Увс аймгийн Өмнөговь сумын хөрсөн дэх газрын баялаг, ард иргэдийг тойрсон шуугиан тасрахгүй байна. Хууль бусаар алт олборлож буй Хятадууд цагдаа хөлслөн нутгийн иргэдийг дарамтлан, хомроглон баривчилж байхтай зэрэгцэн “Юм Агаа” хэмээх нэгэн компани гарч иржээ. Тус сумын Орлого голын дагуу Хужиртын аманд алт олборлох лицензтэй гэх энэ компани өчигдөр сумын иргэдэд үнэгүй урлагийн тоглолт үзүүлэн, хөгшидөд 20000 төгрөг, залууст дуучдын CD тараан ихэд баярлуулжээ. Гэхдээ тэд сайхан сэтгэл өвөртлөн ийн хандаагүй бөгөөд найман сарын 1-нээс алт олборлох ажлаа эхлэхээсээ өмнө нутгийн иргэдийн сэтгэлийг худалдан авах зорилготой байжээ. Энержи ресурсын салбар компани гэж өөрсдийгөө танилцуулсан тэд “Юм Агаа” хэмээх нэрээ монголын төрийг дөчин жил барьсан Увс нутгийн хүү Юмжаагийн Цэдэнбал агсны нэрийг товчлон өгсөн гэж хэлсэн байна. Түүнчлэннутаг орныг нь хөгжүүлэх хүсэлтэй хэмээн хэлж, тус сумын хагас өнчин нэгэн хүүгийн их сургуулийн дөрвөн жилийн төлбөрийг даана хэмээн Өмнөговьчуудад амалжээ. Гэвч хуурамч сэтгэлийн цаана нутаг ус, ард иргэдийг нь худалдан авах санаархал буйг мэдсэн нутгийн иргэд эсэргүүцсэн ч 7-8 цагдаа, 10 гаруй хамгаалагчдаар хамгаалуулсан нэр нь үл мэдэгдэх тус компанийн захирал эмэгтэйд ойртож чадаагүй байна. Сонгуулиар иргэдийн санал 10000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 20000 төгрөгөөр газар нутгийг нь баялагтай нь худалдан авахаар санаархаж буй нь энэ үйлдэл нь хууль уу, гууль уу гэж тус сумын иргэд хэлж байна.
П.Наран