"МАН байраа шатааж, амь сүйдсэн 2008 оны тогтолцоог эргэн харах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

"МАН байраа шатааж, амь сүйдсэн 2008 оны тогтолцоог эргэн харах хэрэгтэй"

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэцлүүлгийг өнөөдөр /2019.12.17/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийлээ.

Анх тус хуулийн төслийг өргөн барихдаа сонгуулийн тогтолцоог 50+26 байхаар оруулж ирсэн ч УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжээгүйгээс өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 26 томсгосон тойрогт сонгуулийг явуулах хувилбар оруулж ирснийг  МАН-ын бүлгийн гишүүдийн  олонх нь дэмжсэн билээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын  гишүүн Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар ажлыг хэсгээс асуулт асуув.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТ: 

Ажлын хэсэгт би орж ажилласан. Ажлын хэсэгт АН-ын зүгээс сонгогчдын эрх ашгийг хамгаалах нэлээд хэдэн санал орсон. Зарчмын шинжтэй манай саналуудаас хэд, хэд нь унасан. АН өнөөдрийг хүртэл сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Сонгогчдын санал гээгдэхгүй гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үеэр ч ярьсан. Эрх баригчид анхандаа 50+26 саналыг оруулж ирсэн нь хүлээж авахааргүй хувилбар байсан. Өнөөдрийн оруулж ирж байгаа хувилбар нь  мөн л томсгосон можаритор хэлбэртэй боловч асуудлын шийдэл нь биш. 2008 оны сонгуулийн хувилбарыг дахин оруулж ирлээ. Тухайн үед МАН  даргаа сольж шинэ намын даргатай сонгуульд оролцсон ийм тогтолцоо. 2008 оны сонгуулийн үр дүн маш их маргаан дагуулсан. Их будилаантай болж МАН байраа шатааж, жагсаал цуглаан болж таван хүний амь сүйдсэн ийм л тогтолцоог дахин сонгож байна. Эрх баригчид энэ хувилбараа эргэж харахгүй юм уу. Олон сөрөг үр дагаврыг дагуулна шүү. Сонгуулийн үр дүнгийн легитм шинжийг хангаж чадахгүй, намуудын дотоодын өрсөлдөөн, сөргөлдөөн  нэмэгдэнэ. Сонгогчдын санал бүтэн тусгагдаж чадахгүй. Жижиг намуудын боломж хумигдана. Сонгогдсоны дараа ч гэсэн тойргийн эрх ашиг хаягдахгүй гэх мэт олон сөрөг үр дагавар гарна. Мөн зарчмын хоёр саналд бид дэмжлэг авч чадсангүй. Энэ нь сонгогчдын нэрсийн жагсаалтыг өмнөх хуулиар нам, эвслүүдэд өгч болж байсныг болиулсан. Үүнд би хардаж байна. Хоёрдох унасан санал бол  сонгогч саналаа өгсөн нь заавал мэдэгдэх тэмдэглээг долоовор хуруунд нь хийж байсан. Үүнийг хийх шаардлагатай. Олон газар давхар саналаа өгөх тохиолдолд өмнө нь гарч байсан. АН-ын гурван санал уначихлаа, эргэж харах боломж байна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН, АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТОГТОХСҮРЭН:

АН-аас нийт 18 санал ирүүлснээс 15 санал нь тусгагдсан. Дээрх хэлсэн гурван саналыг нь ажлын дэд хэсэг болон ажлын хэсэг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Нэгдүгээрт сонгогчдын нэрсийн жагсаалтыг хувилж өгөх боломжгүй. 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн тухай гурван хуулиар энэ нь хориотой. Иргэний хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр өөр этгээд иргэний мэдээллийн нууцлалд нэвтэрч болохгүй. Намууд сонгогчдын нэрсийн жагсаалтыг авна гэдэг нь тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг нь авч байна гэсэн үг. Үүнийг Иргэний бүртгэлийн тухай хуулиар хориглочихсон. Тийм учраас АН-ын энэ саналыг оруулахаас УБЕГ татгалзсан. Иргэд ч өөрсдөө дургүйцдэг гэдгийг СЕХ ч хэлсэн. Хоёрдох саналын тухайд иргэний үнэмлэх дээр дардас дарах ямар ч боломжгүй, мөн хуулиараа хориотой. Саналаа өгсөн сонгогчийн долоовор хуруун дээр бэхээр тэмдэглэдэг байсан. Үүнд хувь хүн ч өөрөө дургүйцдэг юм байна. Мөн хурууны хээний давхардашгүй өгөгдөл орчихсон учраас давхар саналаа өгөх ямар ч боломжгүй.

 УБЕГЫН ДАРГА Б.БААСАНДОРЖ:

Сонгуульд оролцож байгаа намуудад нэрсийг жагсаалт өгдөг байсныг хасаж өргөн мэдүүлсэн. Хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл задарч байна гэсэн гомдол  СЕХ-д ирдэг байсан. Өмнөх хуулиар иргэдийн ямар мэдээлэл хаалттай, ямар мэдээлэл нь нээлттэй байхыг хуульчилж өгөөгүй байсан бол одоо Бүртгэлийн багц хуультай холбоотойгоор нээлттэй, хаалттай гэсэн ангилалтай болсон.

СЕХ-НЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН:

 Хуруун дээр хийдэг бэхэн тэмдэглэгээг гурван шалтгаанаар хийх боломжгүй гэж үзсэн. Нэгдүгээрт, бэхийг хийдэг үйлдвэр Энэтхэгт байдаг жижиг үйлдвэр байсан юм билээ. 2017 оны сонгуулиар авах гэсэн ч үйлдвэр нь хаагдсан гэдэг хариуг бидэнд өгсөн. Хоёрдугаарт бэхийг онгоцоор тээвэрлэх боломжгүй, хориотой. Гуравдугаарт,иргэний долоовор хурууг  бэхээр тэмдэглэхэд  иргэдээс гомдол их ирсэн. Харшил илэрч, реакци үзүүлсэн. Дээр нь маш хүчтэй түлэгдсэн гээд гомдол ирж, СЕХ-оос нөхөн төлбөр өгч байсан. Тухайн бэхийг үйлдвэрлэдэг газраас Афганистан, Монгол хоёр л авдаг байсан. Афганистан авахаа больж, манайх 2008 оноос хойш аваагүй учраас үйлдвэр нь хаагдаж, дахин нийлүүлэх боломжгүй гэсэн.

УБЕГЫН ДАРГА Б.БААСАНДОРЖ:

2012 оны сонгуулиас эхлэн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр өгдөг болсон. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 89.4-т ямар тохиолдолд иргэний үнэмлэх хэрэглэх вэ гэдгийг нь нарийн зохицуулсан. Энэ нь гарын хурууны хээгээр төхөөрөмж ажиллахгүй болсон эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрсийн жагсаалттай тулган ашиглах болсон. Түүнээс бусад тохиолдолд гарын хурууны хээгээр сонгуулиа өгнө. Нэг хүн хоёр удаа санал өгөх боломжгүй. Бүртгэлийн систем нь тагнуулын хяналтын систем дээр явдаг тул хоёр удаа санал өгөх боломжгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

Ажлын хэсэгт яагаад прокурор болон Авлигатай тэмцэх газраас ороогүй юм бол. Сонгуулийн тухай хуулиар гурван асуудлыг зохицуулаагүй байна. Авлига, албан тушаалын хэргээр ял эдэлсэн хүмүүс төрийн албан орно гээд гүйдэг. Шүүхээр ял эдэлсэн хүмүүс гэсэн үг. Төрийн албаны тухай хуульд авлига болон албан тушаалын хэргээр ял эдэлсэн бол төрийн албанд ажиллахгүй гэж заасан атлаа Сонгуулийн хуулиар болно гээд заачхаж. Томсгосон тойрог гэдэг бол Басхүү намдаа хайртай бол намайг дугуйлаарай гээд нэр дэвшигчид нь ордог. Томсгосон тойргийн сул тал нь намдаа хайртай бол намайг дугуйлаарай гээд тоо нь дотор үсгүүд нэр орж ирдэг. УЕП нь УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлье гэж орж ирдэг шиг Сонгуулийн Ерөнхий хороо нь  яагаад шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял шийтгэл авсан хүмүүсийг оруулахгүй гэсэн заалт оруулаагүй юм бэ. Сонгуулийн үеэр баахан мөнгө тараагаад шүүхээр явах болохоор хөөрхий муу нэртэйгээр нь сонгуулийн штабт ажилласан ажилтнууд нь буруутан болчихдог. Нөгөө мөнгө тараалгасан гишүүн нь УИХ-ын дархан гишүүний бүрэн эрхээрээ үлддэг. Сонгуулийн хууль зөрчсөн хүнийг яагаад нэр дэвшүүлэх гээд байгаа юм бэ. Шүүхээр тогтоогдсон атал. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг яагаад оруулаагүй юм.

ЦЕГ:

Хуулийн төслийн 30.7-д эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гэсэн заалт орж ирсэн. Эрүүгийн хариуцлага гэдэг нь өөрөө өргөн хүрээг хамардаг учраас эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээ, ял нь дотроо таван төрөл байна. Албадлага нь өргөн хүрээтэй гэж үзээд Байнгын хороо, ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу ү шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно гэж оруулсан. Хууль санаачлагчийн зүгээс авлига, албан тушаалын хэргийг тусгаагүй байсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

Зурагт харахаараа бүгд шударга болцгоочихдог. Хулгайчидтай, авлигач нартай тэмцье гэдэг атлаа Сонгуулийн хуульд бодитой өөрчлөлтийг тусгаагүй байна. Одоо хөөн хэлэлцэх хугацаагаар олон хүн орж ирэхээр байна. Мөн сонгуулийг олон удаа будилаантуулж байсан хүмүүсийг хязгаарласан ямар заалт байна вэ.

СЕХ-НЫ ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН:

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар ял шийтгүүлж байгаагүй гэсэн заалт бий. Ял шийтгүүлж байсан бол ялгүйд тооцуулсан байх гэсэн заалт байсан. Үүнийг улс төрийн намууд шүүмжилсэн. Ялынхаа хугацааг дуусаад цагаадсан хүн яагаад сонгуульд өрсөлдөж болохгүй байгаа талаар намуудтай уулзахад асуудал дэвшүүлж байсан. Тиймээс ял эдэлсэн ч хугацаа нь дуусаад цагаадсан бол сонгуульд оруулах, харин ял эдэлж байгааг хориглох заалтыг ажлын хэсэг дээр ярьж оруулсан.

Үүгээр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж дууссанаар төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж байна.

Зарим саналын томьёололтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулга авав. Тухайлбал, “4.3 Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэсэн зарчмын саналд  УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Тойргийг яагаад заавал 26 болгож байгаа юм бэ гэдгийг тодруулав.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлд зааснаар УИХ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах онцгой бүрэн эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарч ажилласан. Өмнө нь хоёр удаагийн сонгуульд буюу 1992, 2008 онд томсгосон тойргийг хэрэглэж байсан ийм тогтолцоо. Энэ тогтолцоогоор явахад болохгүй юм байхгүй гэж үзэж байна. Өмнө нь хийгээд болсон тул болохгүй зүйл байхгүй гэж үзэж байна.

Ингээд санал хураалт явуулахад 86.7 хувиар дэмжив.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 2008 онд энэ тогтолцоогоор сонгуулийг явуулаад долдугаар сарын 1-ны үйл явдал болсон. Яагаад энэ тогтолцоог оруулж ирсэн юм бэ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2008 оны долдугаар сарын 1 бол системдээ учир дутагдалтай учраас болсон гэж бодохгүй байна. Нэгдүгээрт санал хураалтын дүнг гараар тоолсонтой холбоотой маргаан үүссэн юм билээ. Одоо автоматжуулсан систем дээр алдаа дутагдал гарахгүй байх гэж бодож байна. Сонгуулийн хуулийн хариуцлага өндөр болсон. Хууль санаачлагч 50:26 гэсэн системийг өргөн барьсан. Нэр дэвшилт, санал хураалт нь мажоритар системээр явж байгаа тул Үндсэн хуулийг зөрчиж магадгүй гэсэн болгоомжлол байгаа учраас улс орны эдийн засагт эерэг өөрчлөлт авчирдаг том тойрог байвал зүгээр гэж үзэж олон мандаттай тойрог гэдгийг сонгосон.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй нийт 54 саналын томьёоллоор санал хураалт явуулж байгаа юм.

Ажлын хэсгээс оруулж ирсэн саналууд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ. Санал хурааж дууссан тул Байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж