Н.Энхбаяр: Надад зориулсан заалт оруулж, Үндсэн хууль зөрчих гэж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Надад зориулсан заалт оруулж, Үндсэн хууль зөрчих гэж байна

Н.Энхбаяр: Надад зориулсан заалт оруулж, Үндсэн хууль зөрчих гэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хууль хэлэлцэж байгаатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр /2019.12.18/ Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзлаа. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяраас зарим зүйлийг тодруулгыг авлаа.

-Сонгуулийн тухай хуульд авлигын хэргээр ял эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй байх заалт орохоор яригдаж байна. Энэ заалт эцэслэн батлагдвал та 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй байдал үүснэ. Улстөрч хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна?

-Манай намын гишүүн Ц.Оюунбаатар Сонгуулийн хуулийн ажлын хэсэгтэй уулзсан. Ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү гишүүн албан тушаалын болон авлигын асуудлаар сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг удаа дараа гаргасан юм билээ. Тухайн хүн авлигын хэрэгт холбогдсон байсан ч хэлмэгдсэн байсан ч тухайн хүний эрхийг зөрчиж болохгүй. Гэтэл байнгын хороон дээр О.Баасанхүү, Т.Аюурсайхантай хамт оруулж, дэмжүүлсэн юм байна. Энэ бол Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй. Сонгуулийн хуулиар намайг шинээр яллаж, нэр дэвших боломжийг минь хааж болохгүй. Үндсэн хуулийн заалтаа харсан ч тэр хүний эрхийг ингэж хохироож болохгүй. Өмнө нь энэ асуудал яригдаж, цэц дээр маргаан үүсгэж байсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг 2008 онд шийдсэн байдаг.  Энэ нь хүнийг сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж болохгүй гэдэг дүгнэлт гаргасан юм билээ. Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн дарга бол ойлгож байна гэдгээ хэлсэн.  Сонгуулийн хуулиар нэгнийхээ нэр дэвших эрхийг хязгаарлах заалт оруулж болохгүй гэж бодож байна.

-Гишүүд хэрхэн хүлээж авав, таны саналыг?

-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан л бол УИХ-ын гишүүд дуртай дургүй хүлээж авах ёстой. Миний санал биш.  Надтай холбоотой заалт учраас би энэ асуудлыг хэлж байна. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол хууль зөрчинө гэдгийг л хэллээ.Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй учраас УИХ-ын гишүүдийн санал бодол үүнд хамаагүй, хуулиа л дагах юм байна. Энэ заалт ороод батлагдлаа гэхэд Цэц дээр очоод уначих юм. Нэг хүний эсрэг зориулсан заалттай хууль баталж болохгүй.

-Танай нам О.Баасанхүүтэй дотооддоо учраа олж болдоггүй юм уу?

-Харамсалтай нь О.Баасанхүү улстөрийн захиалгатай ажиллаж байгаа. Ийм байдлаар миний нэр дэвших эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ өнөөдөр энд хувь хүний асуудлыг яримааргүй байна. УИХ сонгогч, сонгогчдын эрхийг хангаж ажиллах ёстой. Олуулаа уралдаад ард түмнээрээ сонгуулах ёстой.  Ажлын хэсгээс энэ асуудлыг эргэж харж, шийдэхээс өөр аргагүй юм байна гэдгээ ч хэллээ. Сонгогчдод л боломж олгох хэрэгтэй. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх байна уу хамаагүй, ард түмэндээ санал өгөх эрхийг нь эдлүүлж, мөн сонгогдох эрхийг нь олгох нь зөв гэдгийг л хэлээд байгаа юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж