УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай өнөөдөр /2019.12.18/уулзав. Уулзалтын эхэнд тэрбээр хэлэхдээ “Монгол төрийн алтан аргамж болсон дипломат албанд зүтгэж, хилийн чанадад улс орноо төлөөлөн сууж буй та бүхэнтэй оны босгон дээр, Орчин үеийн дипломат алба үүсгэн байгуулагдсаны 108 жилийн өмнө уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн оны хувьд үр бүтээлтэй, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжаасаа гадна агуулгаар баян өргөн их амжилтаар дипломат албаны 108 жилийн ойгоо угтаж байгаа явдалд Гадаад харилцааны сайд, та бүхэндээ чин сэтгэлийн баяр хүргэж, талархал илэрхийлж байна. УИХ-аас Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталж, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хууль эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн салбарт нийтдээ 1250 гаруй хууль, тогтоомж баталсан. Манай улсын засаглалын хэлбэрийг гадаад, дотоодод сайн, муугаар ярих нь байдаг. Дэлхий нийтээрээ парламентыг сайн, муугаар ярьдаг юм байна. Өндөр дээд хэмжээний айлчлалуудын үеэр гадаадын эрдэмтэн, судлаачид өндөр дээд хэмжээний зочдын хэлж байсан зүйлээс би энэ яриаг эхлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр Путин Ерөнхийлөгч өөрөө болон хамт явсан сайд дарга нар “Монгол Улс сүүлийн таван жилд маш эрчимтэй хөгжжээ" гэж хэлсэн. Их тэнгэрт болсон хүлээн авалтын үеэр ОХУ-ын сайд, дарга нар тойрч зогсож байгаад Улаанбаатарыг "Северный Хонконг" гэж нэрлэхээр болжээ. Их хөгжсөн байна” гэж ярьж байхыг манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар уулзалтын үеэр цохон тэмдэглэж байсныг хэлмээр байна.
Эрдэмтэн мэргэд "Монголын залуус ямар хурдацтай бие даасан, чөлөөтэй сэтгэдэг хөгждөг болчихсон юм бэ. Маш хүчтэй байна. Зөвхөн бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжлийг хэлээгүй, хүнийх нь хөгжлийн хувьд ярьж байна. Залуучуудын чөлөөт сэтгэлгээ, ухаан боловсрол, чадвар маш сайн байна гэж байна. Хүний хөгжлийн хувьд Монгол Улсын засаглалын хэлбэр үнэхээр үр өгөөжтэй юм байна гэдгийг яриад байгаа юм. Үүний нэг жишээ нь манай “The Hu” хамтлаг яаж гарч ирж, Монгол Улсыг цуурайтуулж байна. “Moon dance” хамтлаг олон улсад яаж гарч байна. Манай ой тогтоолтын хүүхдүүд дэлхийд өрсөлдөж, оюун ухаанаа гайхшируулж байна. Ийм олон жишээг дурдаж болно” гэв.
Мөн тэрбээр УИХ одоогийн парламентын засаглалаа бэхжүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол төрийн томоохон үйл хэргийг гурван парламент дамжиж, 10 гаруй жил мэтгэлцэж ярилцсан асуудлыг гүйцэтгэсэн болон хууль эрх зүйн чиглэлд тодорхой өөрчлөлтүүд оруулж ажилласнаа танилцууллаа.
Төрийн албаны шинэчлэлийг мерит зарчимд тулгуурласан мэргэшсэн, чадварлаг, тогтвортой төрийн албыг бэхжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалтууд хийгдэх юм байна.
Г.Занданшатар "Төрийн албанд байгаа нийтлэг дутагдлыг төрийн албаны менежментийн онол арга зүйд таван категорт хуваагаад байгаа юм. Нэгд, ялагч нар. Өгсөн үүрэг даалгаврыг улс орон, ард олныхоо төлөө, өргөсөн тангарагтаа үнэнч байж сайн хэрэгжүүлээд зогсохгүй санаачилгатай ажилладаг. Хоёрт, сайн гүйцэтгэгч гэж байна. Өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэдэг. Гуравдугаарт, муу гүйцэтгэгч. Өгсөн үүрэг даалгаврыг хагас дутуу хийдэг. Дөрөвдүгээрт, зомби нар гэж байна. Амьд үхдэл шиг байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, санаачилгагүй. Хувиа бодоод, довоо шарлуулаад явж байвал гэсэн үзэл баримтлалаар явдаг. Тавдугаарт, хорлон сүйтгэгч нар. Ийм улсуудаас болоод Монгол Улсын төсөвт Төрийн албаны зөвлөлийн судалгаагаар 810 сая төгрөгийн хохирол учирсан байна. Буруу шийдвэр гаргасны улмаас учирсан хохирол. Авлига хээл хахуулийн улмаас учирсан хохирлыг тоолж хэмжээд баршгүй. АТГ хоёр их наяд гэж хэлж байгаа.
Дипломат албанд ажиллаж байгаа хүмүүсийг яг ингэж ангилж болно. Хорлон сүйтгэгчдээс нь эхэлье. Хар тамхины хэрэг дэлхийд Монгол Улсын дипломат алба төдийгүй Монгол Улсын төрийг шороотой хутгалаа. Энэний хохирлыг мөнгөөр үнэлэх аргагүй.Наанадаж өөрийнхөө карьерыг, цаанадаж дипломат албаны нэр сүрийг, хамгийн гол нь Монгол Улсын нэр хүнд, цэнхэр паспортын чадамжийг алдагдуулсан хариуцлагагүй үйлдэл. Энэ бол хамгийн том хорлон сүйтгэх ажиллагаа. Энэ бол саарал жагсаалтад ороход шууд нөлөөлсөн бас нэг зүйл.
Бусад дөрвийг нь яриад яах вэ. Зомби шиг ажиллаж байгаа, муу гүйцэтгэгч байгаа. Ялагч шиг ажиллаж байгаа хүмүүс бас байна. Одоо бүгдээрээ төрийн алба, дипломат алба ялагч шиг санаачилгатай, төр ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж олон түмнийхээ төлөө сэтгэлтэй ажиллах шаардлагатай. Энэ бол ардчилсан хувьсгалын 30 жилийн дараа шинэ 30 жилийн зорилтод шинээр тавигдаж буй. Өндөр ёс зүйтэй, сахилга хариуцлагатай ажиллах. Энийг л та бүхнээс шаардаж ажиллах болно.
Ийм учраас хууль эрх зүйн эдгээр өөрчлөлт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг сайтар судлан таньж, гадаад орчинд зөв таниулах, сурталчлах ажил дипломат албаны төлөөлөгчид та бүхний нэн тэргүүний үүрэг, зорилт байх ёстой шүү” гэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ