МАН-ын тоглоомын дүрэм өөрчлөгджээ. Анхны 26:50 гэх холимог хувилбараа больж, том мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахаар тохиролцсон тухай Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарлахдаа “Томсгосон тойрог иргэдэд таалагдана гэж тооцсон” болохоо нуусангүй. МАН-ын Удирдах зөвлөлөөс анх санал болгосон 26:50 хувилбар шинэ гишүүдэд нь таалагдаагүй. Тиймээс МАН-ын дарга нарын бодлогын хариу "бодоод бодоод бодын шийр дөрөв" гэгчээр том 26 дээр бууж.
Том мажоритар тогтолцоогоор сонгуулийг явуулснаар намууд бодлогын өрсөлдөөнөөр биш олонхын санал цуглуулахад чиглэсэн популист амлалтаар уралдана, амандаа орсноо амлана, халамж, хайрыг харамгүй зарлана. Яг 2008 оны сонгууль шиг.
Ажил хийхгүйгээр амар хялбар амьдрах сонирхолтой монголчуудын чихэн дээр хэрхэн цэцэг ургуулахаа Ардын нам тооцсон нь мэдээж. Халамж амлах нь хар масст таалагдаж таарна. Сонгогчдод таалагдахын тулд намууд цаашдаа юу гэж солиорохыг таашгүй. Эхнээсээ ипотекийн зээлийг хүүгүй болгоно, үнэгүй байр өгнө гээд элийрээд сууж байна.
"Жижиг тойргоор сонгууль явуулахад мөнгөөр саналаа худалддаг бол том тойрогт мөнгө тараах явдал гарахгүй, царцаан нүүдэл ашиглах боломжгүй" гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, МАН-ын генсек Д. Амарбаясгалан хоёр өөрсдийгөө зөвтгөж байгаа. Нэг талаасаа бол тийм, нөгөө талаасаа томсгосон тойрог дээр зөвхөн том намуудын том зодоон болно. Жижгүүд, тэр тусмаа шинэ хүмүүс, эмэгтэйчүүд ялалт байгуулах боломж бага, Д.Дэмбэрэлийн парламент ердөө гурван эмэгтэй гишүүнтэй байсан. Тиймээс МАН-ын тоглоомын дүрмийг гуравдагч намууд, эмэгтэйчүүд таашаахгүй байгаа юм.
2008 оны сонгуульд улс төрийн 11 нам, нэг эвслээс 356, бие дааж 45 хүн нэр дэвшсэнээс МАН/МАХН/ 45, АН 28, Иргэний эвсэл, Иргэний зориг нам нэг, нэг суудал авч, бие дааж нэг хүн ялалт байгуулсан юм. Товчхондоо, Ардын намын зурсан зургаар өнөө л насаараа Төрийн ордонд амьдарсан Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин эсвэл ордны галзуучууд, топ популистууд дахин сонгогдох боломжтой болж байна. МАН-ын хувьд “чоно цатгалан, хонь бүтэн” үлдэж, бусад нь тэдний зохиосон тоглоомын дүрмээр тоглох нь үнэн. МАН-д өөрсдөдөө зориулж тоглоомын дүрмээ зохиох, өөрчлөх эрх нь ч, кноп нь ч бий, тэгэхээр одоо гоншигноод ч оройтсон.
Парламентын засаглалд шилжсэнээс хойш 1992, 2008 оны сонгуулийг томсгосон, 1996, 2000, 2004, 2016 оны сонгуулийг жижиг тойргоор, 2012 оны сонгуулийг пропорциональ системээр явуулсан. Эндээс хамгийн их халамж амласан нь 2008 оны сонгууль. Сонгуульд ялалт байгуулахын тулд АН, МАН аль амандаа орсноо л амласан. Шинэ гэр бүлд 500 мянгыг олгож, иргэн бүрт сар бүхэн 21 мянгыг тарааж, “Эрдэнэт”-ээс ч зээлж, “Эрдэнэс Тавантолгой”-г ч барьцаалж С.Батболдын засаг ёстой шинэ баян цээж өвчтэй загнасан. Эцэст нь монгол гэр бүлийн салалт ихэсч, монгол хүүхдүүд өнчирч, 800 тэрбум төгрөг үргүй хийссэн гээд өнөөдөр ч Монголын нийгэм, эдийн засгаас МАН-ын тарьсан гай, 2008 оны амлалтын уршиг, урхаг нь арилаагүй байгаа.
Мажоритар тогтолцоо нь савлагаа ихтэй, сонгогчдын саналын багагүй хувь нь гээгддэг. Үүнээс болж 2008 оны сонгуулийн дараа С.Баярын намыг иргэд эсэргүүцэн, байрыг нь шатааж, цагдаа нар таван хүний амийг буудаж хөнөөсөн долдугаар сарын 1 гэх түүхэнд хараар тэмдэглэгдсэн эмгэнэлт үйл явдал өрнөсөн юм.
МАН-ын байрыг галдан шатааж, эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж Ж.Батзандан баривчлагдаж, Ардын намаас айхдаа Ардчилсан намд хадаг барьж гүйж очсон нь бас л бодит түүх, арван нэгэн жилийн өмнөх явдал. ШИНЭ намын дарга хуучин явдлаа мартаж Ардын намтай аль болох сүжрэх нь ихэссэн болохоос АН-д элсээгүй бол тэр аль хэдийн хэрэгтэн болчихсон байх байлаа.
Иймээс түүх давтаж магадгүй гэх эмээх шалтгаан, айдас хүйдэс нь МАН-ын зурсан зураг болж байна.
Сонгуулийн тойргийг 26 эсвэл 27 болгох асуудал эрх баригч намын дунд ид сэвэгдэж буй сэдэв болсон. Тойргийг тоог нэмэх эсэхийг МАН тохиролцоо шийднэ. АН юу ч гэсэн тэд гөлөг ч гэж тоохгүй нь гашуун үнэн. Цагтаа АН ч 25 кноптой МАН-ыг "гөлөөг" ч гэж тоолгүй сонгуулийн хуулийг хүчиндэж, УИХ-ын 2016 оны сонгуулийг жижиг 76 тойргоор явуулж байсан. Тойргуудаа улайм цайм, улаан цэнхрээр нь ялгаад будсанд Ардын намын гишүүд бөөн гомдол, шүүмжлэл, нус нулимс болж ч байв. Даанч, АН-ын өөдөө шидсэн чулуу өөрсдийг нь онож, тэдний зурсан зургаар Ардын намын бор халзан хонь ч гараад ирэхэд хүргэсэн билээ. Өөрсдөдөө хэт эрдэж, хэт итгэсэн нь АН-ын нэг алдаа энэ болсон юм.
Тийм ч учраас АН-ын алдааг давтаж, гудамжинд гарахгүйн тулд Ардын нам том мажоритар тогтолцоог сонгож байгаа. Гэхдээ ингэлээ гээд Ардын нам яг ялна гэсэн үг биш. ЖДҮ, жаран тэрбумын хэргээсээ болоод МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж буй. Тиймээс МАН бас л азаа сорьж байна. Аз таарвал сонгуульд ялна, аз харьвал арай ч гудамжинд гарчихгүй гэсэн хувилбар нь МАН-ын хувьд томсгосон тойрог юм.
Томсгосон тойргоор сонгууль явуулах нь эрх баригч хоёр том намд ашигтай хувилбар гэж хэт бардамнаж бас тэнэж төөрөх хэрэггүй. Энэ бол зөвхөн таамаглал, сонгуульд нөлөөлөх бусад хүчин зүйлийг хавсран тооцож үзвэл тэс өөр үр дүн гарч мэдэхээр байгаа. Сүүлийн найман жилд АН, МАН-д бүтэн нэр бүлээн зүстэй хүн үлдээгүйн дээр намуудын дотоод зөрчил яг хэвээрээ, иргэд итгэл алдарсан зэргээс дүгнэвэл аль, аль нь сонгуулийн өмнө заадсаараа зад салж мэдэхээр байгаа. Гэтэл МАН-ын тоглоомын дүрмээр нэг намаас нэг тойрогт хоёроос дөрвөн хүн өрсөлдөнө гэж тооцвол намуудын нэр дэвшигчид өөр хоорондоо хутга, сэлэмдээ тулах аюултай.
Уг нь том тойргийн давуу, нөгөө талдаа сул тал нь нэр дэвшигчид ганцаарчилсан тоглолт хийх боломжгүй. Ганцаарчилсан тоглолт хийвэл багаараа ялагдана. Н.Энхбаярын эртний үгээр намуудын нэр дэвшигчид эвтэй байхдаа л хүчтэй байна, эс бөгөөс өөр хоорондоо үзэлцвэл хамтдаа үхэж ч болзошгүй.
Энэ бүгдээс гадна эцэст нь намуудын дотоод уур амьсгал, хагарал, талцлыг харвал УИХ-ын 2020 оны сонгуулийн гол зодоон нам хооронд биш нам доторх бүлэглэлүүдийн дунд цусгүй тулаан өрнөх нь тэнэг хүнд ч тодорхой байна.
Холбоотой мэдээ