Д.Шийравжамц: Шилдэг залуу тоглогч болоод би илүү их хичээх ёстой гэж бодсон

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Д.Шийравжамц: Шилдэг залуу тоглогч болоод би илүү их хичээх ёстой гэж бодсон

Д.Шийравжамц: Шилдэг залуу тоглогч болоод би илүү их хичээх ёстой гэж бодсон

Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдээ тодруулдаг зургаа дах удаагийн “Алтан бөмбөг-2019” ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт бол өнгөрсөн. Тэгвэл тэрхүү үдшийн тод од нь байж оны “Шилдэг залуу тоглогч” болон “Шилдэг гоолын эзэн” болсон Шинэ Монгол ахлах сургуулийн 10-2 ангийн сурагч Дамдиндоржийн Шийравжамцтай хэсэгхэн хоромхон ярилцлаа.


 -Юуны өмнө анх хөлбөмбөгтэй холбогдсон түүхээсээ хуваалцахгүй юу?

-Би анх хоёр настайдаа гэр бүлээрээ Япон улс руу яваад, долоон настайгаасаа ахыгаа даган анх Японы багт хөлбөмбөг тоглож эхэлсэн. 6 жилийн дараа Монголд ирмэгцээ Дэрэн FC гээд клубт орсон. Одоо хүртэл тус клубтээ хүчин зүтгэж байна даа.

– Гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл зургуулаа. Дээрээ нэг ах, доороо хоёр дүүтэй аав ээжийн хамт амьдардаг. Аав маань анагаах ухааны профессор, ах маань Япон улсад суралцаж байгаа.

– Хөлбөмбөгийн U-16 багт сонгогдсон түүхээсээ сонирхуулаач?

– Өнгөрсөн зуны Монголын хөлбөмбөгийн холбооноос “Элит академи”гэж үүсгэн байгуулаад 16 болон 19 настай хүүхдүүдийг тоглолт , ур чадварыг харгалзан үзэн сонгон шалгаруулж зуны  турш бэлтгэл хийсэн. Тэгээд есдүгээр сарын дундуур болсон Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцсон байгаа. Тэр тэмцээнд бид хэсэгтээ Австрали, Вьетнам, Зүүн Тимор, Макао гэсэн багуудтай ороод хэсгийн нээлтийн тоглолтондоо Макаог 1-0 харьцаатай хожоод бусад багуудад нь харамсалтайгаар хожигдсон.

– Тус тэмцээний үеэр Австралийн хаалганд гоол оруулсан нь шилдэг гоолоор тодорсон шүү дээ. Хэдийгээр хожигдсон ч шилдэг гоол байж чадсан?

-Манайх тоглолт эхлээд ойр ойрхон хоёр гоол алдаад жоохон сэтгэл санаа тиймхэн байсан. Би тэгээд л багийнхандаа эрч хүч, урам зориг өгөхийн тулд тэрхүү гоолыг оруулсан.

-“Шилдэг гоолын эзэн” болон “Шилдэг залуу тоглогч”-ийн эзнээр тодрох үед юу бодогдож байв?

-Би “Алтан бөмбөг” арга хэмжээнд анх удаа оролцоод тэр том шагналуудыг авч байгаадаа их баяртай байсан. Тухайн үед өсвөрийн шилдэг тамирчин авна гэж бодоогүй.Гарьдаа багш маань миний шагналыг барьсан зогсч байсан.Шилдэг гоолынхоо л шагналыг авч байгаа юм даа гэж бодсон чинь “Шилдэг залуу тоглогч”-оор шалгараад сэтгэл их хөдлөөд бага зэрэг шоконд орсон (инээв). Тэр үед төрүүлж, өсгөсөн ээж аав, тусалж дэмждэг багийнхандаа, дасгалжуулагч нарыгаа бодож, хамгийн их баярласан даа.

– Хөлбөмбөг багийн спорт. Талбай дээр гарахгүй ч дасгалжуулагч нар, арын албаныхаа хүмүүсийг чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй?

-Эхлээд Баяртулга багш дараа нь Гарьдмагнай багш,Серби дасгалжуулагч Вожислав Бралушич, Португаль дасгалжуулагч Паоло Силва нартай ажиллаж байгаа. Тэдэндээ үргэлж баярлаж явдаг.

-Дэрэн клубтэйгээ ямар амжилтуудыг үзүүлж байсан бэ?

-Олон амжилт гаргаж байсан даа. Гадаа талбайн улсын аваргад ер нь байнга л медаль хүртдэг шүү. Ихэнхдээ аваргыг нь л авдаг. Бас заалны тэмцээнүүдэд ч эхний гурван байрыг эзэлдэг. Тэгээд л зун болгон Хятад руу эсвэл Орос руу Швед руу тэмцээнд явдаг. The Goethe Cup дэлхийн хүүхдийн фестивалийн А зооноос хүрэл медаль хүртэж байлаа. Тэр үед хэсэгтээ Тайланд, Хятад, Солонгос, Япон зэрэг улсуудын багуудтай тоглож байсан. Яг ч сайн санахгүй байна (инээв).

– Оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн хүнд өрсөлдөгчөө нэрлэвэл ямар багийг нэрлэмээр байна?

-Бид нар Хайнан руу тэмцээнд явж байлаа. Тэр нь болохоор багуудыг урьж авчирдаг. Тэгээд улс улсуудын дандаа номер нэг багууд урилгаар ирдэг. Тэрхүү тэмцээнд Японы насныхаа улсын аварга багтай тоглож байсан. Аягүй мундаг, сайн баг байсан. Тэр тоглолтонд бас олон гоолоор хожигдож, илүү хичээх ёстой юм байна гэсэн том сургамж авсан.

Сургуулийн сурагч, хажуугаар нь бэлтгэлээ амжуулахад хэр зохицуулалт хийж байна даа?

– Бэлтгэлийн хувьд өвөл болохоор зааландаа тактик, цохилт, дамжуулалт, фитнессийн дасгалууд хийдэг. Харин зун болохоор гүйлтийн бэлтгэл, бас тактик зэрэг хийдэг дээ. Одоо би болохоор дээд лигийн Дэрэнгийнхээ багт тоглодог. Тэгээд жоохон бэлтгэлийн хувьд хүндэвтэр байгаа.

– Дээд лигийн дебютээ аль багийн эсрэг хийсэн бэ ?

– “Хаан хүнс титэм” багийн эсрэг хийсэн.

-Ирээдүйн төлөвлөгөөнд гадны багт тоглох хүсэл эрмэлзэл байгаа л байлгүй. Мэргэжлээ сонгож амжсан уу?

– Ямар ч байсан эхний ээлжинд Англи хэлээ сайжруулаад гадаадад суралцаж тэндээ хөлбөмбөгийн лигт тоглох хүсэлтэй. Мэргэжлээ хараахан сонгоогүй л байна.

-Дэмждэг баг болон хувь тоглогчоо нэрлээч?

– Би Ливерпүүлийг дэмждэг. Тоглогчийн хувьд Стивен Жерардыг дэмждэг дээ.  Монгол тоглогчдоос Гарьдаа багшийгаа дэмждэг . Олон жил шигшээ багт өндөр түвшинд тоглосон туршлагатай саяхан зодгоо тайлсан. Ер нь Гарьдаа багшаасаа л үлгэрлэж, суралцаж явдаг даа.

-Хувийн амжилтуудынхаа хэзээ ч мартагдашгүй дурсамжуудаас хуваалцахгүй юу?

-Жил бүр Германы Бориуссиа Дортмунд клубын багш, дасгалжуулагч нар Монголд ирж хүүхдүүдийг хөлбөмбөгийн бэлтгэлд хамруулж, сайн хүүхдүүдийг хараандаа аван академи руугаа авч явдаг. Тэгээд клубийн доод насны арван настай Ким бид хоёр шалгараад явахаар болоод Германд очиж бэлтгэлд хамрагдсан.Тийшээ Кимийн аав, Балжинням ах, МИАТ-ын Хурц ах нартай явсан. Тэндээ очоод гурав хоног бэлтгэлд нь ороод ер нь өөрийгөө шалгаад дэлхийн хүүхдүүдийн хаана явааг харсан.  Европ хүүхдүүд угаасаа жоохон том, хурдтай гэхдээ нэг их ялгараад онцгойроод байх юм байхгүй санагдсан. Гэхдээ илүү хичээх хэрэгтэй. Ялангуяа бие бялдар, булчин хурд тэсрэлтээ нэмэх хэрэгтэй юм шиг санагдсан.

                                                                                                                                 Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж