Хэрэглэгчээ хулхиддаг баярын өмнөх хуурамч хямдрал

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчээ хулхиддаг баярын өмнөх хуурамч хямдрал

Хэрэглэгчээ хулхиддаг баярын өмнөх хуурамч хямдрал

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад хэдхэн хоногийн хугацаа үлдсэн энэ үед хүн бүр л шинэ жилээ шинэ бүхнээр угтахыг хичээдэг. Энэ үеэр худалдаа үйлчилгээний салбар хамгийн ашиг орлоготой байдаг. Баярын үеэр иргэдийн халаас хоосорч, худалдаа эрхлэгчдийн халаас түнтийнэ.

Иргэдийн эрэлт хэрэгцээ, худалдан авалт дээр тулгуурлан баярын өмнөх өдрүүдэд дэлгүүр хоршоо, худалдааны төв, албан байгууллагууд бараа бүтээгдэхүүндээ хямдрал зарлах нь түгээмэл. Томоохон зах, худалдааны төвүүдийн үүдэнд SALE гэсэн бичигтэй том самбар энд тэндгүй. Гэвч бодит хямдрал зарлаж, хэрэглэгчдээ баярлуулдаг уу гэвэл бас л эргэлзээтэй. Ихэнх тохиолдолд хямдрал зарласан нэртэй бараа бүтээгдэхүүний үнээ хэд дахин нугалж өсгөх нь бий. Үүнийг иргэд сошиал сүлжээгээр дамжуулан жил бүр шүүмжилдэг ч худалдаа үйлчилгээнийхэн үнээ буулгах сонирхолгүй нь илт. Жишээ татахад, фэйсбүүкт Bolor-Erdene Baljinnyam хаягтай иргэн Номин худалдааны төвийн хямдралыг шүүмжилсэн нь олны анхаарлыг татсан. Тэрбээр тус худалдааны төвийг хямдрал зарлахаас долоо хоногийн өмнө ХӨСҮТ-ийн орчимд байрлах Номин худалдааны төвөөр орж угаалгын машин сонирхоход 1.399.000 үнэтэй байсан аж. Дараа нь хямдрал зарласан сургаар очиход өмнө байсан үнээ хямдарсан үнэ болгож, жинхэнэ үнэ нь өмнө байснаасаа 400 мянгаар илүү нэмсэн байжээ.

Хамгийн олон үйлчлүүлэгчтэй И-Март худалдааны салбар барааны үнээ хямдруулах тун “дургүй”. Зад хямдрал нэрийдлээр үнээ өсгөдгийг ч үгүйсгэхгүй. Тус худалдааны төвийн хямдралтай бараа зарим тохиолдолд иргэдийн элэг доог болж, бас л шүүмжлэл дагуулдаг. Тухайлбал, үсний сэнсэндээ "цочир үнийн хямдрал" зарласан ч үнэндээ хямдарсангүй. Үндсэн 39.900 төгрөгөөс 39.900 төгрөгийн үнийн хямдрал зарласан нь цахим орчинд түгж, анхаарал татаж байлаа.

Удахгүй шинэ жил болох гэж байгаа энэ үед ч бас баярын үеэр хамгийн гүйлгээтэй байдаг жимс, жимсгэндээ хямдрал зарласан ч төдийлөн үнэ нь буурсангүй. Шинэ жилийн шинэхэн хямдралаар чежү мандарин 6880-6600 төгрөг, үрлэн улаан лооль 6180-5500 болж хямдарсан нь иргэдийн сэтгэлд хүрсэнгүй. Иргэдийн зүгээс “Үнэхээр цочир хямдарчээ” гэж шоолох сэтгэгдлүүд их байв. Зарим үйлчлүүлэгч бараа бүтээгдэхүүндээ 50 хүртэлх хувийн хямдрал зарлачихаад кассан дээр очиход хямдраагүй байна гэх гомдол мэдүүлэх нь ч харагдсан. Зөвхөн хоёр том худалдааны төвөөр жишээ авахад ийм байна. Үүнээс өөр худалдаа, үйлчилгээний төвүүд хямдрал нэрийдлээр үйлчлүүлэгчдээ хямруулдаг ч юм билээ.

ИРГЭДИЙН ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙН 40 ХУВИЙГ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР ЭЗЭЛЖ БАЙНА

Иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авдаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 5 хүртэлх долоо хоног хүртэлх иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн талаарх статистик мэдээллийг гаргажээ. Тус төвөөс гаргасан судалгааны дийлэнх гомдлыг худалдаа үйлчилгээний байгууллага эзэлж буй талаарх тоон баримтыг сонирхуулъя.

Бараг манайхаас бусад улсад баярын өмнө өргөн хэрэглээний барааны үнэ өсөх биш, хямдардаг жишиг бий. Худалдан авалт хамгийн өндөрт тулдаг үе нь баярын өмнөх өдрүүд учраас тэр. Энэ үед барааны үнэ хамгийн доод цэгтээ буудаг. Гэтэл Монголд эсрэгээрээ байдаг жишиг тогтоод уджээ. Үүнд хүмүүс нэгэнт дасал болж, баярын өмнөх өдрүүдэд барааны үнэ буурах биш улам өсдөг нь бичигдээгүй хууль болчихоод байна. Үүгээр ч зогсохгүй нийтээр тэмдэглэдэг баяр ёслолыг хугацаа нь дуусах дөхсөн, муу бараагаа шахах боломж гэж харж, шинийгээ цааш хийж хуучнаа гаргаж зардаг ч тохиолдол байдаг гэнэ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтаар хаяг шошго буруу, хуурамч, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн бараа худалдаж байсан зэрэг 532 зөрчил илрүүлжээ.

Тус газрын Хүнсний чанар стандартын улсын байцаагч Х.Чимгээ “Шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор шалгалт хийсэн. Хүүхдийн бэлэгтэй холбоотойгоор аж ахуйн нэгж,  дэлгүүр нь санаатай болон санаандгүйгээр хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг бэлгэнд боох зөрчил илэрч байгаа учраас эцэг, эхчүүд хүүхэддээ бэлэг сонгохдоо онцгой анхаарах шаардлагатай байна" гэв.

Мэдээж шинэ жил, цагаан сар, наадам гээд тэмдэглэлт баярын өдрүүдээр хайртай дотны хүмүүсээсээ мөнгөө хайрлаад байдаггүй. Харин үүнийг нь худалдаа эрхлэгчид мөнгө олох боломж гэж харж, хулхи хямдрал зарлаж халаасанд байгаа хэдэн төгрөгийг нь шавхаж халаасаа зузаалах нь ёс зүйтэй үйлдэл биш.

Б.ЦЭЦЭГ

Д.БАТ-АЮУШ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж