"Хууль бусаар алт олборлогчдод оноох ялыг хүндрүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

"Хууль бусаар алт олборлогчдод оноох ялыг хүндрүүлнэ"

"Хууль бусаар алт олборлогчдод оноох ялыг хүндрүүлнэ"

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2019.12.17/ "Ил тод, хариуцлагатай уул уурхай" сэдэвт хэвлэлийн бага хурал хийж, 2019 оны эхний 11 сарын статистик мэдээллийг танилцууллаа.

Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамж эхний арваннэгдүгээр сарын байдлаар 2.4 их наяд төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 518.6 тэрбум төгрөг буюу 26.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн арваннэгдүгээр сарын эхний байдлаар дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11.7 хувь буюу 1.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарч байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний арванэгдүгээр сарын гүйцэтгэлээр 11.6 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 781.7 сая ам. доллар буюу зургаан хувиар өссөн үзүүлэлттэй байна. Экспортын бүтээгдэхүүний хэмжээ 7.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 974.8 сая ам.доллар буюу 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн талаар дурдахад 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул ашиглалтын 2805 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа гэлээ. Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хариулт өглөө.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн IPO гаргах ажил ямар шатандаа яваа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO нэлээд хугацаанд яригдаж,  төрийн үйл ажиллагааны процесс үе шаттай явсан. Хувийн компани гэхээсээ илүүтэй төрийн өмчит улсын үйлдвэрийн газар шилэн болгох, нээлттэй болгох, засаглал сайтай болгох тал руу явж байна. Анхны юм гэдэг тэр болгон санаснаар байдаггүй юм байна. Бид нэлээн өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн  IPO хууль, техникийн зөвлөхөө сонгосон. Олон улсын бирж дээр хувьцаа гаргахын тулд нэгдүгээрт хүссэн хэмжээний хөрөнгө мөнгөө босгох ажил бий.

-Хувьцааны ногдол ашиг тараах асуудал УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр яригдсан?

-Өнөөдөр бид 26 мянган төгрөг өгөх үү. Тодорхой хугацааны дараа төмөр замаа тавиад аж үйлдвэрээ бариад нэмүү өртөг шингээсэн, үйл ажиллагаа цар хүрээгээ олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн үнэлгээгээ тогтоосон ийм болчхоод тэндээсээ арав дахин хэмжээнд ногдол ашиг хуваарилах уу гэдэгт Засгийн газрын бодлого явж байна. Ногдол ашгийг хуваарилах эсэх асуудлыг компанийн хуулиар ТУЗ-д асуудлаа шийдээд явсан. Ногдол ашгийг хэдийд хуваарилах уу гэдэг нь тактикийн асуудал. Хийсэн ажилтайгаа уяж ногдол ашгийг хуваарилах ёстой. Улсын эдийн засаг өсч байгаа хэдий  ч ямар нөхцөлд байгааг ойлгох ёстой.

-Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл өгөөч. Хөрөнгө оруулагчид хэзээ уулзахаар  болсон бэ?

-Оюутолгойд 14000 чадварлаг мэргэшсэн Монгол залуус ажиллаж байна. Энэ нь Монголын уул уурхайн хүний нөөцөд чухал хөрөнгө оруулалт юм. 1380 метрийн гүнд 45 метрийн өндөртэй том хонгилд дэлхийд байхгүй том жижиг бутлуурын цехийг залуучууд байгуулсан. Энэ бутлуурын цех далд уурхайгаас орж ирж байгаа хүдрийг баяжуулах үйлдвэр рүү оруулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Улсад 2.7 тэрбум ам. долларыг татвар хураамжаар төлсөн байдаг. Энэ нь валютын нөөцийг бүрдүүлж төгрөгийг тогтвортой байлгадаг.

Монгол Улсын эдийн засагт Оюутолгойн эзлэх байр суурь их. Оюутолгойд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдээд үе шаттайгаар явж байна. Хөрөнгө оруулагчид УИХ-аас гаргасан шийдвэрт  нааштай байр суурьтай байна лээ. Энэ нь бусад салбарт алтны болон жоншны салбар, нүүрсний салбарт эхнээсээ хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. УИХ-ын 92 дугаар тогтоолд тодорхой заасан.   Хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлээд далд уурхайн бүтээн байгуулалт Дубайн гэрээний хэрэгжилтийг сайжруулах тал дээр шуурхай ажиллаж байна.

-Зөвлөх үйлчилгээнд одоогийн байдлаар хэдэн төгрөг зарцуулсан бэ. 34 сая тонн нүүрс экспортод гарсан байна.

-УУХҮЯ 2019 онд төлөвлөгөө баталж өгсөн. Төсөв батлагдаад Сангийн яаман дээр орсон. Бидний баталсан төлөвлөгөө биелээд явж байна. БНХАУ нүүрсний үйлдвэрлэлээ хангах зохицуулалт хийдэг.

-Сайжруулсан түлшний түүхий эд дуусч байгаа юу?

-Сайжруулсан түлшний түүхий эд дуусахгүй. Явдгаараа явна. Ирэх жил үйлдвэрийн тоог нэмэгдүүлнэ.

-Нефть боловсруулах үйлдвэр ямар шатандаа яваа вэ?

-Төслийн үйл явц хэвийн явж байгаа. Нефть боловсруулах үйлдвэрийн төслийн үйл явц төлөвлөснөөс хурдан явж байна. Энэ маш том төсөл шүү. 11 дахин үйлдвэрийн том байгууламж баригдана гэдгийг иргэд ойлгох ёстой. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно.

-Ирэх онд уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төсөл юу байна вэ?

-Уул уурхайн салбаргүйгээр Монгол Улсын эдийн засгийг төсөөлшгүй. Энэ салбараар дамжуулж уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд эрх зүйн орчныг тогтвортой байлгах хэрэгтэй байна. Олон тусгай зөвшөөрөл шат дамжлагыг багасгах хэрэгтэй байна. Хараа хяналт бүх шатанд байх ёстой. Сум, аймаг, орон нутгийн хүнд суртлыг багасгах ёстой. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулиа өргөн барихаар бэлдэж байгаа. Засгийн газрын түвшинд алт, ураныг бүрэн мэдэлдээ авч, Засгийн шийдвэр эцсийнх байх ёстой гэдэг ийм төлөвлөгөөтэй явахгүй бол манайх шиг стратегийн гэж хэлж болох алт, жоншны салбараа талын нэг тараасан улс байхгүй. Жишээ нь Үндэсний геологийн алба байгуулж байж бусад уул уурхай болон тэргүүлэх салбар цэгцдээ орно.

Тусгай албад, тагнуулын байгууллагууд тэргүүлэх салбаруудтай зэрэгцэн орших ёстой. Төрийн ой санамжийг бүдгэрүүлсэн олон хүнийг ажилгүй болгосон үйл явдал Монголын төрийн түүхэнд бий. Үүнийг засах залруулах олон ажил шат дараатайгаар хийгдэж байна.

Бүс нутагт хайгуулын ажил их төвөгтэй. Гэхдээ айлын өвөлжөө хаваржааг дайруулж хийнэ гэсэн ойлголт байхгүйг онцолж хэлье.

Хууль бусаар алт олборлосон, хил давуулсан тохиолдолд оноох ялыг нэмэгдүүлэх тухай хууль эрх зүйн хувьд тусгах талаар ажиллаж байна. Гаалийн хяналт бас маш чухал. Цианит зэрэг хортой бодис нэвтрүүлж байна уу гэдгийг анхаарах нь зүйтэй. Монгол оронд олборлож байгаа бүх алтыг нэгтгэж төвлөрүүлэх хэрэгтэй байна.

Төв банк алтны нөөц, валютын нөөцөө нэмэгдүүлэх боломжтой. Метан хий агаарын бохирдолд нөлөөж байгаа. Энэ асуудал дээр ажиллаж байна. Нүүрснээс байгалийн нэмэлт хий гаргаж авах тухай ажил Япон улстай томоохон төсөл, зэс боловсруулах үйлдвэр байгуулах тухай яригдаж байна. Мөн Энэтхэг, Казакстан зэрэг улсуудтай хамтран ажиллахаар яригдаж байна.

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд?

-Алт цэвэршүүлэх үйлдвэр Лондонгоос эрхээ авдаг. Бүх шаардлага хангасан бичиг баримт нь хэвийн болсон. Хөгжлийн банктай бид ярьж байгаа.

Алт цэвэршүүлэх  үйлдвэр баригдсанаар эзийн засагт том дэм болно. Алтан дээр суурилсан төгрөг гэдэг бодлогыг баримтлахаар бэлдэж байна. Валютын ханш өсөхөд бид алт цэвэршүүлэх үйлдвэртэй байснаар технологи дунд нь 50 гр, 10 гр, 100 гр гээд явах бүх шийдлүүдийг гаргаад, алтаа үйлдвэрлээд үндэсний гар урлалаа буюу гар урлалын чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ дэмжих, валютын урсгалаа хадгалах хэмжээнд барих ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарах үр дагавар эдийн засагт том тус болно. Жилд 25 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэж харж байна. "Алтан дээр суурилсан төгрөг" төсөл цаашид амжилттай хэрэгжих байх гэж найдаж байна.  Уул уурхайн салбарын бодлого валютын нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ гэж л зорьдог.

-Жоншны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа юм байна?

-Алтны нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Жонш хөтөлбөрийг батлуулах ажлыг зохион байгуулна. Эрэлт өсч байна. Олон улсын зах зээлд ховор элементийг нээж, олборлож нийлүүлэхийг зорьж байна. Бидний ажил хайгуулын ажлын явцтай шууд холбоотой байдгийг ойлгоосой гэж хүсч байна.

Сумдад газар нутгийн онцлогоос шалтгаалан хайгуулын зөвшөөрөл харилцан адилгүй олгогдох тохиолдол бий. Бүс нутагт хайгуулын ажил их төвөгтэй. Гэхдээ айлын өвөлжөө хаваржааг дайруулж хийнэ гэсэн ойлголт байхгүйг онцолж хэлье.

Уул уурхайд нүүрлэж буй асуудал бол техник тоног төхөөрөмж бус ус болоод байна. "Хүнд үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр"-өө гаргасан. Энэ маш чухал. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн хэлбэлзлийг тооцсон бодлого хэрэгтэй.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж