“Хий дамжуулах хоолойн асуудал одоо биднээс л шалтгаална”

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

“Хий дамжуулах хоолойн асуудал одоо биднээс л шалтгаална”

“Хий дамжуулах хоолойн асуудал одоо биднээс л шалтгаална”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулахыг зөвшөөрсөн. Албан ёсны хэлэлцээгээр тус хоолойг Монгол Улсын төмөр замын маршрутын дагуу тавихаар урьдчилан тохиролцсон билээ. Хоёр жилийн хугацаанд нийт 1060 км орчим газар хоолой тавих урьдчилсан төлөвлөгөөтэй. "Сибирийн хүч-2" төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ. Мөн манай улсад жилдээ 38 тэрбум метр куб хий дамжин өнгөрсний төлбөр, мөн байгалийн хий авах боломжууд гарч ирэх билээ.

Барилга угсралтын үед 3700 хүн, ашиглалтад орохоор 1500 гаруй хүн ажиллах тооцоотой. Хийн салбарт бий болсон ажлын нэг байр бусад салбарт 6-7 ажлын байр бий болгодог гэсэн судалгаа байдаг аж. 1000 куб метр хийг 100 км-т дамжуулахад 2-2.5 ам.долларын тарифтай. Хэрэв манайхаар хоолой тавигдаад түүгээр 38 тэрбум шоо метр байгалийн хий дамжууллаа гэж үзвэл тэрбум орчим ам.долларын орлоготой байна хэмээн зарим эдийн засагч тооцоолжээ.

Бид  байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах асуудлаар мэргэжилтнүүдийн байр суурийг сонирхлоо.

 АЗИЙН СУПЕР СҮЛЖЭЭ БАРЬЖ, БҮС НУТГИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ
ЧАДАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТОМООХОН ДЭВШЛИЙГ АВЧИРНА

Европагрид Монголын Хийн Сүлжээ (MGN) төслийн ТУЗ-ийн зөвлөх гишүүн Н.Тэгшбаяр

-Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдаж, ажил хэрэг болоогүй байсныг эцэслэж, хоёр тал Санамж бичиг байгууллаа. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?

-Олон жил яригдсан. Урд нь Орос, Хятадын хоорондын яриа хэлэлцээрээс Монгол Улс гадна талд шахуу байсан. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Хятадын гурван талт хэлэлцээр нэг шат ахиж байгаа нь сайн хэрэг. Санамж бичиг заавал биелүүлэх ёстой гэсэн утгатай байдаг л даа. Тэгэхээр урт хугацаанд ажил явах юм байна гэж ойлгож байна. Ингэснээр Азийн супер сүлжээ барьж, бүс нутгийн цахилгаан дамжуулах чадамжийг сайжруулах томоохон дэвшлийг авчирна гэж үзэж байна. Зөвхөн хийн хоолойн тухай асуудал биш. Урд нь Монгол, Хятад, Орос гурван улсын төмөр замыг холбосон дэд бүтэц байсан бол одоо хийн дэд бүтэц, шилэн кабелийн дэд бүтэц, цаашлаад магадгүй нефтийн зэрэг томоохон дэд бүтцүүдийг барих санамж бичиг болсон. Мөн Монгол, ОХУ, Хятадын эдийн засгийн коридорыг үүсгэх хамгийн чухал хүчин зүйл гэж үзэж байна.

-Монголын нутаг дэвсгэрээр байгалийн хийн хоолойг дамжуулсны эдийн засгийн үр өгөөж юунд байх вэ?

-Нэгд, улс орны төсөвт ихээхэн нэмэр болох томоохон татвар төлөгчдийн нэг болно. Эдийн засаг талаасаа харвал бид одоохондоо утааг тодорхой хэмжээнд шахмал түлш хэрэглээд бууруулж байгаа. Хий дамжуулах хоолойноос бид хий авч чадвал Улаанбаатар хотыг Европын томоохон хотууд шиг утаагүй цэвэр хот болгох бүрэн боломжтой. Мөн утаанаас үүдэлтэй өвчлөлд зарцуулж буй мөнгө хэмнэгдэнэ гэсэн үг. Нэгэнт хий дамжиж байгаа тохиолдолд бид хий дамжуулах дэд бүтцийг Улаанбаатарт бий болгох боломжтой, төмөр зам дагуу газруудад хий хэрэглэх бүрэн боломжтой болсноороо эдийн засагт үр өгөөжөө өгнө. Үйлдвэрлэлүүд хөгжихөд бид хийгээр ажилладаг цахилгаан станцууд бий болох, цахилгаан экспортлох боломжтой. Энэ мэтчилэн мөнгөөр биш, эдийн засгийн утгаар томоохон үр өгөөжтэй байх юм. Бид хийн дэд бүтцийг ядаж улсынхаа нийслэлд бий болгосноор гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэх бүрэн боломжтой. Байгалийн хий ашиглаж хийн дэд бүтцэд томоохон хөрөнгө оруулалт татах боломж нээгдэж байгаа. Сүлжээ хөгжүүлэх ажлын байр нэмэгдэнэ, орон нутгийн бизнесүүдийн өрсөлдөх, хөрөнгө оруулах чадвар нэмэгдэнэ. Үйлдвэртээ байгалийн хий ашиглах боломжийг бизнесүүдэд олгоно. Хий ашигладаг станцуудын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, орлого багатай өрхүүдийг хямд эрчим хүчээр хангах боломжтой болно. Эрчим хүчний зардлыг бууруулж, бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааг хөнгөлнө. Хий нийлүүлэх боломж тодорхой болсон тохиолдолд Улаанбаатар хотын хийн дэд бүтцийг холбосон шиг айл бүрийг хийн дэд бүтцэд холбох дэлхийд сүүлийн үед хэрэгжиж буй хамгийн томоохон төслүүдийн нэг болно гэж бодож байна.

-Хэр хугацаанд үр дүнгээ өгөх бол?

-Богино хугацаанд үр дүнгээ өгөхгүй. Жишээлбэл, хийн дэд бүтцийг бүрэн хийж дуусгахад 40-өөд жилийн ажил болно. Дөрөв, дөрвөн жилээр төлөвлөх ажил биш. Урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход чухал нөлөө үзүүлнэ. Хоёр улстай улс төрийн өндөр түвшинд бид ойлголцож чадаж байгаа шигээ дараа нь эдийн засаг, соёл боловсролын түвшний харилцаагаа өндөр түвшинд аваачих чухал нөлөөтэй ач холбогдолтой төсөл болох юм. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг саармагжуулахад маш чухал нөлөөтэй. Хийн дэд бүтцийг гэр хороололд хүргэснээр өөрийнхөө хашаанд нийтийн байрнаас ч тохь тухтай амьдрах бүрэн боломж олгоно гэсэн үг. Хийн хоолой дамжсанаар зөвхөн Улаанбаатар хотыг газын дэд бүтэцтэй холбосноор эхний ээлжинд 120 мянган метр буюу 120 км орчим хийн дэд бүтцийн сүлжээг шинээр барих боломжтой болно. Энийг барих хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засаг тэр хэмжээгээр тэлнэ. Засгийн газрын байгууллагууд болон хий дамжуулахтай холбоотой хууль журам дээрээ анхаарах шаардлагатай болно. Гурван улсын хамтарсан шийдвэр гарсны дагуу олон улсын гэрээ хэрэгжүүлэхтэй холбоотой урт хугацаанд хэрэгжих томоохон төсөл гэж үүэж байгаа. Төслийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалтын тогтвортой орчин, аюулгүй ажиллагааны стандартууд чухал. Дээрээс нь эрсдэлийн стандарт, эрсдэлээс сэргийлэх менежмент, мөн хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх маш олон сорилтууд давхар хүлээж байгааг хэлэх хэрэгтэй. Хаана боломж байна тэнд сорилт, эрсдэлүүд байдаг. Боломж, эрсдэл хоёрыг ижил тооцох ёстой.

-Гадны улс орнууд агаарын бохирдлын асуудлаа хийгээр шийдэж байна. Манайх ч боломжийг алдаж болохгүй болов уу?

-Тийм ээ. Монгол орны нөхцөлд тохиромжтой зардал хэмнэсэн, аюулгүй, орчин үеийн байгалийн хий түгээх үйлчилгээг хөгжүүлэх нь чухал. Сонирхуулахад, бид дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулан агаарын бохирдлыг бууруулах, байгалийн хийн өгөөжийг богино хугацаанд орон нутгийн илүү олон хэрэглэгчид хүртээмжтэй хүргэх, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан Монгол Улсын эрчим хүчний салбарт илүү өргөн хүрээнд инноваци нэвтрүүлэх, хийн хэрэглээг илүү хямд болгох зорилгоор, цаашилбал, улс орны тогтвортой хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэхэд хөтлөх Европагрид Монголын Хийн Сүлжээ (MGN)  санаачлан хөгжүүлж байна.


НУРСУЛТАНД ОЧООД, ЯНДАН ХАЙГААД ОЛООГҮЙ

Эдийн засагч Д.Бямбасайхан

-Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар боллоо. Таны байр суурийг сонсъё?

-Ямар ч байсан санамж бичиг байгууллаа. Зүүн талаар Дорнод Сибирийн хоолой нээгдсэн ч хамгийн дөт замаар, ямар нэг гэмтэл саатал үүсвэл гэсэн утгаар хаа хаанаа ашигтай байхаар асуудлыг шийдэж байна гэж би үзэж байна. Мэдээж газар нутаг дээгүүрээ нэвтрүүлсний төлбөр яригдана. Хэдэн метр хоолой тавигдах, хичнээн шоо метр хий нэвтрүүлэх, хэзээ ашиглалтад орох вэ гэдгээс хамаарч дэд бүтэц, зураг төслийн ажлууд хийхэд багадаа жил гаруйн хугацаа орох байлгүй дээ. Оросын талаас төмөр замаа дагуулж тавья гэсэн юм билээ. Ямар нэг саад бэрхшээл, эвдрэл доголдол гарвал аврах ангийнхан очиж, техник хэрэгслээ буулгаад засварын ажлыг хийхэд бэлэн байх ёстой гэсэн олон талыг харж шийдвэр гаргасан байх. Миний хувьд маш таатай байна. Өмнө нь улс төрийн нөлөөллүүд их орж, алтан боломжийг алдсан асуудлууд бий.

-Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийн тухайд та юу хэлэх вэ?

-Хийн хоолой тавигдчихвал манай дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 40 хувь гараад ирэх болов уу гэж горьдож байна. Оросоос Европ руу нийлүүлэхээс илүү их хэмжээний байгалийн хий нэвтэрнэ гэсэн төсөөлөл байгаа юм. Төдий хэмжээгээрээ бидэнд бас ноогдох нь илүү юм болов уу. Хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдал. Хоёр улсыг холбосон эрчим хүчний гол магистрал манай нутаг дээгүүр яваа цагт бид хаа хаанаа хамгаалалтад орж, хамтрагч болчихож байгаа юм. Үр өгөөжийн хувьд бид байгалийн хийг вагоноор зөөж, саванд байрлуулаад, колонк руу аваачаад, машин руу шахаад, баллоноор гэр лүүгээ зөөдөг байдал арилах болов уу. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлт байна. Анхнаасаа газан хоолойтой барилга байгууламжуудын үндсэн шугам явж, дэд бүтцийг давхар газын шийдэлтэй хийх болов уу. Ядаж гэр хорооллууд утаагүй болох боломжтой. Дээр нь бид дутагдалтай байгаа эрчим хүчнийхээ нөөцийг цахилгаан станцуудаар бий болгох боломжтой болно. 10, 20 мегаваттын цахилгаан дулаан үйлдвэрлэдэг дэд станцууд баригдах ёстой юм. Улаанбаатар зөвхөн төвдөө байгаад байхгүй байлгүй дээ. Дагуул хот, хорооллуудыг шинээр байгуулж, хий ашигладаг станцууд барьж байгуулах байх. Би сая Ерөнхий сайдын хамт айлчлалаар Нурсултанд очоод яндан хайгаад олоогүй. Бидний мэддэг цахилгаан станц нь хаана байдаг юм бол гээд. Казахстан байгалийн хий асар ихтэй. Тийм учраас газаараа халдаг, эрчим хүчээ үйлдвэрлэдэг.

-Бидний ирээдүй тийм л байгаасай?

-Горьдож л байна. Одоо хотын төвд байгаа 3, 4 дүгээр цахилгаан станцууд 40 жилийн дараа буух байлгүй. Хотын төв рүүгээ нүүрс зөөхөө болих байлгүй. Замаас нь илүүдэл авдаг шланкаар нь авахад л бидэнд маш их өгөөжтэй. Орос газаа зараад баяжина, хөгжинө. Хятад ч газыг нь хэрэглээд улам хөгжинө. Бид дунд нь утаатайгаа, нүүрстэйгээ байхгүй, дамжуулсныхаа үр шимийг хүртээд, ядаж байгаль орчны бохирдолгүй болох байлгүй дээ. Одоо засаг нь тогтвортой, сонгууль нь аятайхан явчихаасай. Тэгэхгүй олон янзын попууд нь гарч ирээд, бараг үнэгүй нэвтрүүлж байна, өшөө ихийг авах ёстой гэж солиороод, түүнийг нь ард түмэн дэмжээд явчихвал балай юм болно. Тиймээс улс төрөөс л айж байна. Бидний хувьд нэг хэцүү юм нь, ажлаа хийх гэхээр нэг дарга нь гарын үсгээ зурахгүй гараад явчихдаг, зургаа батлуулах гэсэн дарга нь золголтоо хийх гээд Баян-Өлгий рүү явчихдаг. Ийм асуудал болохгүй л бол гайгүй дээ. Ер нь биднээс л шалтгаална.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж