“Эрдэнэт” үйлдвэр найман уурхайчинд амины орон сууц бэлэглэв | News.MN

“Эрдэнэт” үйлдвэр найман уурхайчинд амины орон сууц бэлэглэв

“Эрдэнэт” үйлдвэр найман уурхайчинд амины орон сууц бэлэглэв

“Эрдэнэт” үйлдвэр найман уурхайчинд амины орон сууц бэлэглэв

“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж, анхны баяжмалаа экспортод гаргасан өдөр өчигдөр /2019.12.14/ тохиож, 2019 оны амжилт бүтээлээ дүгнэсэн онцлох үйл явдал боллоо.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн баялаг бүтээгч мянга мянган уурхайчиддаа мэндчилгээ дэвшүүлж, 2019 оныг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан ажлын үр дүнгээ тайлагнаж, бүтээлч хамт олныхоо хийж бүтээснийг үнэлэх учиртай гэдгийг онцолсон.

Энэхүү тэмдэглэлт өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөрч хамт олноо ажил үйлсээрээ манлайлсан Б.Наранбаатар, С.Ганбаатар, Б.Баярсайхан, Ч.Отгон нарт Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэв.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан Д.Баатар, П.Нямсүрэн, Л.Энхбаяр, Б.Чулуунбаатар, Д.Давааням нар Тэргүүний уурхайчин цол, тэмдгээр энгэрээ мялаасан бол Б.Батбилэг, Л.Болдоо, Б.Дэрэм, Х.Батмөнх, Б.Баттөгс, Д.Мөнхтөр, Г.Эрдэнэсүрэн, Ч.Мөнхбаатар нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр шагнуулав.
Техник технологио шинэчлэн, боловсронгуй болгох, уурхайчдынхаа ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийнхээ цар хүрээг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор энэ оныг үйлдвэрийн удирдлага бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд амжуулж, төлөвлөсөн өдрөөс өмнө ашиглалтад хүлээлгэн өгөхөд хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан Л.Батбаяр, Мартынов В.В, Э.Хашбат, Э.Доржболд, З.Энхбаатар, Козорез А.В, Б.Анхбат, А.Кудербай, Белянкин В.П, Б.Бат-Эрдэнэ, Н.Мөнхчулуун, Х.Батзориг, Г.Мягмарцэрэн, Г.Ганчулуун, С.Ууганбаяр, Сапрыкин В.А, Д.Ёлкасүрэн, Д.Дандар тэргүүтэй уурхайчдыг гурван сая хүртэлх төгрөгөөр шагнасан юм.

Харин найман ажилтанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Эко” хорооллын орчин үеийн хэв загвартай, чанарын өндөр түвшинд баригдсан, 63-116 ам метр амины орон сууц, таунхаус бэлэглэлээ.

64 ам метр талбай бүхий амины орон сууц нь гурван өрөө, дулаан гарааштай бол хоёр давхар бүхий таунхаус нь хоёр ариун цэврийн болон унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөөнөөс бүрдсэн 116 ам метр талбайтай аж.

Амины орон сууц бэлгэнд авах ажилтныг сонгохдоо уурхайгаа ирээдүйд авч явах шилдэг, залуу боловсон хүчин хэмээн итгэл хүлээлгэж, өгчээ.

Энэ их итгэлийг хүлээж, 63 ам метр амины орон сууцны түлхүүрийг Б.Тэгштуяа, Д.Цогтсайхан, Т.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Н.Баяржаргал, 116 ам метр таунхаусын эзэн болж Г.Болдхуяг, Э.Лхагважав, Б.Данаажав нар гардлаа.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж