Сурагчид 2 жилийн хугацаанд 9 булаг хамгаалжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Сурагчид 2 жилийн хугацаанд 9 булаг хамгаалжээ

Сурагчид 2 жилийн хугацаанд 9 булаг хамгаалжээ

Говь нутагт ус алтнаас илүү үнэтэй. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж бороо хур орох нь багасч гол горхи, булаг ширгэх нь нэмэгдсэн. Нөгөө талаар хүний буруутай үйл ажиллагаа, ялангуяа зарим малчид булгийн ойролцоо үхсэн малын сэг, зэмийг холдуулдаггүйгээс болж говийн цөөнгүй нүдэн булаг “нүд анисан” нь гашуун үнэн юм.

Тэгвэл баруун бүсийн эко клубынхан мал, зэрлэг амьтад ундаалдаг булаг шандыг хамгаалах ажлыг Монголд анх удаа сурагчдын оролцоотой амжилттай хийж байгаа бөгөөд тэднийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ Монгол дахь хөтөлбөрийн газар эхнээс нь дэмжин ажилласан байна. Сурагчдын ярьснаар урсгал нь татарсан олон булаг шандын эргэн тойронд мал амьтны сэг зэм дүүрч бохирдсон байжээ. Тиймээс сурагчид орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран  цэвэрлэж, 2018 онд дөрвөн булгийн эхийг хашиж хамгаалснаар урсац нь мэдэгдэхүйц нэмэгдээд байгаа аж. Булаг шандны ойролцоо автомат камер суурилуулан булгаас зөвхөн хүн мал төдийгүй зэрлэг  амьтад ч бас уудаг болохыг баталсан юм. Ашиглагч нь хамгаалагч байх уриалгыг эко клубын сурагчид малчдад ойлгуулснаар 21 сая төгрөгийн хандивыг анх удаа Говь-Алтай аймгийн долоон сумын малчдаас  цуглуулж чаджээ. Энэ мөнгөөр булаг шанд хамгаалах ажлыг хийж байгаа нь энэ юм.

Энэ зун, намар эко клубын сурагчид улам идэвхтэй ажиллалаа. Тэд дэлхийд ганцхан монгол бөхөнгийн тархац нутаг болох Шарга, Хүйсийн говьд нийтдээ таван булгийн эхийг нутгийн 35 малчинтай хамтарч хашиж хамгаалав. Эко клубынхан сумын захиргаа, малчидтай гурвалсан гэрээ байгуулан булгийн хашааны түлхүүрийг малчдад хүлээлгэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл, малчид хашсан булгийн эхийг хамгаалах үүргийг хүлээжээ. Энэ нь Монголд бас л анхдагч ажил гэнэ.

Эко клубын сурагчид Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран  анх эхлүүлсэн энэ ажил олны талархлыг хүлээж  араасаа амжилт дагуулж эхэлжээ. Монгол дахь TNC байгууллага гэхэд энэ жил Ховдын Чандмань сумын Тахилтын булаг, Дарви сумын Бумбатын булгийн эхийг хашиж хамгаалсан байна. Цаашид олон байгууллага энэ санаачилгыг дэмжиж, хамгаалснаар нүдэн булгууд байгаль дэлхийгээ ундаалан тасралтгүй урсах биз ээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж