Эмэгтэйчүүдийн квотыг нэмэх асуудал дэмжигдсэнгүй
М.Оюунчимэг гишүүн “Бид маш чухал хууль хэлэлцэж байна. УИХ-д ёс зүйтэй хариуцлагатай олон хүн орж ирээсэй гэж хүсч байна. Эмэгтэй гишүүд УИХ-д орж ирснээр сүүлийн гурван жилд сургууль цэцэрлэг эмнэлгийн хүртээмж гурав дахин нэмэгдсэн гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан удаатай. Өөрөөр хэлбэл цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж дугаарлаж зогсдог цаг ард хоцорсон. Энэ нь хатуу зөөлөн бодлогыг хослуулснаар бодлогын түвшинд хүртэл ийм ялгаа гарч байна.УИХ-д сууж байгаа эмэгтэйчүүд нэр цэвэр байх тал дээр ч гэсэн хариуцлагатай явж ирсэн. Жендерийн квотыг эргэж хараасай гэж хүсч байна.
Д.Оюунхорол гишүүн “Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд квотыг 20 хувийг 30 хувьд хүргэх юмсан гэж хичээж байна. Нийгмийн харилцаанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутахааргүй ажиллаж байна. Нөгөө талдаа УИХ-аар баталсан жендерийн тухай бусад хуулиудад тусгалаа олсон шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагчид хэлсэн ярьсандаа хүрээсэй.
Б.Ундармаа гишүүн “2016 оны сонгуулиар 13 эмэгтэй гишүүд гарч ирснээр хүүхдийн эрх ашгийг хамгаалах эрүүл мэнд боловсролын салбарт ахиц дэвшил гарч байгаа. Ер нь эрчүүдийн ард хамгийн найдвартай менежер нь эмэгтэйчүүд байдаг ч шийдвэр гаргах түвшинд 20 хувиар орж ирж байгааг бид 30 хувь болгох саналтай байна.
УИХ-ын гишүүд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцсэн ч тус санал дэмжигдсэнгүй. Ингэснээр 30 хувь бус 20 хувиар мөрдөгдөхөөр боллоо.
Санал өгсөн иргэдийн баруун долоовор хуруун дээр санал өгснийг батлах тэмдэглэгээ хийх эсэхийг гишүүд хэлэлцсэн ч нийт гишүүдийн 58.7 хувь нь тус саналыг дэмжсэнгүй.
Чуулган: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж байгаа нь Их хурал төлөвшөөгүйн илрэл. Томсгосон мажоритар гэдэг нь жижгээс бараг ялгаагүй. Парламентын төлөвшилд өөрчлөлт орохгүй. 50+26 гэж хачин юм оруулж ирсэн. Гэтэл өөрчлөөд 2008 оны Сонгуулийн хуулийг дахиж ярьж байна. Үүнийг МАН эрх барьж байхдаа гаргаж байсан хувилбар. Ийм маргаантай тогтолцоог дахин сонгож байгаа нь буруу гэж үзэж байна. АН холимог тогтолцоон дээр байр суурь хэвээрээ байгаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:
-Сонгуулийн хууль Үндсэн хуульдаа захирагдана. Үндсэн хуульд холимог тогтолцоог оруулсан. 50+26 Үндсэн хуультай зөрчилдөнө гэж үзэж өөрчилсөн. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг улс төрийн намуудад хэвлэж өгнө гэж 2008 оны хууль дээр байсан. Одоо бол хуулиар хориглосон. Хуулийн төсөл дээр ч орж ирээгүй. Ажлын хэсэг дээр ч яриад унасан. Бүх иргэн бүгд гарын хурууны хээтэй болсон. Гарын хурууны хээ огт давхцахгүй. Нэг иргэн хоёр, гурван санал өгөх ойлголт огт байхгүй. Тиймээс хар бэх хэрэглэх, тэмдэг тавих ямар ч шаардлага байхгүй гэж үзсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж:
-Өмнө нь сонгуульд оролцож байгаа намуудад иргэдийн нэрсийн жагсаалтыг өгдөг байсан. Сонгуулийн ерөнхий хороонд иргэдээс маш их гомдол ирж байсан. 2018 оны зургадугаар сарын 21-нд Бүртгэлийн багц хуулийг баталсан. Өмнөх хуулиудаар иргэдийн ямар мэдээлэл нь хаалттай, нээлттэй байдаг вэ гэдгийг хуульчилж өгөөгүй байсан. Энэ багц хуулиар иргэдийн нууцлалтай мэдээллийг тодорхой зааж өгсөн. Энэ утгаараа намуудад нэрсийн жагсаалт, гэрийн хаягийг өгөх боломжгүй. 2012 оноос эхлээд Монгол Улс иргэний давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр сонгууль өгдөг болсон. Заавал иргэний үнэмлэхээ шалгуулахгүй гарын хээгээрээ тухайн иргэний мэдээлэл гарч ирээд саналаа өгдөг болсон. Нэг хүн хоёр удаа санал өгөх ямар ч боломжгүй. Манай бүртгэлийн систем тагнуулын хяналт дээр тагнуулын системээр явдаг.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Нэрсийн жагсаалт заавал авах гээд яагаад зүтгээд байдаг юм. Хаяг гэр бүлийн талаарх мэдээлэл хувь хүний нууц шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Сонгуулийн ерөнхий хорооны даргыг хэзээ солих вэ. Хуулиа батлахаасаа өмнө энэ хүнийг солимоор байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 100 гаруй санал оруулж ирсэн бөгөөд эдгээр санал тус бүрээр санал хураалт явуулж байна. Тухайн саналуудаас эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиас 30 болж нэмэгдүүлэх, нэр дэвшигчдэд тавигдах шалгуур зэрэг нь маргаан дагуулж байгаа юм. Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүний гаргасан "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх" санал олны анхаарлыг татсан. Уг саналаар нь санал хураалт явуулахын өмнө Т.Аюурсайхан гишүүн дараах байдлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Өмнөх хуульд ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй бол гэсэн зохицуулалт байдаг байсан. Харин одоо шинэчлэгдсэн эрүүгийн хуулиар ялтайд тооцох хугацаа гэдэг ойлголт байхаа больчихсон. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийдүүлсэн гэсэн заалтыг нэмэх санал гаргасан юм. Энэ бол нэр дэвших төрийн албан хаагч нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгөх, өргүй байх гэдэгтэй адил зүйл. Үүргээ биелүүлчихээд эрхээ эдлэх ёстой" гэсэн юм. Т.Аюурсайхан гишүүний энэ саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр анхны хэлэлцүүлгээр нь батлахаар төлөвлөөд байгаа юм байна.
Чуулган: Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын даргын захирамжаар хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулж ажиллуулсан байна. Ажлын хэсэг энэ хугацаанд гурван удаа хуралдаж, Улсын Их Хуралд суудалтай болон суудалгүй намуудаас ирүүлсэн саналуудыг судалж төсөлд тусгахад анхаарч ажилласан. Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 18 санал ирүүлснээс 15 саналыг нь төсөлд тусгасан гэдгээ ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 54, найруулгын 4 саналын томьёолол гаргажээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна.
Төсөлд УИХ-ын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ. Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх. Түүнчлэн сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох, сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Сонгуулийн хууль иргэдийн сонгох сонгогдох үндсэн эрхийг хангаж байх ёстой. Иргэдийн өгч байгаа санал гээгддэггүй байх нь чухал. Иргэдийн саналыг худалдаж авах эсэхийг хэрхэн хянах вэ. Өмнөх парламентад хоёр гишүүний эрх баталгаажиж чадаагүй дууссан түүхтэй. Эргээд иргэдийн өгсөн санал нэг шүүгчийн ширээн дээр байхгүй болдог. Энэ асуудлыг хэрхэн анхаарсан бэ.
Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:
-Сүүлийн 30 жил сонгууль хийж байгаа учраас иргэд болон гишүүд сонгуулийн талаар мэдлэг мэдээлэл сайтай байгаа. Я.Содбаатар гишүүн санхүүгийн, эрх мэдлийн нөлөөллийн талаар асуулаа. Ер нь УИХ-ын гишүүд энэ нөлөөллийг багасгах зорилгоор том тойргийг санал болгож байгаа том өөрчлөлт гэж харж байна. Хоёрдугаарт сонгуулийн хуулийн зүйл заалт бүр Зөрчлийн хуулийн хариуцлагаар хэмжигдэнэ. Хариуцлага илүү сайжирсан.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-2008 онд яг ийм ижил төстэй хэлбэрээр сонгуулийг явуулсан. Хэлэлцүүлгийг явцад олон асуудал гарсан. Тухайлбал, тойрогт ногдсон мандатын тоотой ижил санал дугуйлах юм уу дутуу дугуйлах юм уу. Зөвхөн ганц хүн дугуйлаарай гээд хэлчихдэг. Бусад бие даагч хүмүүсийг орхичихдог байсан. Энэ нь яваандаа 2008 оны долдугаар сарын 1-ны хар өдөр болж түүхэнд үлдсэн. Нийгмийн сүлжээнд улстөрчид их эмзэг хандах юм. Сонгуулийн үеэр цахим орчныг хязгаарлах балай заалт ороогүй юм байгаа биз дээ. Ганц сонгууль явуулахын тулд цахим сүлжээг хязгаарлана гэвэл төвөгтэй асуудал үүснэ шүү.
Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:
-Томсгосон тойргоор 1992, 2008, 2012 онд сонгууль явуулсан. Ажлын хэсэг ярилцаж байгаад мандатын тоотой тэнцүү санал өгнө гэж оруулж ирсэн. Би хувьдаа долдугаар сарын 1-ны сонгуулийн системтэй холбож ойлгодоггүй. Сонгуулийн дүн удаан тоологдсон учраас янз бүрийн зөрчлүүдээс үүдэн үймээн үүссэн гэж боддог. Сүүлийн жилүүдийн сонгуулийн саналуудыг хар машинаар тоолж ирсэн. Элдэв асуудал үүсэлгүй ирсэн. Цахим сүлжээг бол хязгаарлаж хаасан заалт байхгүй. Өөр хязгаарлалт тавиагүй.
Холбоотой мэдээ