Сурвалжлага: "Уулын нуур"-ын нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: "Уулын нуур"-ын нэг өдөр

Сурвалжлага: "Уулын нуур"-ын нэг өдөр

Мөсөн гулгуурын талбайд хүүхдүүд  бие биеийнхээ малгайг шүүрч, ар  араасаа цуваа үүсгэн  цагийг их л зугаатай өнгөрөөж байгаа нь илт. Энэ  бяцхан цэцэрлэгт хүрээлэн бол Дэнжийн мянгад байрладаг “Уулын  нуур” буюу хүмүүсийн хэлж заншсанаар “Ногоон нуур” юм. “Уулын  нуур”-ын эзэн С.Өлзийтогтох саяхнаас нуурын нэрээ сольсон нь энэ аж.

Дөрвөн уулсын бэлд байрлах тус газрыг зуны улиралд ногоон нуур чимэх бол өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай болгосноор хүүхдүүдийн хөлд дарагдаастай. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд ихэвчлэн “Дэнжийн 1000-ынхан” үйлчлүүлдэг.  Учир нь “Уулын нуур”  цэцэрлэгт хүрээлэн нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрладаг. Тиймдээ ч үйлчлүүлэгчид нь ихэнхдээ гэр хорооллын бяцхан жаалууд байдаг. 

Багачууд хичээлээ тараад гэртээ ирж байгаа мэт сурамгай гэгч нь байшин руу орж тэшүүрээ аваад мөсөн гулгуурын талбай руу яарна.  Харин хэсэг бүлэг хүүхдүүд нь байшингийн хоёрдугаар давхарт байрлах хөгжмийн сургалтын өрөөг чиглэнэ.

Энэ газарт хүүхдүүд тоглохоос гадна оюундаа хөрөнгө оруулалт оруулах бүрэн боломжтой юм. Хэн ч тэднээс төлбөр мөнгө нэхэхгүй. Гагцхүү  тууштай байхыг л  багш нар нь  хүүхдүүдээс шаардана. Тодруулбал, тус цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө өнгөөр солонгорон харагдах  байшингийн хоёрдугаар давхарт морин хуур, төгөлдөр хуур, гитарын сургалт болон Англи, Япон хэлний сургалт хичээллэж буй. Сонирхсон хүүхэд бүр үнэ төлбөргүй суралцах боломжтой.

Одоогоос арван жилийн өмнө дээрх газар  зуны цагт үнэр, хогондоо дарагдсан, өвлийн цагт угаадсаар дүүрсэн хогийн цэг байжээ. Тус цэцэрлэгт хүрээлэн 2012 онд албан ёсоор нээгдэж байжээ. С.Өлзийтогтохын хувьд 2005-2008 онд БНСУ-д гурван жил ажиллаж ирээд хоёр орны хүүхдүүдийн тоглож өсч байгаа орчин эрс тэс өөр байсныг хараад өөрчлөхөөр шийдэн тус газрыг сэргээн засварласан  нь энэ юм.

Түүний хувьд нууцхан мөрөөдөж явсан өөр нэгэн  хүсэл нь хүүхдүүдэд зориулсан сургалтын төвийг энэ газарт байгуулах байсан бол өдгөө тэрхүү мөрөөдөл биелэлээ олжээ.

ЭНДХИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ С.ӨЛЗИЙТОГТОХ ЯГ Л “НАЙЗУУД” ШИГ ДОТНО

 

Зуны дэлгэр цагт хүүхдүүд өдөрт хэдэн зуугаараа үйлчлүүлдэг бол өвлийн улиралд ч тэрхүү  урсгал тасрахгүй. Учир нь тус газар нь  бусад мөсөн гулгуурын талбайг бодвол илүү хямд, бас тэр бүрчлэн гэр хороололд байдаггүй бүтээн байгуулалт гэдгээрээ ихээхэн онцлог юм. Энэ жил урт намар болсон учраас 11 сарын сүүлээр мөсөн гулгуурын талбайгаа нээсэн байна. Өнөөдрийн байдлаар 150 гаруй тэшүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эвдрэл гэмтэл элэгдэл хоргодол маш их гардаг аж. Тэр бүрчлэн шинэ тэшүүр авах боломжгүй ч жилдээ хамгийн багадаа 60-70 шинэ тэшүүр БНХАУ-аас авдаг гэнэ.

Тус талбайд нэг цаг гулгахад 1500 төгрөг. Эндхийн хүүхдүүдтэй С.Өлзийтогтох яг л “найзууд” шиг дотно болжээ. Тэр олон хүүхдийг нэрээр нь дуудан “Малгайгаа өмсөөч”, “Аяархан яваарай” хэмээн өөрийн хүүхэд шиг л халамжилна. Өдөр бүр тус талбайд ирж  гулгадаг олон хүүхэд бий. Ингэхдээ тэд тоглох мөнгөгүй гэж хошуугаа унжуулахын оронд  С.Өлзийтогтоход талбайн цасыг цэвэрлэхэд  нь туслах, адаглаад усанд явах зэргээр өөрсдийн чадах чинээгээрээ  тусалж тоглох эрхээ авдаг байна.  Талбайн  захад шинэ жилийг угтан гацуур мод  засчээ. Харахад сүр муутай болов ч харанхуй болохоор гэрэлтэж сүрдэм харагддаг гэдгийг багачууд хэлж байв. С.Өлзийтогтохын хүслээр бол өндөр гоё гацууртай болмоор байв ч санхүүгийн асуудлаас шалтгаалан бүтэхгүй байгаа аж. Зарим хүүхдүүд "Өлзий ах яасан онцгүй ёолк зассан юм бэ" хэмээн шоголдог гэнэ. 

ХҮҮХДҮҮДЭД ЗӨВ ТӨЛӨВШИЛ ОЛГОХОД "УУЛЫН НУУР"-ЫН ЗОРИЛГО ОРШИНО

“Уулын  нуур”-ын эзэн С.Өлзийтогтох  “Англи хэлний хичээлийг тус улсад найман жил амьдарсан залуу сайн дураараа зааж байгаа бол хөгжмийн хичээлийг СУИС-ийг өнгөрсөн хавар дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн залуу зааж байгаа. Хүүхдүүд бие биеэсээ энэхүү сургалтын төвийн талаар мэдээлэл авч илүү олон хүүхэд хамрагдаасай л гэж хүсч байна. Хамгийн гол нь үнэ төлбөргүй учраас хүүхдүүд их хамрагдах байх гэж бодож байсан чинь санаснаас бага байна. Мэдээж хүүхдүүдээ дааруулахгүйн тулд байшингаа халаахаар таван ширхэг тень залгасан. Мөсөн гулгуурын талбай шөнө ажиллахгүй ч гэсэн тень унтраавал хүүхдүүдийн тэшүүр болон өрөөнүүд хүйтэн болох учраас байнга л асаалттай байлгадаг. Хэдийгээр багахан орлого олж байгаа ч  гэсэн муудсан зүйл бидэнд алга. Улсаас, дүүрэг, нийслэлээс туслахгүй биш  тусалж байгаа. Би үүнийг тэр чигтээ ганцаараа хийсэн гэвэл үгүй.  Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн  зүйлийг дан ганц өөр дээрээ нааж, ганцаараа хийсэн юм шиг ярьж болохгүй. Юм үнэнээр байх л сайхан. Хамгийн сүүлд гэхэд "Транс" банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай хүрээлэнгийн хоёр шатыг мод байсныг төмөр болгож өөрчилж өгсөн.

Хүн гэхдээ их шуналтай амьтан юм. Цэцэрлэгт хүрээлэнгээ улам л гоё сайхан болгочих юмсан гэж шунах юм. Хамгийн гол  нь цаашид  сургалттай холбоотой үйл ажиллагааг тууштай явуулъя гэсэн бодолтой байна. Яг үнэндээ өнөөдөр хүүхдүүдээ дугуйлан секцэд хамруулж чадах санхүүгийн бололцоотой эцэг эхчүүд ховорхон байна. Тухайлбал,морин хуурын  сургалт  гэхэд сарын 300 мянган төгрөгийг төлбөртэй. Гэтэл морин хуур, төгөлдөр хуур, гитар хөгжмийг энд үнэ төлбөргүй сурах боломжтой. Залуучууд нэг, нэгэндээ эерэгээр нөлөөлөхөөр зүйлийг л би бүтээхийг хүсч байна. Хүүхдүүдэд зөв төлөвшил олгоход энэхүү газрын маань зорилго оршино”гэлээ.

Дашрамд дурдахад, анх 1946-1947 онд энд Зөвлөлт Холбоот Улсаас ажиллах хүч болгон олзны Япон цэргүүдийг илгээж байсны тодорхой хувь нь энд ажиллаж байсан байна. Дараа нь  өдөр бүр 100 гаруй хоригдлууд ажилладаг байжээ. Улсын төв талбай, хотын төв замын хайрга бэлтгэж байсан газар аж.  Мөн олон хүний тоглож наадаж явсан газар гээд яалт ч үгүй хожим хойчид үргэлж гэрэлтэж байх газар болгох ёстой юм хэмээн ярьж байлаа. Гадаадын хөгжингүй оронд дөрвөн улиралд ажилладаг мөсөн гулгуурын талбай байдгийг бид мэднэ. Онлайн мэдээллийн хэрэгсэл, адаглаад л олон кинон дээрээс харж байсан. Гэтэл өнөөг хүртэл бидэнд дөрвөн улиралд ажилладаг зориулалтын мөсөн гулгуурын талбай  байхгүй байгаа нь харамсалтай. Хэрэв олон улсын стандартад нийцсэн, тухтай орчинтой мөсөн гулгуурын талбайтай болчихвол хүүхэд багачууд хол гэж төвөгшөөлгүй очиж гулгах нь дамжиггүй.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж