдралыг шатрын ертөнцтэй холболоо. Түүх болон сургамж, санаа оноо, шийдлүүдийг уншигчдадаа хүргэхийг зорьсон. Шатар бол ганц спорт төдийгүй стратеги, бодлого агуулгагддаг. Тиймээс шатраа хүний амьдралд маш олон эерэг нөлөө үзүүлж байдаг. Шатар зөв нүүх ёстой байдаг шиг амьдралд ч бас зөв хандлагатай байж чадвал залуус санасандаа хүрнэ. Шатрын нүүдэл ухардаггүй шиг залуус ч бас зорилгынхоо төлөө тууштай байж чадвал амжилтад хүрч чадна гэдгийг би энэхүү номоороо илэрхийлж байгаа юм. Шатрын стратеги гэдэг бол аливаа зүйлийг томоор харах, нүүдлийн учир шалтгааны холбоосыг гаргаж өгч байдаг маш их боловсрол өгч байдгаараа онцлог гэлээ.
Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөр болон насанд хүрэгчдийн ангиллаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тус шатрын клубийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дэмжиж, иргэдийн хүртээл болгох зорилгоор “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж 1700 өрхийг шатаржуулжээ. Хөтөлбөрийн хүрээнд нийт 6000 хүүхэд хамрагдсан байна.
"УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГ ШАТРЫН СПОРТОД ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН"
Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.НАРАНБААТАР:
Б.Саранчимэг гишүүн шатрын спортоор багаасаа хичээллэсэн. Шатрын спортыг хөгжүүлэхэд их хувь нэмрээ оруулж, олон хүүхдийг шатраар хичээллэх боломжийг бүрдүүлсэн том хөрөнгө оруулалт хийсэн. Шатрын спортыг өндөр түвшинд тоглодог. Өнөөдөр түүний “Шийдэмгий нүүдэл” амьдрал шатар хоёрыг холбосон номын нээлт болж байна. Нээлтэд манай шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, өсвөрийн дэлхийн аварга, хүндэт гавьяатууд хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр номын нээлтээ хийж буй Б.Саранчимэг гишүүндээ шатрын холбооны зүгээс баяр хүргэе гэлээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ