Гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон үндэсний ялагч мисс М.Цэвэлмаа энэ сарын 23-нд эх орондоо ирэх болжээ. Тэрбээр арванхоёрдугаар сарын 14-нд Англи улсын Лондон хотноо зохион байгуулсан 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, шилдэг 40 орны гоо бүсгүйн тоонд багтсан билээ.
Мөн мисс бүсгүйн санаачилсан элэгний өвчлөлийн эсрэг "Эрүүл Монгол – Эрүүл Дэлхий" төсөл “Зорилго бүхий гоо сайхны’ шалгуурт анх удаа шилдэг 10-т багтсан нь түүний онцлох амжилт байв. Үндэсний ялагч мисс М.Цэвэлмаагийн хувьд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн, "Монголын сайхан бүсгүй-2018" уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорсон байдаг.
Мисс бүсгүй М.Цэвэлмаа дэлхийн 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн "Авьяас" номинацид топ зургаа, "Head to head challenge Group" дөрвөн ялагчийн нэг, "Multimedia" төрлийн топ гуравт, "Зорилго бүхий гоо сайхан" топ 10 гэсэн амжилтуудыг үзүүлэн Монгол Улсын амжилтыг шинэчлэн тогтоогоод буй.
А.СҮРЭН