2020 оны сонгуульд нэр дэвших “боломжгүй” эрхмүүд

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

2020 оны сонгуульд нэр дэвших “боломжгүй” эрхмүүд

2020 оны сонгуульд нэр дэвших “боломжгүй” эрхмүүд

Долоон сарын дараа 2020 оны УИХ-ын сонгууль болно. Энэ удаагийн сонгууль томсгосон 26 тойргоор явах бөгөөд намууд хоорондоо өрсөлдөх биш нам доторх өрсөлдөөн ч ширүүснэ гэсэн үг. Гэхдээ улс төрчдийн холбогдсон хэргүүд сонгуулийн өмнө хэрхэхээс шалтгаалж, хэн нь нэр дэвшиж, хэн нь нэр дэвшихгүй вэ гэдэг асуудал яригдана. Гэхдээ МАН Сонгуулийн тухай хуульд яллагдагчаар татагдсан ч нэр дэвшиж болно гэсэн утга бүхий заалт оруулж өгсөн. Тодруулбал,

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.7-д "Эрүүгийн хариуцлага хүлээж ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно" гэжээ. Ингэхдээ үүнийгээ Хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй.

Харин яллагдагчаар татагдаад байгаа нөхрийг сонгох уу үгүй юу гэдэг нь сонгогчдын шийдэх асуудал. Зарим иргэд Сонгуулийн тухай хуулиар олон асуудлыг хаалгах гээд байдаг. Жишээ нь, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй болго гэдэг ч юм уу. Гэтэл бид хүний сонгох, сонгогдох эрхийг хааж болохгүй шүү дээ. Сонгуулийн хууль аль болон нээлттэй байх ёстой гэж тодотгож байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа, яллагдагчаар татагдсан ч шүүхээр гэм буруутайг нь тооцоогүй бол сонгуульд өрсөлдөж болохоор хуулийн зохицуулалт оруулсан байгаа юм. МАН дотроо төдийгүй, УИХ-ын гишүүд дундаа яллагдагч “олонтой” учраас ч ийм санал оруулсан байж болох.

Тэгвэл 2020 оны сонгуульд эрх баригчид хэнийг нэр дэвшүүлэх сонирхолгүй байна вэ гэдгийг тодруулъя. Ялангуяа яллагдагчаар татагдсан ч нэр дэвших эрх нь нээлттэй болж байгаа учраас хэнийг шүүхээр яллах вэ гэдгийг бүх зүйл хамаарах юм. Одоогийн байдлаар 2020 оны сонгуульд горилж байгаа ч боломжгүй болсон хүмүүсийг нэрлэе.

  • ХОЁР ЖИЛИЙН ЯЛ АВСАН Д.ГАНТУЛГА

УИХ-д хамгийн залуу гишүүнээр цоллуулж байсан гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон учраас гишүүний бүрэн эрхээсээ өөрөө түдгэлзсэн. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сард болж, хоёр ч хэрэгт буруутгасан бөгөөд нэг хэрэгт нь 1,4 жил, нөгөө хэрэгт нь 8 сар гээд нийт хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан. Хэдийгээр Д.Гантулгын хувьд давж заалдах шатны шүүхэд хандаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоогоор ял эдэлж байгаа шүүхээс өгсөн ялаа эдэлнэ гэж тооцвол түүний хувьд 2020 оны сонгууль “баяртай” болж байгаа.

  • УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ

ЖДҮХС-ийн дуулиан дэлгэгдсэнээс хойш жил өнгөрчээ. МАН-аас нэр дэвших магадлал багатай хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн Б.Батзориг нэрлэгдэж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын нэр бүхий 49 гишүүн болон тэдний хамаарал бүхий этгээд нэр холбогдсон хэрэг хуулийн байгууллага дээр хоёр хэсэг болон шалгагдсан. Түүний нэг нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон долоон ажилтных нь хэргийг шүүх хурал болсон. Б.Батзориг нарыг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийн гэр бүлийнхний аж ахуй нэгжүүдэд дээрх сангаас маш бага хувийн хүүтэй зээл олгосон гэж буруутгаж байгаа. Шүүх хуралдааны явцад тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэргийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээсэн учраас тэдэнд анх төлөвлөж байсан шиг 8 жил бус 2 орчим жилийн хорих ял оноох болов уу гэсэн таамаг байгаа юм. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр 60 тэрбум дээрээ ЖДҮ-чид гэсэн хочтой болсон МАН ЖДҮ-чдийнхээ төлөөлөл болгож Б.Батзориг нараар туг тахина гэх яриа ч улс төрийн хүрээнд өрнөх болсон нь оргүй биш болов уу.

  • НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.САНДУЙ

Тэр мөн л МАН-ын гишүүн. 2016 оны сонгуульд нийслэлд МАН-ыг ялуулж, олонх болгож чадсан, багаа сайн удирдаж, НИТХ-ын дарга болсон. Гэвч Ц.Сандуйгийн хувьд сүүлийн хэдэн сонгууль дамнан яригдаж буй 60 тэрбумын гэх хэрэгтэй холбогдуулан түүнд дөрвөн жилийн хорих ял шүүхээс оноосон. Түүний хувьд давж заалдах шатны шүүхэд хүсэлтээ гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байгаа. Гэхдээ МАН-аас хусавч арилахгүй 60 тэрбум гэх хэрэгт одоогийн намын удирдлага нь хариуцлага тооцсон хэмээн шоудахын тулд Ц.Сандуй, А.Ганбаатарт нарт ял оноосон. Тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө Ц.Сандуй, А.Ганбаатар нарт өршөөлтэй хандана гэдэг юу л бол. Тиймээс Ц.Сандуйг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй болов уу, МАН-ынхан.

  • АН-ААС Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ НАР  

Энэ цувааг үргэлжлүүлэх дараагийн хүмүүс АН-аас. Оюутолгойн гэх зүйчлэл нь тодорхой хэргээр хоёр ч Ерөнхий сайд асан, Сангийн сайд аснаа цагдан хорьж, хэрэг нь одоо ч шалгагдаж байгаа. Тодруулбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг АТГ-аас прокурорт яллах саналтайгаар шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээр, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм. С.Баяр, Ч.Сайханбилэг нартай хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг шалгагдаж буй.

  • УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГЭ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2019 оны аравдугаар сарын 21-нд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон ч одоогоор батлан даалтад гаргаад байгаа. З.Баянсэлэнгийг Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр  шалгаж буй.  Ингэхдээ З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж буй юм. Тиймээс түүнийг 2020 оны сонгуульд нэр дэвших боломж хязгаарлагдсаар байгаа бөгөөд хэрэг бүрэн шийдэгдээгүй байгаа юм.

  • ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН М.СОНОМПИЛ

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпилд дөрвөн жилийн хорих ял оноож, нээлттэй шоронд ял эдлүүлэхээр болсон. Түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сард болж, анхан шатны шийдвэр болох дөрвөн жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн. Прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан "…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан" гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан "…хахууль авсан…" гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Тиймээс түүний хувьд 2020 оны сонгууль бол “мөрөөдөл” болж буй.

  • КЁКҮШЮҮЗАН Д.БАТБАЯР, ТҮҮНИЙ ГЭРГИЙ Т.БАЯСГАЛАН

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын хувьд 2020 оны сонгуульд өрсөлдөгчийн нэг байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд шалгагдаж байсан хэрэг нь олны анхаарлын төвд орж,  Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа. Түүнд холбогдох хэргийг хэрхэхээс шалтгаалж, УИХ-д нэр дэвших эсэх нь тодорхой болох биз ээ. Сүүлийн үед түүний эхнэр Т.Баясгаланг ч мөн энэхүү хэрэгт нь холбоотой гэсэн мэдээлэл гарах болсон учраас тэдний хэн нь ч нэр дэвшихээр зэхэж байсан хуулийн байгууллагын хараанд өртөв.

Тэдний араас УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир, Ж.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн гээд яллагдагчаар татагдсан гишүүд МАН-д олон бий. Гэхдээ хуулийн байгууллагын жолоог хэн, хаашаа чиглүүлэхээс бүх зүйл хамаарна гэдгийг энд тодотгоё.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж