МАН ОУВС-тай тохирч, 174 тэрбум төгрөг босгоно

Хуучирсан мэдээ: 2019.12.18-нд нийтлэгдсэн

МАН ОУВС-тай тохирч, 174 тэрбум төгрөг босгоно

МАН ОУВС-тай тохирч, 174 тэрбум төгрөг босгоно

МАН олонхоороо ялалт байгуулж, Засгийн газраа байгуулсны дараа эдийн засаг хүнд байна, зайлшгүй амь тариа хэрэгтэй хэмээн ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Ингэхдээ тэд хэд хэдэн зүйл дээр ОУВС-тай “тохиролцож” НДШ-ийг үе шаттай нэмэх шийдвэр гаргасан. Гэтэл гурван жил дараалж нэмэгдэх ёстой байсан НДШ-ийн сүүлийн нэмэгдэл н2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр байсан юм. 2020 оны нэгдүгээр сараас гэхээр сонгууль болохоос зургаан сарын өмнө энэ нэмэгдэл үйлчилж эхлэх байсан учраас эрх баригчид төдийгүй, улс төрийн намууд гэнэт ухаарч энэ шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлыг улстөржүүлж эхлэв.  Тиймээс Ерөнхийлөгч улсынхаа иргэдийн төлөө гэнэтхэн ухаарч энэ шимтгэл дээр хориг тавив. МАН ч хоригийг дуу нэгтэйгээр уухайн тас хүлээн авав. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ хоригийг УИХ хүлээж авсан бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх байсан НДШ-ийн хоёр хувь нэмэгдэхгүй боллоо. Тиймээс УИХ-ын дарга холбогдох байнгын хороодод үүрэг чиглэл өгч, НДШ-тэй холбоотойгоор хориг хүлээж авсан учраас яаралтай хууль өргөн барьж, УИХ батлах ёстой гэсэн үүргийг өгсөн.  Харин эрх баригчид сонгуулийн тогтолцоо, хуультайгаа “ноцолдоод” НДШ-ийг нэмэхгүй байхтай ямар хууль өргөн барьж, хууль оруулж ирэх нь тодорхойгүй хэвээр байна.

ОУВС-Г “ХУУРААД” ШИМТГЭЛИЙГ “МАРТАХ УУ”

Эрх баригчид хориг хүлээж авсан учраас ОУВС-тай тохирохоос өөр гарц үлдээгүй. ОУВС-тай хамтрах гурван жилийн хөтөлбөр ирэх хавар буюу 2020 оны тавдугаар сард дуусна. Хөтөлбөр амжилттай болсон эсэхийг дүгнэх хугацаа гэсэн үг. Харин бид хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байсан төлөвлөгөөнөөсөө нэг алхам ухарчихлаа. Эрх баригчдын зүгээс 2020 оны төсөвт НДШ-ээс 174 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолсон. Гэвч энэ хэмжээний мөнгө тасалдаж байгаа учраас энэ хэмжээний мөнгийг хаанаас төвлөрүүлэх вэ гэдгээ эхлээд тодорхой болгоно. Одоогоор хаанаас танаж, юу нэмэх талаар тэд тодорхой болгосон зүйлгүй байна.

ХУВИЛБАР-1

Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих байсан НДШ-ийн хугацааг сунгах. Энэ бол арга ядсан хувилбар. Учир нь хэрэв ОУВС-г энэ удаад “аргалаад” өнгөрье гэвэл энэ хувилбарыг сонгож болно. Өөрөөр хэлбэл, хэрэгжих хугацааг нь хойшлуулж, ОУВС-ийн хөтөлбөр дууссан дараа хэзээ ч хамаагүй хугацааг нь тавьж болно. Ингэснээр хөтөлбөр амжилттай дуусгавар болсны дараа сонгууль болох учраас бидэнд “хамаагүй” гээд орхиж болно.

ХУВИЛБАР-2

Нөгөө нэг хувилбар нь хуулийг шууд хүчингүй болгох. Хүчингүй болгох шийдвэр гаргавал ОУВС-ийн хөтөлбөрийг амжилтгүй дуусгаж эрсдэлтэй. Үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч “ОУВС-тай тодорхой хэдэн зүйлийг  тохиролцсоны үндсэн дээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тийм учраас НДШ-ийн нэмэгдлийг буцаавал хөтөлбөрөөс гарах нөхцөл үүснэ” гэж онцлоод буй. Тиймээс хуулийг шууд хүчингүй болгоно гэдэг хүнд даваа.

Энэ хоёр хувилбарын алийг нь ч сонгосон эрх баригчид ОУВС-ийнхантай хэлэлцээрийн ширээнд суух хэрэг гарна. Өөрөөр хэлбэл, 2017 онд баталсан хуулиа хүчингүй болгох, эсвэл ОУВС-тайгаа тохиролцсон  хөтөлбөрт зөрчил үүсгэхгүй байх үүднээс хууль хэрэгжүүлэх хугацааг түдгэлзүүлэх юм уу хугацааг нь хойшлуулах л сонголттой. Харин ОУВС-тай хэлэлцээрийн ширээнд амжилттай яриа өрнүүлж чадвал НДШ-ийн нэмэгдлээс олох байсан 174 тэрбум төгөргөө хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг Засгийн газар, УИХ дотооддоо шийдэх асуудал. Мэдээж 174 тэрбум төгрөгийн орлого тасрахаар байгаа учраас нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх,  НДШ-ийн өр, авлагыг бууруулах замаар  орлогыг нөхөх арга хэмжээг УИХ-аас Засгийн газарт өгөх болов уу гэсэн таамаглал байна.

Эцэст нь МАН аль ч хувилбарыг сонгосон УИХ, Засгийн газар баталсан хуулийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд очих магадлалтайг сануулах нь илүүц биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж