
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн шийдвэрлэх нэгэн сонирхолтой тоглолт МХБХ-ны талбайд явагдаж өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл 32 оноотой 2-р байрт жагсаж байсан “Сэлэнгэпресс”, Эрдэнэт хотоор овоглосон “Хангарьд” багтай улирлын эцсийн тоглолтоо хийлээ. “Хангарьд” багийн хувьд ямар нэгэн дээш доош шилжих ач холбогдолтой зүйл байгаагүй ч сүүлийн тоглолтоо ялалтаар дуусгахыг хүсэж байлаа. Харин “Сэлэнгэпресс” багийн хувьд маш чухал. Хэрвээ хожил байгуулж чадвал 2-р байраа хадгалж мөн алтан медаль ч хүртэх боломж байлаа. Харин ялагдвал 3-р байрт орж авах шагналын сан 10 сая төгрөгөөр багсах ийм нөхцөл байдалтай тоглолтыг эхлүүлсэн.
Тоглолт ч тамирчдын хоорондын сөргөлдөөн, маш хатуу контакт ихтэй тоглолт боллоо. Тус тоглолтын талбайн шүүүгчээр Ариунболд ажиллаа. Эхний хагас ийнхүү ямар нэгэн гоол оролгүй тэнцээгээр өндөрлөсөн бол 58 дахь минутанд О.Мөнх-Од Хангарьд багийн нэрийн өмнөөс эхний гоолыг оруулсан. Гэхдээ энэ цэвэр “Сэлэнгэпресс” багийн хаалгачийн алдаа байсан. Түүний хувьд урагшаа маш хоцорч гарсан бөгөөд улмаар бөмбөгөө алдсанаар хоосон хаалганд гоол оруулах боломжийг эсрэг багтаа олголоо.
Гэхдээ байдал ингээд дуусахгүй нь нэгэнт тодорхой. “Сэлэнгэпресс” багийн ээлж дараалсан довтолгоо Хангарьд багийн хаалгач руу чиглэсэн. Улмаар 65 дахь минутанд Ч.Тогтохбаяр тэнцээний гоолыг булангийн цохилтоос мөргөж оруулсанаар багтаа том боломжийг олгосон.
Тоглолтын туршид 6 шар карт өргөгдсөн. Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин Алтанхуягийн Мөрөнгийн хувьд шаталттай байлаа. Учир нь 84 минутанд Хангарьд багийн урдаа барих тоглогчдын нэг Ц.Мөнх-Эрдэнэ хожлын гэж хэлж болох гоолыг оруулсанаар байдал “Сэлэнгэпресс” багийн хувьд эвгүйтсэн. Ийм үр дүнд эвлэрч чадаагүй Мөрөн дахин шар картны алдаа гаргаж талбайг чөлөөлсөн. Ийнхүү шүүгчийн мэдлийн цагт Хангарьд илүү найдвартай байснаар тоглолт 2:1 харьцаатай тэдний ялалтаар өндөрлөлөө.

Ийнхүү Арвайн Үндэс компанийн ивээн тэтгэж буй 100 сая төгрөгийн шагналын сантай Хүрхрээ үндэсний дээд лигийн 2-р байрыг “ФС Улаанбаатар” харин хүрэл медалийг “Сэлэнгэпресс” аваргын алтан медалийг “Эрчим” клубууд тус тус хүртэж байна. Өөрөөр хэлбэл “Эрчим” болон “Дэрэн” багуудын тоглолт яаг одоо үргэлжилж байгаа ч тэд нэгэнтээ аварга авах нь тодорхой боллоо.
Мөн энэхүү сонирхолтой тоглолтын эхний хагасын завсарлагаанаар өнгөрөгч 9-р сарын шилдгүүдэд шагналыг гардууллаа. 9-р сарын шилдэг дасгалжуулагчаар "Сэлэнгэпресс" багийн дасгалжуулагч Б.Чин-Оргил тодорч шилдэг тамирчнаар Соёмбын Барсууд багийн легионер тамирчин Белло нар шагналыг гардан авлаа. Тус шагналыг МХБХ-ны техникийн хэлтсийн захирал ноён Ш.Жаргалсайхан гардууллаа.

Эх сурвалж: www.the-mff.mn