Хонгконг, Шинжаан, худалдааны дайн-Ши Жиньпиний харш жил

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Хонгконг, Шинжаан, худалдааны дайн-Ши Жиньпиний харш жил

Хонгконг, Шинжаан, худалдааны дайн-Ши Жиньпиний харш жил

АНУ-тай хийсэн худалдааны дайнаас эдийн засгийн ихээхэн хохирол амсч, Хонгконгчууд босч, Шинжаан дахь хүний эрхийн зөрчлийг дэлхий нийтээрээ анхааралдаа авч, өмгөөлсөн 2019 он Хятадын удирдагчийн хувьд хатуухан жил болж өнгөрлөө. Нэг хүний засаглал, түүний уур хилэн ирж буй 2020 онд Хятадын нөхцөл байдлыг улирч буй оноос хүнд байдад оруулж магадгүй юм.

ХУДАЛДААНЫ ДАЙН

Өнгөрсөн хугацаанд худалдааны дайнд багахан буулт хийчихсэн бол одоо АНУ-тай харилцаагаа эргэн сэргээчихсэн, эдийн засгийн хувьд ч өнөөгийнхөөс хамаагүй дээр байх байсан болов уу. Гэтэл Ши Жиньпин ухарсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч ч үүнд ч уурсч, Хятадад хариуг нь барьж дахин Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, тус улсын хамгийн амин чухал салбар болох техник технологийн салбарыг нь “боомилж” эхлэв.

Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтсэнээс хоёр долоо хоногийн дараа Трамп Хятадын технологийн компаниудыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан гэж үзээд АНУ-ын үйлдвэрлэгчдийг Хятадад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, Хятадаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. АНУ-ын энэ шийдвэрийн хамгийн том хохирогч бол Хятадын харилцаа холбоо, мэдээлэл технологийн “Huawei” компани. Үүний дараа хоёр улс худалдааны асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч, яриа хэлэлцээ шинэ түвшинд гарч байгааг зарласан ч хоёр том гүрний хоорон дахь технологийн дайн үргэлжилсээр байгаа юм.

ХОНГКОНГ

1997 онд Хятадын мэдэлд ирсэнээс хойш улс төрийн хувьд хамгийн хүнд хямрал нүүрлээд буй Хонгконгод үүсэх эрсдэлүүд улам нэмэгдэж байна. Энэ бүхэн анх хагас жилийн өмнө Хятадын талыг баримтлагч улирдагч Кэрри Лам сэжигтнүүдийг эх газрын хятад руу шилжүүлэх хуулийн төслийг танилцуулснаас эхлэлтэй. Хонгконгчууд уг хуулийн төслийг засаг захиргааны тусгай бүсэд хяналтаа улам чангатгах гэсэн Хятадын бодлого хэмээн үзэж хэдэн зуун мянгаараа эсэргүүцэн жагсаж эхэлсэн нь өдгөө бослого болон хувираад байна.

Хонгконгийн эрх баригчид тэдний дуу хоолойг сонсохыг хүсээгүй тул жагсагчдын уур хилэн дээд цэгтээ хүрч, тоо ч нэмэгдэн Азийн санхүү эдийн засаг, худалдааны төв болсон Хонгконгод буун дуу нүргэлж, нулимс асгаруулагчийн утаан манан татжээ.

Дэлхий нийтийн хувьд Хонгконгод 1989 оны Тянь Ань Миний бослогын түүх давтагдлахвий гэсэн айдас ч байсан юм. Сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг албан ёсоор татан буулгасан ч Хонгконгчууд Хятадаас нэг мөр салахыг хүссэн бололтой, одоо ч тэдний эсэргүүцэл тэмцэл намжаагүй байна. Арваннэгдүгээр сарын сүүлчээр зургаан сар гаруй үргэлжилсэн үймээн самууны дараа Хонгконгод орон нутгийн сонгууль болж, Бээжингийн талыг баримтлагчид гутамшигтайгаар ялагдан, ардчилсан хүчний залуус түүхэн ялалт байгуулсан юм.

ШИНЖААН-УЙГУР

Ши Жиньпинд дахин хүчтэй цохилт болсон зүйл бол өнгөрсөн сарын сүүлээр Хятадын Шинжаан дахь үндэстний цөөнхүүд буюу исламын шашинт уйгуруудыг хэрхэн үй олноор нь хомроголон баривчилж, хорьж цагдан хүний эрхийг зөрциж буй талаар 400 гаруй хуудас барим бичгийг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид олсон явдал байв.

Зөвхөн Хятадын Засгийн газрын ажилтнууд ийм нууц материалтай танилцах боломжтой байсан ба Ши Жиньпиний улс төрийн дайснууд түүний нэр хүндийг унагаахын тулд тэдгээр баримтыг барууны хэвлэлүүдэд зориудаар өгсөн байж болзошгүй гэх хардлагыг төрүүлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд болсон эдгээр адармаатай үйл явдлуудад Ши Жиньпин өөрийгөө л буруутгах хэрэгтэй. Ялангуяа маш их мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлсэн нь түүний алдаа байж магадгүй юм.

Ши Жиньпин 2012 онд төрийн эрхэнд гарахаас өмнө ч худалдааны маргаан, хонгконгчуудын эсэргүүцэл, Шинжаан дахь уйгуруудын асуудал байсан уу байсан. Гэхдээ тур үеийн Хятадын удирдлагууд эдгээр асуудлыг одоогийнх шиг дэвэргэлгүй хязгаарлаж чаддаг байсан юм. Тухайлбал, 2003 онд Хонконгт хагас сая гаруй хүн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг эсэргүүцэхэд Хятадын Засгийн газар тэр дор нь хуулийн төслөө татан буулгасан байдаг.

Ерөнхийдөө Ши Жиньпин бүх эрх мэдлийг өөрийн гарт төвлөрүүлснээр шийдвэр гаргах үйл явц өөрчлөгдсөн гэж хэлж болно. Түүний доор ажиллаж буй шийдвэр гаргах түвшний хүмүүс нь түүний саналтай зөрчилдөхөөс эмээж, өөр саналтай байгаагаа илэрхийлбэл түүний эрх мэдэлд халдаж буй хэрэг болно гэдгийг мэддэг тул зүгээр л хэлснийг нь дагадаг болчихсон. Угтаа бол олон хүний санаа бодлыг сонсч, тэр дундаас оновчтой шийдлийг хэлэлцэн хайж олох нь хамгийн зөв гаргалгаа байдаг. Ямартай ч түүний засаглал энэ байдлаараа үргэлжилбэл 2020 он түүний хувьд илүү таагүй жил болох магадлалтай байна.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж