Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар талбайн баруун, зүүн талд боржин чулуунууд тойруулан байршуулсан нь өдгөө иргэдээс “булшны чулуу” шиг хэмээн зэмлэл хүртээд буй. Угтаа бол Төрийн тусгай хамгаалалтын газраас санаачлан иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс боржин чулуунуудыг байршуулсан нь энэ аж.
Иргэд төв талбай руу халдах, машинаараа талбай дээгүүр явах тохиолдол тэр бүр гараад байдаггүй ч байнга гардаг аятай Нийслэлийн төсвөөс 152 гаруй сая төгрөгийг 34 ширхэг чулуунд зарцуулсан гэдэг даанч хайран санагдана.
Нийслэлийн 2020 оны төсөв хаа, хаанаа хүрэлцэхгүй байгаа гэх шалтгаанаар авто зам ашигласны төлбөр хураамжийг нэмж төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх гэж оролдоод бүтэлгүйтсэн. “Энэхүү алдагдлыг шаардлагатай гэж үзвэл төрийн алба хаагчдыг цомхотгож, урсгал зардлаа танаж нийслэлийн ажлыг явуулна” гэдгээ ч хотын дарга даваа гаригт мэдэгдсэн. Гэтэл төсвийн мөнгийг нэн шаардлагатай ажилд бус онцын шаардлагагүй ажилд үрж, үрэлгэн зардал гаргаж байгааг мөнгө “идэх” арга хэмээн хардаж буй хүмүүс ч олон байна. Өөрийнх нь гаргасан шийдвэрээр хийгдсэн ажлыг Хотын дарга нь ч, хотын захиргааны ажилтнууд нь ч мэдэхгүй сууж байгаагаас нь үзвэл хотод мөнгө байна, хийх ёстой зөв ажлаа л олохгүй байна уу гэж хардмаар. Татвар нэмэх шийдвэрээ цуцалсныхаа дараа ирэх жил "ногоон байгууламж барихгүй, зам тавихгүй шүү" хэмээн иргэддээ годоллож байсан дарга нар энэ мэт үр дүнгүй, арга ядсан ажлуудаасаа эхлээд салах цаг нь нэгэнт болжээ.
2016 ОНООС ЯРИГДАЖ БАЙГААД САЯ АЖИЛ ХЭРЭГ БОЛЛОО
Энэхүү боржин чулууг өнгөрсөн амралтын өдрүүдэд тавьсан бөгөөд сүүлийн хоёр ч хоног хэн тавьсан, хаанаа ямар төсөв хөрөнгөтэй, хэний хийсэн ажлыг Хотын захиргаанаас эхлүүлээд холбогдох бүх байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асууж, тодруулсан. Гэвч мэдэж байгаа хүн олдоогүй. Хоёр хоног иргэд нь шүүмжилж, сошиал орчинд гоочилж, шуугиулсны дараа өчигдөр гэнэт ухаарсан мэт Хотын дарга өөрөө гарч ирж танилцаж, үзсэний дараа Хотын даргын өөрийнх нь захиалгаар Төрийн тусгай хамгаалалтын газар хийсэн болж хувирав. Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс чулуун хаалтыг байрлуулсан. Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны Төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. 2016 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан хүн зугтаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор чулуун хаалтыг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн” гэсэн юм. Хамгийн сонирхолтой нь хотын дарга С.Амарсайхан 2019 оны есдүгээр сарын 6-нд захирамж гаргаж, Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сүхбаатарын талбайд автомашин орох боломжгүйгээр хамгаалах байгууламж барих, энэ ажлыг Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан, төслийн удирдагч О.Мөнгөншагайг хариуцаж ажиллахыг даалгасан байх юм. Гэтэл өчигдөр /2019.12.17/ хэвлэлд яриа өгөхдөө боржин чулуунуудыг анх удаагаа харж байгаа аятай л зогссонсон.
Харин хотын даргын зүгээс боржин чулуунуудын харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй хэмээн үүрэгдсэн. Боржин чулууг дахин засварлах ажлын зардал нь Нийслэлээс гарах нь дамжиггүй. Нэг чулууны төсөв гэхэд гурван сая гаруй төгрөг. Гэтэл Хотын дарга ирэх онд зам барьж чадахгүй, ногоон байгууламж ч барихгүй хэмээн татварыг тав дахин нэмэх гэж байсныг энд тодотгоё.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ