Moon dance: Дэлхийн хамтлаг гэдгээ нотолсон ч бидний сэтгэл ханахгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Moon dance: Дэлхийн хамтлаг гэдгээ нотолсон ч бидний сэтгэл ханахгүй

Moon dance: Дэлхийн хамтлаг гэдгээ нотолсон ч бидний сэтгэл ханахгүй

Бүжгийн спортын төрлөөр дэлхийд амжилттай оролцож, 2019 оны Латин формейшн бүжгийн ДАШТ-д дэлхийн хамтлаг гэдгээ нотолж, цомын эзэд болсон  “Moon dance”  хамтлагийн дасгалжуулагч О.Оюунбаттай ярилцлаа.


-Дэлхийн шилдэг зургаан хамтлагийн нэгээр шалгарсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та бүхний хувьд 2019 он амжилт ололтоор хэр дүүрн жил байв?

-Баярлалаа, манай хамтлагийн хувьд 2019 он ололт амжилтаар өрнүүн жил байлаа. Энэ сарын 7-нд  ХБНГУ-ын Бремен хотноо амжилттай зохиогдсон латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид эх орноо төлөөлөн зургаа дахь жилдээ оролцоод  финальд үлдэж амжилтаа бататгасан сайхан жил боллоо. Тэмцээнд 25 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Өнгөрсөн жил БНХАУ-д зохиогдсон ДАШТ-ээс бид наймдугаар байрт жагсч байсан. Бид 2016 онд анхны ДАШТ-д оролцож, финалд үлдээд тавдугаар байрт орж байсан удаатай. Энэ бол бидний хувьд хэзээ ч төсөөлж байгаагүй амжилт байв. Манай хамтлаг байгуулагдаад зургаан жил болсон ч ice quin бүжгээрээ хагас финальд үлдэж байв. Тухайн үед Германы нэг дасгалжуулагч бидэнд “Та нар өнөөдөр дэлхийн хамтлаг боллоо. Тэр тусмаа Азиас финалд үлдэнэ гэдэг бол ямар ч Европ хүний сэтгэхүйд байхгүй зүйлийг хийж чадлаа” гэж бахархалтайгаар хэлж байсан. Дараа жил нь 2017 оны ДАШТ-д энэхүү бүжгээрээ оролцож VI байрыг эзэлсэн. Тэр үед бид  өөрсдийгөө дэлхийн хамтлаг гэдгээ баталж чадсан ч финалист гэдгээ авч үлдэх, цомд хэрхэн хүрэх талаар л зорьж байсан. Бидний хувьд 2018 он амжилтаар дүүрэн жил байсан ч БНХАУ-д зохиогдсон ДАШТ-ий үеэр надад шүүлт нь таалагдаагүй. Энэ жил дахин финалд үлдсэн ч цомын төлөө зорилоо. Финалист гэдгээ хадгалж авч үлдлээ. Үүнд бидний сэтгэл ханахгүй. Одоо бид ДАШТ-ээс медаль шүүрмээр байна. Ирэх жилийн ДАШТ-ээс бид цомын эзэн болохын төлөө л бид ажиллана, шинэ он гарахтай зэрэгцээд л бэлтгэлээ эхлүүлнэ.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэчнээн орны тамирчидтай өрсөлдөж финалд үлдэв. Өрсөлдөгчид хүчтэй байв уу?

Энэ жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 орны 19 шилдэг баг өрсөлдсөнөөс финалын шатанд ОХУ, Герман, Австри, Монгол Улсын баг үлдсэн. Мэдээж финалд үлдсэн багууд хамгийн хүчтэй өрсөлдөгчид байлаа. Шүүгчдийн хувьд техник, хөгжимт хөдөлгөөн гэх мэт дөрвөн баллаар шалгаруулдаг. Энэ удаагийн тэмцээнд финалын шатанд Moon dance хамтлаг өндөр үнэлгээ авсан. Өмнөх жилүүдэд 32 оноо авдаг байсан бол 34 оноо авсан нь бидний хувьд ахицтай байсан.

-Тэмцээний гол шалгаруулалт юу байв?

-Бидний хувьд зургаа дахь жилдээ ДАШТ-д оролцсон болохоор багагүй туршлага хуримтлуулсан. Жил бүрийн ДАШТ-ээс бид зохиомжоороо илүү өндөр үнэлгээ авдаг. Энэ жил зохиомж болон техник, хөгжимт хөдөлгөөн бусад гурван үнэлгээндээ өндрөөр үнэлүүлж финалд үлдсэн. Гэхдээ өмнөх жилүүдэд техникийн оноо маш муу байлаа. Үнэлгээгээр 10 оноо авах ёстойгоос 7 оноо л авдаг. Ийм байдлаар таван жил өнгөрсөн. Энэ жил техник дээр илүү анхаарсны үр дүн гарч 8 оноо авлаа. Цаашид оноогоо ахиулж, бусад багуудтай илүү ажиллаж медаль авахыг зорино.

-Манайхны гол алдаа нь юу байсан бол?

Бидний хувьд алдсан гэж бодохгүй байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчид биднийг хэрхэн дүгнэж, харснаас л бүх зүйл шалтгаалдаг. Тиймээс Moon Dance хамтлагийнхны хувьд энэ жилийн ДАШТ-д алдсан гэж зүйл байхгүй. Гэхдээ  2020 оны  ДАШТ-д бид бүжгийн аяа зөв сонгож, илүү шоу талаас нь  анхаарна.

-Техникийн хувьд?

-Техник гэдэг нь аян дээр бүжиглээд л гүйхийг хэлэхгүй. Тухайн аяыг эзэмшиж,нарийн хөдөлгөөнийг бүжигчин бүр эзэмшинэ, тэрийг заана гэдэг их хугацаа ордог. Манай тамирчдын давуу тал нь олон төрлийн эргэлтүүд хийдэг. Энэ жил бид талбайд гурван удаа гарч бүжиглэхдээ эргэлтийн техникүүдээ маш амжилттай гүйцэтгэсэн. Өмнөх жилүүдэд ДАШТ-д оролцохдоо бүжигчдэд маань бага зэрэг эмээж, сандрах зүйл ажиглагддаг байсан бол энэ жил техник дээрээ илүү төгс ажиллаж, өөртөө итгэлтэй оролцсон.

-“Шонхор”  үзүүлбэрийн гол утгыг тайлбарлавал?

Энэ жил бүжгийн  үзүүлбэртээ Монголынхоо бахархал болсон “Шонхор” шувууг онцолсон нь  тоо толгой нь цөөрч буй энэ шувуугаа хайрлаж, хамгаалъя, хүчийг нь илэхийлье гэж зорьсон. Бүжгийн илэрхийлэл бол бүхэлдээ л шонхор шувууны тухай байсан. Ялангуяа эхлэл, төгсгөл. Анчид шувуунд урхи тавьж барихад шонхор маш  хүчтэйгээр урхины торыг тас татаж дүүлэн нисч буй агшныг харуулсан. Үүгээр нийт монголын ард түмний эерэг сайхан энерги, хүч чадлыг илэрхийлсэн гэж бодож байна. Гадныхан бидэнд  “та нар жил бүр бидэнд маш өвөрмөц, содон үзүүлбэр үзүүлдэгт баярлалаа” гэж хэлж байсан нь маш сайхан санагдаж байсан. Дэлхийн хаана ч бид эх орныхоо л нэрийг өөрийн нэрнээс илүү хайрлаж, өндөрт гаргахыг хичээдэг. Энэ бол маш том хариуцлага. Монголчууд гэдгээр нь таньж, монголчууд гэдгээр нь л ярина шүү дээ.

-Энэ жилийн ДАШТ-т та их эмоцитой харагдсан. Тамирчдынхаа урдаас нь хараад суух хэцүү байсан уу. Гэр бүлийн тань хүн тантай адилхан дасгалжуулагч. Танд юу гэж зөвлөж байв?

-Манай эхнэр надад эмоцио дар гэдэг юм /инээв/.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сэтгэл хөөрч, эмоцилоход дэргэдээс “одоо болно, одоо болно” гээд хөөрхөн хөгжилтэй зүйл болсон. Би өөрөө бүжигчин хүн болохоор тэмцээн дээр хүүхдүүдийнхээ урдаас хараад суухад  өмнөөс нь бүжиглэчих гээд л сэтгэл гэгэлзээд их хэцүү л байдаг юм билээ. Эхнэрийнхээ зовлонг ойлгосон.

Олон улсын нэр хүнд бүхий тэмцээнд амжилттай оролцох үгүй нь бэлтгэлээс шалтгаалдаг. Бэлтгэлээ хэр сайн хангасан бэ?

-Манай хамтлаг дөрөвдүгээр сараас бүжгийн санаа, дэглэлтээ гаргаж бэлтгэлээ гаргаснаас хойш өөрсдийгөө их бага хэмжээгээр сорьж, бэлтгэл тасраагүй. Өнгөрсөн тавдугаар сард Англи улсад зохиогдсон тэмцээнд “Шонхор” үзүүлбэрээр оролцож дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэмцээний дараа уг үзүүлбэрээ илүү сайжруулж, есдүгээр сараас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын өмнөх бэлтгэлдээ илүү анхаарал хандуулсан. Бэлтгэлийн үр дүн гарсан гэж үзэж байгаа. Гэхдээ манайд олон хүнийг нэг дор, товлосон цагт бэлтгэл хийх нь их хүнд. Ихэвчлэн хичээл, ажлын цаг тарсны дараа оройн цагаар бэлтгэл хийж байна. Хувийн амьдралдаа цаг зарцуулахын зэрэгцээ л бэлтгэлээ хангадаг. Хүсэл сонирхлоороо нэгдэж буй хүмүүс болохоор нэг бүхэл болж байна. Бүжигчид маань энэ спортдоо дуртай, хайртай учраас л өнөөдрийг хүртэл зургаан жил хамтдаа олон тэмцээнд амжилт гаргаж байгаа болов уу.

-Амжилтын үндэс нь бэлтгэл сургуулилтад суурилдаг байх. Манайд дэлхийн бусад орнуудтай адил бүжгийн талбай хангалттай байж чаддаг уу. Энэ нь амжилтад эерэг болон сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Бидэнд цаг үргэлж бэлтгэл сургуулилт хийх боломжгүй. Гаднын  орнуудтай харьцуулахад дэлхийн аварга болж буй багууд жилийн төлөвлөгөөтэй. Зөвхөн зуны улиралд 14 хоногт амардаг. Тэд маш өндөржүүлсэн бэлтгэл хийж байна гэсэн үг. Монголын хувьд бид бэлтгэлээ хамтлагаараа хийдэг учраас бидэнд сагсны талбайн хэмжээтэй заал  байнгын хэрэгтэй болно. Ийм боломж нь маш хомс.Ихэвчлэн заалаа түрээсэлдэг болохоор жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилт хийх боломжгүй. Энэ тал дээр дэмжих хүн ч олддоггүй юм билээ. Заалтай болох гэж олон жил хөөцөлдсөн. Харин бидэнд хамгийн их дэмжлэг үзүүлдэг хүн бол МУГЖ Сосорбарам гуайн эхнэр Нинжбадарга Ард кино театрын зааланд бага хэмжээний түрээсээр бэлтгэл хийх боломж олгодог. Хэрэв төрөөс биднийг дэмжээд орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгвөл бид эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж чадах нь тодорхой. Ерөөсөө л орчин нөхцөл боломж нь манай улсад бүрдээгүй, дэмжлэг байхгүй, ёстой л өөрсдийн бор зүрхээрээ чин сэтгэлээсээ л олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд чадлынхаа хэрээр амжилт гаргаж явна. Тэгэхээр энэ бүхэн амжилт гаргах үгүйд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

-Та бүхний санал хүсэлтийг төрөөс яагаад анхаарахгүй байна вэ?

Бүжиг бол спорт. Урлаг спортын нийлэмж. Спортын бусад төрөлд багтах хүч, хурд, гимнастик бүхий л элементийг нэг дор агуулдаг. Гэтэл харагдаж буй өнцгөөсөө яах аргагүй урлаг. Харин олимпын төрлийн спорт биш гэдэг утгаар нь биднийг анхаарлын гадна үлдээдэг юм билээ. Зориулалтын заал бүжгийн талбайтай болох асуудлыг хойш нь тавьдаг. Олимпт оролцдог тамирчдад нь ч заал нь хүрэлцдэггүй юм шиг байна билээ.

-Тансаг спорт гэж нэрлэгддэг болохоор хувцас чухал.  Шаардлагатай тохиолдолд үнэт чулуугаар чимэглэх нь бий. Тэгэхээр хувцасны загвар, чимэглэл, чанарт хэр анхаарсан бэ?

Бүжгийн нэр, үзүүлбэр маань “Шонхор” болохоор  хувцас сонголт маш хүнд байсан. ДАШТ-д оролцохоос дөрөв хоногийн өмнө нь л хувцасны хар зураг гарч байх жишээтэй. Өмнө нь маш олон шинэ зураг, хувцас хийгээд сэдэвтэйгээ тохироогүй. Эцэст нь эхнэрийнхээ дүү Гэрэлтуяа дизайнер бүжгийн хувцсыг маань урлаж өгсөн. Хувцасны чимэглэл маш чухал. Ямар чимэглэл, материал сонгохоос шалтгаалан олон улсад бидний нэр хүнд үнэлэгдэнэ. Бүжгийн талбай дээр гараад гялтганахгүй, талст нь мэдэгдэхгүй шигтгээгээр чимэглэхгүй. Мэдээж swarowski, бор хувцсан дээр бор өнгийн шигтгээ, сувдууд шигтгэж өгсөн.

-Бүжгийн спорт бол багийн спорт. Тэмцээнд амжилттай оролцох үгүй нь ч бас хэрхэн нэг хүн шиг ажиллаж,чин сэтгэлээ зориулахаас шалтгаалах болов уу. Дасгалжуулагчийн зүгээс багийг нэг бүхэл болгоход чухал нөлөөтэй байх ?

Миний хувьд өмнө нь бүжигчидтэйгээ хамт бүжиглэж байгаад энэ жилээс дасгалжуулж байна. Тиймээс энэ жилийн ДАШТ их том хариуцлага. Тэмцээнээс медаль авахын тулд тамирчдаа хэрхэн дасгалжуулах вэ гэдэгт хүнд үе олон байсан. Нэг баг хамт олныг нэг бүхэл болгож нэг хүн шиг сэтгэдэг болгоход тектатур л чухал. Багийн 16 гишүүн цаашлаад замъяан, эцэг эх, ар гэрийнхэнтэй нь ойлголцоно гэдэг хэцүү.Бэлтгэл хийж буй хүн бүрийн сэтгэлзүйд таарахаас илүү өөрийнхөө сэтгэлзүйтэй таарсан хүмүүстэй ажиллах хэрэгтэй. Тиймээс бүжигчид эерэг талаасаа өөрчлөгдөж байж бидний ажил урагшилна, тэмцээндээ илүү амжилт гаргана. Хэрэв намайг сөргөөр хүлээж аваад байвал бидний ажил урагшлахгүй, зорьсон зорилгодоо хүрэхгүй. Дасгалжуулагчийн хувьд бүжигчдийг нэг бүхэл болгоход шантрах үе гарна. Бэлтгэл хийх боломжтой үе нь орой 9 цагаас хойш. Шөнөөр бэлтгэл хийх амаргүй. Өдрийн хичээл, ажлыг амжуулна гэдэг бол маш хүнд. Санаагаар болдог бол шигшээ багт оролцож буй хүмүүсээ тухайн байгууллагаас нь ойлгож чөлөөлж өгөх л хэрэгтэй.

-Бүжгийн спорт хувь хүнээс тэсвэр хатуужлыг шаарддаг болохоор замын дунд шантрах хүн байдаг уу?

Талбай дээр зургаан минут бүжиглэнэ гэдэг бол маш хүнд. Хүссэн хүн бүхэн нь бүжиглэж чадахгүй. Нэг зэрэг гүйцэтгэлтэй, техник харуулж бүжиглэж байгаа юм. Шинээр орж ирж буй хүмүүсийн хувьд яах ч аргагүй бууж өгдөг. Хөл нь суларч, гар нь бадайрна. Хувь хүнээс маш их тэсвэр тэвчээр, чин сэтгэл, дасгал сургуулилт шаарддаг болохоор их хүнд спорт. Манай бүжигчдийн хувьд би өөрөө ч бас хамт бүжиглэж явсан болохоор энэ зовлонг маш сайн мэднэ. Бэлтгэл дээр бүжиглээд л байдаг, багш болохгүй байна л гэнэ. Ийм тохиолдол зөндөө. Магадгүй би ажил, сургууль, бэлтгэл гээд хоёр, гурван өдөр нойргүй явах үе олон шүү дээ. Хоёр хоног нойргүй явсны дараа багшийн үгийг бүжигчин хүлээж авч сонсох уу. Ийм тохиолдол манай бүжигчин дээр гарч байсан. Бэлтгэлийн үеэр “Би болилоо, дийлэхгүй юм байна” гээд гарч явсан удаатай. Маргааш нь бэлтгэл дээрээ ирж байсан. Үүнийг нь би ойлгож байсан, яагаад гэвэл тэр хүн нойргүй явж  байгаа болохоор хүнд байдлаас болж шантрах үе гарна. Бид чинь өдөрт 3-5 цагийн бэлтгэл хийнэ. Энэ бол хүүхдүүдэд их хүнд. Эмэгтэй, эрэгтэй бүжигчид өсгийтэй гутал дээр бүжиглэнэ гэдэг бас амаргүй.  Энэ жилийн хувьд манай хамтлагт  хамгийн отгон гишүүн 14 настай хүүхэд ДАШТ-д оролцсныг онцлохгүй бол болохгүй нь.  Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард бид Англи хотноо болсон тэмцээнд оролцчихоод  “Багшаа миний бяр үнэндээ л  хүрэхгүй нь. Би хүчгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед урамшуулж байсан, эцэг эх нь ч бас дэмжсэн. Гэтэл тэр охин энэ зуны турш бэлтгэлээ сайн хийсэн, ДАШТ-д маш өөртөө итгэлтэй сайн оролцсон. Бидний хичээллээд буй бүжиг нь Латин бүжиг. Дотроо таван төрлийн бүжигтэй болохоор таван өөр уур амьсгалыг л хүмүүст бид мэдрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Бүжиг болгоныг бага багаар зохиомжилж талбай дээр өөр өөр аян дээр бүжиглэнэ гэдэг амаргүй.

-Хоёр минут бүжиглэхэд 600 метр гүйсэнтэй тэнцэхээр хүч, хурд, энерги зарцуулдаг гэдэг нь үнэн үү. Яагаад талбай дээр зургаан минут бүжиглэх нь хүнд хэцүү байдаг вэ, үүниг бид тэр бүр мэддэггүй шүү дээ?

Мөнгөнхуяг багш маань бидэнд хэлж байсан санагддаг юм. Та нар 1 минут 30 секунд бүжгийн спортоор  техникийнх нь дагуу ажиллах юм бол хурдны тамирчинтай адил хүч зарцуулна гэж хэлж байсан. Үүнийг би ч бас биеэрээ мэдэрч байсан хүний хувьд зүгээр л “аймшигтай” гэж хэлье. Тэгэхээр зургаан минут гэдэг бол маш урт хугацаа, их хүнд шүү дээ.

-Таны хувьд бүжгийн спортоор хичээллэхэд ямар хүчин зүйл нөлөөлөв?

Намайг анх бүжгийн спортоор хичээллэж, сонгоход манай эхнэр Саранхүү дасгалжуулагч нөлөөлсөн. Анх 2004 онд ХААИСТ элсэж, урлагийн үзлэгт орохоор бүжиг заалгаснаар бүжгийн спортыг сонирхож эхэлсэн. Эндээс л миний мэргэжил, амьдрал, сонголт бүжиг гэдгийг мэдэрч, үүгээр хөглөгдсөөр өнөөдрийг хүрч байна. Одоо бол олон жил багшилж байна.

-Хэдийгээр хүнд спорт ч гэсэн бүжиглэж байхад  ямар мэдрэмж төрдөг бол?

 Энэ хугацаанд нэг хүн надад “Бүжиг бол сэтгэлийн тайвширал. Би бүжиглэж байхдаа л ямар ч стрессгүй болдог” гэж хэлсэн удаатай. Энэ үг л их үнэнд ойр юм болов уу л гэж боддог. Бүжгээс яах аргагүй маш сайхан мэдрэмжийг л авдаг гэсэн үг.

-Бүжгийн спортоор дамжуулж хэрхэн урлагийн боловсролыг олгодог вэ. Хувь хүнд үзүүлэх эерэг нөлөө нь?

-Олон жил багшилж байхад бүжгийн боловсрол хүнд соёлыг ойлгуулдаг. Хувь хүний соёлыг төлөвшүүлдэг. Энэ л хамгийн чухал. Тэр хүн өөрөө өөрийгөө олж нийгэмд маш соёлтой хүн болох нь л чухал.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж