Монгол руу өвөл аялахыг хүсдэг ч…

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Монгол руу өвөл аялахыг хүсдэг ч…

Монгол руу өвөл аялахыг хүсдэг ч…

Саяхан нэгэн гадаад найз маань надад амьдралдаа ямар нэгэн адал явдал мэдэрмээр байгаа тухайгаа ярилаа. Би түүнд өвлийн хүйтэнд Хөвсгөлийн тайгын урцанд шинэ оноо угтаж болох юм гэж зөвлөлөө. Ингээд түүнд туслах зорилгоор Монголын аялал жуулчлалын компаниудын цахим хаяг руу мэдээлэл авахаар хандлаа. Харамсалтай нь аялал жуулчлалын компаниудын цахим хуудас зунаараа байлаа. Нүүр зураг дээр ногоон ой мод, элсэн цөл, Хөвсгөл далайн ус халгин байх нь яг л монголд өвөл болоогүй мэт. Захиалга өгөх бүү хэл мэдээлэл авах боломж тун хомс байлаа. Ийм байхад Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай яриад ч нэмэргүй мэт санагдав.

Уг нь манайд өвлийн улиралд морь тэмээ, цаа бугын аялал, цана чаргаар гулгах, морь нохойн чарга, мөсөнд авирах, цаатны урцанд хоноглох, цагаан сар, шинэ жил, бүргэд, мөсний баяр, цооногоос загас барих, мөсөн шагайгаар наадах зэрэг олон сонирхолтой аяллууд зохион байгуулах хөтөлбөрүүд бий. Гэвч үүнийг олон улсад сурталчилж, мэдээлэх нь хангалтгүй байна. Ядаж сурталчилгааны тал дээр аяллын компаниудтайгаа хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, аяллын компаниуд өөрсдийн цахим хуудасны 30 хувьд монголын өвлийн талаарх мэдээлэл, зураг, контент байршуулахад дэмжих, цаашлаад нэхий, дах зэрэг өвлийн хувцасны эвентүүдийг зохион байгуулахад хамтран ажиллах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй болов уу. Энэ талаар бид мэдээлэл авахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.

АЯЛЛЫН УЛИРЛЫГ УРТАСГАНА

-Монголд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд танай яамнаас ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Монголын аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал бол хэт улирлын шинж чанартай байгаа явдал юм. Монголын зун жуулчдад илүү танигдсан байдаг. Үүнийг бид өөрчлөх бодлого барьж байна. Өмнө нь аялал жуулчлалын улирал таван сарын төгсгөлөөс есөн сар хүртэл үргэлжилдэг байсан бол сүүлийн гурав орчим жилийн хандлагыг аваад үзэхэд 4-11 дүгээр сар хүртэл ажилладаг болсон байна. Бидний гол зорилго бол зөвхөн зун жуулчин авах бус намар, өвөл, хавар гээд аяллын улирлыг уртасгах юм.

-Өвөл хүйтэн байдгаас болоод жуулчдыг алдаж болохгүй байх л даа. Өвлийн улиралд жуулчдыг татах ямар боломж байна вэ?

-Бид улирлын хамаарлыг бууруулах гэдэг дээр илүү бодлогоо төвлөрүүлж ажиллаж байгаа гэж хэллээ шүү дээ. Энэ хүрээнд бид өвлийн аялал жуулчлалыг таниулах ёстой. Өмнө нь дандаа зуны аялалаа сурталчилж, өвлийг бага сурталчилдаг байв. Монголын өвөл гадныханд бага танигдсан. Тиймээс бид өнгөрсөн жилээс эхлээд өвлийн сурталчигааны контентоо нэмэхийг зорьж байна.

Мөсний, бүргэдийн баяр гээд өвөл монголд ирээд юу үзэж болох вэ гэдгийг чухалчилж байна.  2019 он гараад монголд өвөл ирсэн жуулчдын тоо 100 мянгад хүрсэн. Эндээс үзэхэд өвөл ирэх жуулчдын тоо сард 20 орчим хувиар нэмэгдсэн байна.

Урьд нь Монголд ирж байсан жуулчдын 40 орчим хувь нь зун, 20 орчим хувь нь өвөл ирдэг байсан. Тэгэхээр энэ тоо жил ирэх тусам 20 орчим хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, монголд өвөл ирээд юу үзэх вэ гэдэг асуудал байна. Өвөл ирж буй жуулчдын 40 орчим хувь нь монголын ахуй соёл, өвөрмөц аялалд тулгуурлаж ирдэг. Тэгэхээр өвөл оролцох боломжтой эвент, арга хэмжээний тоог нэмэхийг хичээж байна. Энэ хүрээнд өвлийн нүүдэлчдийн баяр болон бүргэд, тэмээ, түмэн адуу, мөсний баяр гээд хавар, намар, өвлийн нийт 17 арга хэмжээг төрийн болон ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

-Эдгээр үйл ажиллагааг зохион байгуулж, өвлийн аялал хийхэд ямар хүндрэл, бэрхшээл тулгардаг вэ?

-Мэдээж дэд бүтцийн асуудал. Орон нутагт өвөл жуулчин хүлээж авах байр сууц, буудлын асуудал маш хомс байдаг. Монголд одоогоор 400 орчим жуулчны бааз, 450-аад зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Үүний тал нь өвөл жуулчин хүлээж авдаг. Өвөл болохоор жуулчны тоо 30-40 хувиар буурдаг. Тэгэхээр эдгээр баазууд хүнгүй байх тохиолдол байна. Дээр нь виз олголт байна. Монгол улс жуулчинд хамгийн хатуу визний нөхцөлтэй орнуудын нэг. Энэ үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 128-д ордог. Тэгэхээр визний асуудлыг шийдэхгүй л бол жуулчны тоог өндөр хувиар нэмэх боломжгүй. Өөрөөр хэлбэл бид хүмүүсийг ирээрэй гээд дуудчихаад хаалгаа хаагаад байна. Ядаж л цахим визний системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Сурталчилгааг тодорхой түвшинд хийгээд явж байна. 2019 онд аялал жуулчлалын богино хэмжээний видеоны уралдаан зарлаад түүнийг олон улсад түгээсэн. Монгол улс далайд гарцгүй улсад жуулчин ирэхэд агаарын тээвэр шууд нөлөөлдөг. Бид энэ жил агаарын тээврийн даацыг 40 орчим хувиар өсгөж чадсан.

СУРТАЛЧИЛГААГ САЙЖРУУЛНА

-Танай яамны зүгээс өвлийн жуулчлалыг хөгжүүлэхэд бодитой ямар ажлууд хийж байна вэ?

-2019 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас анх удаа аялал жуулчлалын салбарт ногоон зээлийг үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд аялал жуулчлалын компаниуд халаалтаа цахилгаанаар шийдсэн тохиолдолд бид жилийн найман хувийн хүүтэй зээлийг банкуудтай хамтраад олгож байна.

Нэг жуулчны баазад 200 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжтой. Зээлийн санхүүжилт 2019 оны аравдугаар сараас эхэлсэн. Одоогийн байдлаар 20 орчим аж ахуй нэгж зээлэнд хамрагдах хүсэлтээ банкуудад хүргүүлсэн байна. Энэ оны хувьд долоо орчим тэрбум төгрөгийн зээлийг банкууд өөрсдийн санхүүжилтээр олгох боломжтой.

Тэгэхээр өмнө нь 18 хувиар олгодог байсан зээлийн 10 хувийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаас гаргаж байгаа гэсэн үг. Ингэж хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах болсноор өвөл ажиллах баазуудын тоо нэмэгдэх хандлагатай болж байна. Мөн манай газрын хэрэгжүүлдэг гол чиг үүрэг бол Монгол улсыг гадаадад сурталчлах. Үүний тулд бид анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан цахим платформ ашгилалтад орууллаа. Өмнө нь бид өвлийн контент, зуны аялал жуулчлалын бүтээгдэхүүний мянга орчим зурагтай сэтгүүлтэй байсан бол цахим палтформ бий болсноор жуулчин болгон манай бүтээгдэхүүн сурталчлах боломжтой байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсад өвөл мөсний баярт ирсэн жуулчин өөрийнхөө авсан зургийг дурын сошиал сүлжээн дээр пост хийсэн тохиолдолд автоматаар сурталчилгаа болж, манай вэб сайт дээр нэгдэх юм. Ингэснээр бага хугацаанд олон хандалт авах боломжтой. Ер нь бид аялал жуучлалын байгууллагуудаа дэмжих бодлого барьж байна. Жил бүр олон улсын аялал жуулчлалын төвлөрсөн үзэсгэлэнгүүд болдог. Үүнд бид аяллын компаниудтай хамтарч оролцдог. Үүний үр дүнд тухайн компаниуд ирэх жилийнхээ бүх гэрээг байгуулдаг гэх мэт багагүй ажлуудыг бид хийж хэрэгжүүлээд байна.

Монгол улсад өвлийн аялал, жуулчлал хөгжиж байгаа. Энэ хүрээнд бид олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Үүнийг дагаад манай улсад өвөл ирэх жуулчдын тоо 20 гаруй хувиар өсч байгаа гэсэн хариултыг салбарын газрын дарга өглөө. Гэтэл салбартаа 13 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан аяллын компаний төлөөлөл үүнтэй санал нийлэхгүй байна.

ТӨРИЙН БОДЛОГО АЛГА

 “Mongolian guide tour” компанийн захирал Ч.БУЯНБАДРАХ:

-Манайд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх төрийн бодлого байхгүй. Аялал жуулчлалын салбарт би 20-иод жил ажиллаж байна. Салбарыг хөгжүүлнэ гэсэн яриаг үнэндээ хориод жил сонсч байна. Яг бодитоор хийж, хэрэгжүүллээ гэсэн жишээ их бага. Үнэндээ манай монголын төр юу хийхээ мэддэггүй. Хариуцсан мэргэжлийн байгууллага нь ч мэддэггүй. Тэгээд бид юм хийх гээд оролдоод байна гээд яриад байгаа хэрнээ яг юу хийгээд байгаа нь маш ойлгомжгүй. Ганц, хоёр уулзалт, шоу, сургалт зохион байгуулчихаад өөрсдийгөө ажил хийж байна гэж боддог.

Би үүнийг хангалтгүй гэж хэлнэ. Өнөөдөр аялал жуулчлалын салбарыг ерөнхийдөө зуны гуравхан сараар төсөөлж байна. Төрийн бодлого аялал жуулчлалын улирлыг яаж уртасгах вэ гэдэг рүү чиглэх ёстой. Аялал жуулчлалын улирал уртасгах олон арга байна. Тухайлбал, тэмээг хэзээ ч халуун зунаар унадаггүй. Тэмээний аялал хамгийн их хөгжих боломжтой улирал бол намар. Тэмээний өнгө зүс илүү гоё болдог. Тэгэхээр арван сардаа ч юм уу тэмээний баяраа зохион байгуулах хэрэгтэй. Энэ үеэр төр өөрөө бүх ноолуурын компаниудыг уриалан дуудаад ноолуурын идэвхтэй сар зарламаар байгаа юм. Гаднаас ирж буй жуулчид ноолууран бүтээгдэхүүн их авдаг.  Тэгэхээр ноолууран бүтээгдэхүүний бүх компанийг төр зангидах ёстой. Нэг ёсондоо шопинг тур буюу “cashmer shopping tour” гэдгийг төрийн хэмжээнд зохион байгуулах юм. Ер нь яамны зүгээс өвлийн аялал жуулчал хөгжүүлэхэд ямар бодлого бариад байгаа талаар бидэнд ойлголт алга. Үүнийг танилцуулж, мэдээлж баймаар байна. Нөгөө л нэг цас мөс, тэмээний баяраа жил бүр ярих юм. Үүнийг яриад аль хэдийн арван хэдэн жил болчихлоо шүү дээ.

Төр өнөөдөр бодлогоор дэмжих ёстой зүйл нь юу вэ гэхээр,  цана, чарга, тэшүүр гээд өвлийн аялал жуулчлалд хэрэглэгддэг бүх техник хэрэгслийг импортоор оруулж ирж байгаа компаниудыг хөхиүлэн дэмжиж, олон нийтэд зарлах ёстой.

ДЭМЖЛЭГ ЧУХАЛ БАЙНА

Үүнээс гадна мөсний баярт төр өөрөө маш их ач холбогдол өгмөөр байна. Гэтэл одоо аймгийн өмч хэлбэрээр, дур зоргоороо явж байна. Тухайлбал, Хөвсгөлийн баярт хэчнээн төгрөгийн санхүүжилт гаргаад яг юу хийгээд байгаа нь маш тодорхойгүй байна. Баярт очиж байгаа нэг машинаас л гэхэд арав, хорин мянган төгрөгийн хураамж авдаг. Тэр нь юунд, яаж зарцуулагдаад байгаа, ямар бүтэц зохион байгуулалттай явдаг талаар бидэнд мэдээлэл алга. Их мөнгө олж байгаа нь тодорхой шүү дээ. Мөн бүх зочид буудлын удирдлагуудад үүрэг чиглэл өгч тодорхой хямдрал үзүүлэх гэх мэт. Энэ чинь төрийн бодлого шүү дээ. Компаниудыг мөн уриалах ёстой. Бидэнд дах, нэхий, дэгтийнээс эхлээд өвлийн хувцас байна. Монгол тулгатны өвлийн хувцасны шоу зохион байгуулбал жуулчид сонирхоно. Морин чарга хөгжүүлмээр байна. Манайх адуу олонтой. Адуу буюу морины соёл гэдгийг дэлхийд таниулмаар байна.

Манайх өвлийн аялал хөгжүүлж буй гадны орны практик судалдаггүй. Ямарваа нэгэн зүйлийг хөгжүүлэхэд судалгаа зайлшгүй шаардлагатай. Гэтэл манайд судалгаа хийдэг төв байхгүй.

Өвөл манайд хэдэн жуулчин ирдэг, түүний хэд нь хаагуур юу үзэж аялдгийг та нар мэдэж чадахгүй.Учир нь үүнийг тооцоод гаргаад ирсэн судалгаа алга.

“Mongolian guide tour” компаний хувьд өмнө нь дотоодын аялагчдад зориулсан нохой чарганы аялал, нэг өдрийн ууланд алхах гэх мэт өвлийн хөтөлбөртэй байжээ. Мөн цагаан сарын үеэр ганц, хоёр жуулчин авдаг байж. Харамсалтай нь ганц компани дангаар монголын өвлийг сурталчлахад хүчгүйдэж байгаа тухай тус компаний захирал яриандаа онцолсон юм. Тиймээс төрийн оролцоо, дэмжлэг, бодитой ажил хэрэг чухал байгаа аж.

Уг нь өвлийн аялал жуулчлал монголд хөгжих боломж байна. Гол нь төр, хувийн хэвшлийн нэгдсэн зохион байгуулалт, менежмент, мэдээлэл, сурталчилгаа алга. Үүнтэй газрын дарга хийгээд компани төлөөлөл санал нэгдэж байна. Төр олон ажил зохион байгуулж буй гэх боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тэгвэл яаж үр дүнд хүрэх вэ. Ядахдаа олон улсын жишээг сайн судалж, хуулбарлах хэрэгтэй. Хятад улс гэхэд хойд мөсөн далайн аяллыг маш сайн зохион байгуулдаг. Туйлын туяа үзэх гэж жуулчид 10 мянган доллар зараад аялж байна. Монголоос ч хүйтэн газар шүү дээ. Гэтэл гурав, дөрөвхөн мянган доллар зараад монгол руу ирэхгүй байна гэдэг манайд өвлийн аялал, жуулчлал хөгжөөгүй байгааг харуулж байна. Өнөө үед сониуч жуулчдад эрсдэл үүрч, мөнгө зарлагадах асуудал биш болжээ. Тэд адал явдал эрж, хайж байна. Үүнийг хэрхэн ашиглахын тулд төр ухаалаг бодлогоор хувийн компаниудыг хөдөлгөх цаг нэгэнт иржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж