Олны танил эрхмүүдийн хар тамхины хэрэг "замхрав"

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Олны танил эрхмүүдийн хар тамхины хэрэг "замхрав"

Олны танил эрхмүүдийн хар тамхины хэрэг "замхрав"

Хар тамхины хэрэглээ улам ихэсч, цагдаагийн байгууллагаас түүний эсрэг авах арга хэмжээгээ эрчимжүүлсээр байгаа билээ. Гэвч Монголд хар тамхи “цагаан тахал” хэвээр байна. Одоогоос долоон жилийн өмнө Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгаагаар, 100 мянган хүн тутмын 2700 нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис хэрэглэдэг, 21800 хүнд хэрэглэх санал тавьсан байх магадлалтай, мөн мансуурагчдын 63 хувь нь ууж, 18 хувь нь татаж, долоон хувь нь үнэрлэж, 12 хувь нь тарьж хэрэглэдэг. Судалгаанд хамрагдсан 18-24 насны залуусын 36 нь каннабис, 18 нь экстази хэрэглэж үзсэн гэж хариулжээ.

Цагдаагийн байгууллагаас саяхан Улаанбаатар хотын таван дүүрэг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын нийт 1067 сурагч хамруулан судалгаа явуулахад 26 хувь нь уг бодисыг нэг ба түүнээс дээш удаа хэрэглэсэн үзүүлэлт байгаа нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ өсвөр үеийнхний дунд өндөр байгаа нь харагдаж байна.

Судалгаанд хамрагдсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэрэгт холбогдож ял шийтгэгдсэн болон одоо шалгагдаж буй хүмүүсийн 85 хувь нь 35-аас доош насныхан ба хоригдогчдын дундаж нас 25-30 байна. Эдгээр залуучуудын тэн хагас нь 16-25 насандаа анх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэж эхэлсэн нь хүүхэд, залуучуудын дунд зонхилж, цаашид буурах хандлага ажиглагдахгүй байгааг харуулж буй юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийнхээс 32 хувиар, холбогдогч нарын тоо 21 хувиар өсчээ.

Урлагийн салбарт олонд танигдсан эрхмүүд үйлдэл дээрээ буюу хар тамхи хэрэглэж байгаад баригдах тохиолдол бүртгэгдсээр байна. Гэвч хар тамхи хэрэглэсэн олны танил эрхмүүд гэм зэмгүй бидний дунд яваа нь манай хууль хар тамхичдад дэндүү зөөлөн ханддаг гэсэн ойлголт төрүүлдэг.

ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-ны 00.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноож, Цагдан хорих 461-р ангид саатуулагдсан 28 хоногийг хасч, нэг жил 11 сар 2 хоног хорихоор болсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцсон юм.

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргав. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлээд байгаа билээ.

Өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан залуу жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчлан саатуулж, хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

“Никель” Ганбаа гэх нэрээр олонд танигдсан, UBIKE төслийнхөө 250 сая төгрөгийг шаркуудаас салгаж чадсан Г.Дашням олон нийтийн эзэмшлийн газар автомашин дотроо мансуурч байгаад саатуулагдсан.

Нэгэн цагт уран бүтээлээрээ охид залуусыг байлдан дагуулж явсан "Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаярыг хар тамхи хэрэглэж байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас баривчилсан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос өнгөрсөн мягмар гариг (2019.12.17)-т түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Тэрбээр өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргээр зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байв.

Дуучин Эгшиглэн, Коби нар өнгөрсөн 2018 онд хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан. Нийслэлийн прокурорын газраас Содномдаржаа овогтой Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хэрэгт гэм буруутайг тогтоож, нэг жил нээлттэй хорих ял оноосон. Харин Эгшиглэн буюу Т.Болортуяа нь тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдож, хэргээс “мултарсан” юм.

Хар тамхины хэрэгт “Ice top” хамтлагийн Д.Манлайбаатар, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior тэргүүтэй урлагийнхан нэр холбогдон шалгагдаж, тэнсэн харгалзах ял тус тус авч байв.

Монголын Хип Хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан. Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбогдсон Г.Сарангэрэл хар тамхитай холбоотой хэргээр жил гаруй хугацаатай хоригдоод гарч ирсэн. Гэвч удалгүй өөрийн биед хар тамхи нуун Монголын хилийг давах гэж байгаад дахин баригдсан юм.

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны дүү С.Бямбацогт гэгч хэсэг нөхдийн хамт хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан билээ.

Хэдэн жилийн өмнө “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож, 10 жилийн ял сонссон ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан билээ.

Энэ мэтчилэн урлаг соёлынхон хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан, зарсан гэмт хэргүүдэд холбогддог ч удалгүй хэрэг нь "замхардаг" нь нэгэнт нууц биш болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтХориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Хар тамхийг хэрэглэх эсэх нь хувь хүний ухамсрын асуудал юм. Өөрөөр хэлбэл, бидний хөрш улсууд хар тамхи хэрэглэдэг байлаа гээд бид заавал хэрэглэх шаардлагагүй юм. Өнөөдөр Монголд буй мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест нь жирэмсний тесттэй адил, биологийн дээж буюу шээсэнд дүрж үр дүнг шууд харах боломжтой байдаг аж.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Прокурорын газартай хамтран шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга  хэмжээ авагдсан 64 этгээдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад 20 этгээд хар тамхи, мансууруулах бодис дахин хэрэглэсэн нь тогтоогджээ. Эдгээрийн  дөрвөн этгээд биедээ мансууруулах бодистой явсныг илрүүлж, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Мансууруулах бодис  хэрэглэсэн 16 этгээдэд “шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй” гэх үндэслэлээр одоогийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хорих ял оногдуулах тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлээд буй юм байна.

Шүүхээс энэ төрлийн хэрэгт холбогдсон гэм буруутай этгээдэд тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн этгээдэд засрал хүмүүжил олгох үүднээс “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” албадлагын арга хэмжээг давхар оногдуулж байгаа ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж