"Бичлэгээ үзээд би ч жаахан байна даа гэж бодсон"

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

"Бичлэгээ үзээд би ч жаахан байна даа гэж бодсон"

Камбож улсад болсон  соробан сампин, цээж бодлогын олон улсын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон 40 сурагч бүгд алт, мөнгөн цомтой эргэн ирсэн. Тэдний нэг болох арван настай М.Анар хүү алтан цомоо элгэндээ тэвэрч, итгэж ядан үнсэж буй бичлэг цахим орчинд тавигдсан. Монголчууд бид хүүг хайрлаж, өхөөрдөж бас бахархсан. Түүний энэ үйлдлээс эдгээр хүүхэд хэчнээн их хөдөлмөр, сэтгэл гаргасныг мэдэж болно. Тиймээс бид энэ удаа алтан цомын эзэн М.Анартай уулзаж, ярилцлаа.


-Манай уншигчдад өөрийгөө эхлээд танилцуулахгүй юу?

-Намайг Мягмарцэрэнгийн Анар гэдэг. Арван настай. Номуун дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг.

-Соробан сампингаар хэддэх жилдээ хичээллэж байгаа вэ, сампингаар тоо бодохын гоё нь юу вэ?

-Би “Тояа” хүүхэд хөгжлийн төвд хоёрдахь жилдээ хичээллэж байна. Сампингаар тоо бодоход баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлдэг. Өмнө нь би хичээл дээрээ А, В дүн авдаг байв. Харин одоо дандаа А авч байгаа. Математикийн хичээлдээ их дуртай. Хичээл хийх үед өөр юм бодогдоод байвал сампингаа бариад суучихдаг. Тэгэхээр анхаарал төвлөрдөг.

-Хоёулаа сая оролцоод ирсэн тэмцээний талаар ярилцья. Тэмцээндээ хэр удаан бэлдсэн бэ, хэдэн орны хэчнээн хүүхэд оролцов?

Бараг долоон сарын турш өдөр бүр хичээллэсэн. Дэлхийн 40 орны 4000 хүүхэд оролцсон. Монголоос 38 аваргын батламж, 36 алтан цом, 6 мөнгөн цом хүртсэн.

-Байр эзлэхгүй байх вий гэж айсан уу?

-Жаахан л. Хурдан бодохын тулд заримдаа муухай биччихдэг. Тиймээс бичгийн хэв ойлгохгүй байх вий гэж л айсан.

-Ямар даалгавар ирсэн бэ, хэцүү байв уу?

-Миний хувьд анх удаа олон улсын тэмцээнд оролцсон. Олон орны хүүхдүүдтэй өрсөлдөх сонирхолтой байлаа. Ээжтэйгээ явсан учир хэцүү байгаагүй ээ. Найман минутын дотор нийт 150 бодлого бодох даалгавар ирсэн. Нийт арван түвшин байдаг. Хамгийн доод түвшинд сампин ашигладаг бол дээд түвшинд сампин ашиглахгүй. Харин сампингаа төсөөлөөд цээжээр бодно. Өөрөөр хэлбэл сампин дээр тоо бодож байгаа мэт хуруугаараа төсөөлөөд долоон оронтой тоог нэмж, хасаж, үржиж, хуваана. Маш хурдан бодох ёстой. 150 бодлогыг найман минутад багтаахын тулд нэг бодлого бодож байхдаа давхар нөгөө бодлогоо бодож байдаг. Нэг ёсондоо хоёр бодлого зэрэг боддог гэсэн үг. Миний хувьд найман минутад 147 бодлого цээжээр бодож алтан цом авсан.

-Үнэхээр гайхалтай. Алтан цомоо аваад баярласандаа тэврээд үнсээд байсан шүү дээ. Тэр мэдрэмжээ хуваалцаач?

-Маш гоё байсан. Баярлаад орилмоор санагдсан. Би чадчихлаа гэж үү гээд итгэж чадахгүй байв. Тэгээд цомоо тэврээд үнсч байтал бичлэг хийчихсэн байсан. Би мэдээгүй. Дараа нь бичлэгээ үзээд би ч жаахнаараа байна даа гэж бодсон. Ангийнхан баяр хүргээд л, сургуулийн хүүхдүүд нөгөө хүүхэд явж байна гэж яриад л. Ичсэн мөртлөө бас өөрөөрөө бахархсан. Бид бүгдээрээ цомоо тэврээд нисэх рүү явсан. Тэгэхэд нисэхийн гадаад ажилтнууд монгол хүүхдүүд юм уу, ямар мундаг юм бэ гээд эрхий хуруугаа гаргаад инээсэн. Хилээр жинхэнэ ногоон гэрлээр гарч байгаа юм чинь. Онгоцноос буухад нисэхийн ах, эгч нар баяр хүргээд, гэрийнхэн цэцэгтэй угтаад ёстой гоё байсан. Миний амьдралын хамгийн дурсамжтай үе. Ээжтэйгээ явсан анхны аялал. Би хэзээ ч мартахгүй.

-Анх удаа гадаад улс руу явсан гэлээ. Сонирхолтой, дурсамжтай аялал байсан байх даа, юу үзэж харав?

-Камбож их халуун орон юм байна лээ. Бараг 30 хэмийн дулаан байсан. Монголд даарч байгаад гэнэт халуун оронд очсон чинь сонин санагдсан. Бид их гоё буудалд буусан. Тэнд хүүхэд, том хүний бассейн байсан. Бид өдөржин тоглосон. Жинхэнэ жаргалаа шүү дээ. Бүгдээрээ амжилт гаргасан учир аав ээж, багш нар маань шагнаж, амьтны хүрээлэн, аквапарк, үндэсний музей гээд маш олон газар үзүүлсэн. Бас идэж үзээгүй жимс, далайн амьтад идсэн. Камбожид би хэсэг зуур од болоод авсаан. Морины зурагтай монгол дээл өмсөж явсан юм. Тэгтэл хүмүүс гайхаад л хамт зураг авхуулья гээд амраахгүй байсан. Тэгээд зөндөө олон хүнтэй зураг авхуулсан. Ер нь ээж, найзуудтайгаа олуулаа явсан болохоор үнэхээр хөгжилтэй байсан.

-Анар соробан сампингаар хичээллэхээс гадна өөр юунд сонирхолтой вэ?

-Өнөө үед хүн олон талын чадвартай байх ёстой гэж ээж маань хэлдэг. Тиймээс би жудогоор хичээллэдэг. Одоо улбар шар бүстэй. Бас бассейнд явдаг. Ер нь өглөөнөөс орой хүртэл завгүй л явж байна даа. Гэхдээ сонирхолтой учир ядардаггүй. Замын түгжрэлд жаахан унтаад авдаг.

-Том болоод ямар мэргэжилтэй болохыг мөрөөддөг вэ?

-Эмээ намайг лам болгоно гэсэн.

-Харин чи өөрөө юу болмоор байна?

-Би эрдэмтэн болохыг мөрөөддөг.

-Тэгээд эмээгийнхээ үгэнд орох уу, өөрийнхөө хүслийг дагах уу?

-Мэдэхгүй. Одоохондоо шийдэж чадахгүй л байна. Том болоод бараг өөрийнхөө хүслийг дагах байх даа.

-Цаашдын зорилго, мөрөөдөл юу вэ, ямар тэмцээнд орохоор бэлдэж байгаа вэ?

-Дараа жилийн цээж бодлогын тэмцээн Энэтхэг улсын Бумбай хотод болно. Тэр тэмцээнд орохын тулд Монголдоо хавар болдог улсын тэмцээнд оролцож эрхээ авна. Тэгээд тэмцээндээ бэлдэнэ дээ. Үүнээс гадна гадаад хэлээ сайн сурья гэж бодож байгаа.

-Ярилцлагын төгсгөлд хэн нэгэнд баярласан сэтгэлээ илэрхийлэх боломж олгож байна. Хэнд баярлалаа гэж хэлмээр байна?

-Хамгийн түрүүнд ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Ээж маань дандаа миний төлөө байдаг. Олон улсын тэмцээнд оролцох зардал гаргаж, намайг дагуулж явсан. Би шагнал авчихаад хамгийн эхлээд ээжийгээ л бодсон. Ээжийн ажлын хүмүүс биднийг сайн ойлгож, чөлөө олгодог. Тэгээд ээж намайг өглөө, оройд хичээл, сургалтад зөөдөг. Бас биднийг авч явсан аяллын компанийн ах эгч нар болон багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Мөрөөдөлдөө хүрч эрдэмтэй, сайн хүн болоорой гэж хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж