&#34Хүрхрээ&#34 дээд лигийн аварга &#34Эрчим&#34

Хуучирсан мэдээ: 2015.10.04-нд нийтлэгдсэн

&#34Хүрхрээ&#34 дээд лигийн аварга &#34Эрчим&#34


 

МХБХ-ны хамгийн өндөр шагналын сантай “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шийдвэрлэх тоглолт өнөөдөр 15:00 цагаас эхэллээ. “Арвайн Үндэс” компани хөлбөмбөгийн спортыг дэмжиж,  100 сая төгрөгийн шагналын сан амлан, үндэсний хамгийн том лигийг "Хүрхрээ" нэртэйгээр бүтэн таван сарын турш амжилттай зохион байгууллаа. Ингээд аварга авах нь нэгэнт тодорхой байсан “Эрчим” клуб, Дээд лигтээ үлдэх нь тодорхой болоод байсан “Дэрэн” багтай "Хүрхрээ" үндэсний дээд лигийн хамгийн сүүлийн тоглолтыг хийлээ.

"Эрчим" клуб 2-р тойргийн тоглолтуудыг гайхалтай үр дүнгээр дуусгаж,  аваргын цом болон алтан медалт, “Арвайн Үндэс” компаниас амласан 40 сая төгрөгийн эзэд боллоо. Энэ тоглолтод “Эрчим” клуб 7:1 харьцаатай “Дэрэн” клубыг буулгаж авсан юм.

Таван сарын турш үргэлжилсэн "Хүрхрээ" лигийн шилдэг хаалгачаар “Эрчим” клубын хаалгач Б.Ариунболд тодорлоо. "Эрчим" клуб энэ улирал эсрэг багийн хаалганд нийт 62 гоол оруулж, харин хамгийн бага буюу 15 гоолыг өөрийн хаалганд алджээ.

Шилдэг хамгаалагчаар “Хүрхрээ” лигийн аварга, Үндэсний лигийн 9 удаагийн аварга “Эрчим” багийн хамгаалагч Г.Төгөлдөр тодорлоо. Шилдэг тамирчдыг “Арвайн Үндэс” компаниас 2 сая төгрөгөөр шагнав. Шагналыг МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч "Арвайн Үндэс" компанийн захирал, ноён О.Оргил, МХБХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.

Шилдэг хагас хамгаалагчаар “ФС Улаанбаатар” багийн шилдэг тамирчин О.Баяржаргал тодорч, “Арвайн Үндэс” компанийн шилдгүүдэд олгож буй 2 сая төгрөгийн эзэн боллоо. Олноо Хаба хэмээх нэрээрээ алдаршсан О.Баяржаргалын хувьд энэ улирал маш жигд тоглолтыг гаргаж, талбайн бүх орон зайд өөрийнхөө ур чадварыг харуулж чадсан юм.

Лигийн шилдэг довтлогчоор энэ жил “Хүрхрээ” үндэсний дээд лигт 22 гоолыг оруулсан “Хоромхон” багийн довтлогч Н.Наранболд тодорлоо. Тэрээр мэргэн буучдын жагсаалтыг 22 гоолтойгоор тэргүүлж, түүхэнд нэрээ мөнхөлж байна. Өнгөрсөн жил дээд лигийн мэргэн бууч 10 гоол оруулж байсан. Харин энэ удаа “Арвайн Үндэс” компани шагналын сан болоод шилдгүүдэд олгох мөнгөн дүнг хэд дахин нэмэгдүүлснээр тамирчдад урам зориг өгч, гоолын тоо илт нэмэгджээ.


Ийнхүү сүр дуулиантай үргэлжилсэн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2015 оны медалийн эзэд тодорч, амжилттай хаалтаа хийлээ. "Эрчим" клуб лигийн 9 дэх удаагийн цомоо өргөлөө. Ирэх жил тэд цомоо хамгаалахын төлөө тоглох бол “Хоромхон” клуб цомоо эргүүлэн авахын төлөө, “Сэлэнгэпресс” өмнөө байсан авч чадаагүй цомын төлөө, “ФС Улаанбаатар” алдсан боломжоо нөхөхийн төлөө өрсөлдөнө. Мэдээж дээд лигтээ үлдсэн болон дээд лиг рүү дэвшиж байгаа багууд амжилтаа ахиулахын төлөө дахин нэг шинэ улирлыг эхлүүлэх болно.

Нам гүмхэн "Нийслэл" лигээс хөл хөдөлгөөнтэй "Хүрхрээ" болон өргөжсөн дээд лигийг хамтран зохион байгуулагч, дэмжигч "Арвайн үндэс" компани болон "Дэлхийн Зөн Монгол" ОУ-ын байгуулагад хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс талархал илэрхийлье.

ЭХ СУРВАЛЖ: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж