“Долларын ханш өдөр бүр нэгээс хоёр төгрөгөөр нэмэгдэж байна. Бидэнд одоогоор бэлэн ам.доллар алга. Ханшийг Монголбанк тогтоодог. Монголбанк аав нь гэж үзвэл бид хүүхдүүд нь гэсэн үг. Монголбанк валютын ханшийг яаж тогтооно, тэр үнээр нь бид худалдан авч, борлуулж байна. Шинэ жил, хавар ноолуур зарах үеэр ам.долларын ханш өсдөг, буурдаг зүйл өнөөдөр огт байхгүй болчихсон. Эдийн засаг тэлчихсэн байна. Маш олон зүйл ханшийн өсөлтөд нөлөөлж байна” гэж "Найман шарга"-ын ченжүүд тайлбарлаж сууна.
Тус төвд нэг ам.долларыг 2729 төгрөгөөр худалдан авч, 2732 төгрөгөөр борлуулж байна. Харин Монголбанк ханшаа 2727.25 төгрөгөөр нэрлэжээ. Валютын ханшид гадаад валютын нөөц, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Гэтэл дээрх үзүүлэлтүүд энэ оны эхний 11 сарын байдлаар эерэг, өсөлттэй гарчээ. Тухайлбал, гадаад валютын нөөц 2016 онд 1296.3 сая ам.доллар байсан бол 2019 оны аравдугаар сарын байдлаар 4033.8 сая ам.доллар болж нэмэгдсэн байна.
Харин төлбөрийн тэнцэл 2016 онд хасах 18 сая ам.доллараас 2019 оны арваннэгдүгээр сард 252.8 сая ам.доллар болтлоо өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1558.2 сая ам.доллар байж. Тэгвэл 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар 1472 сая ам.доллар болсон байна. Гэхдээ 2019 оны үзүүлэлтүүд эхний 11 сарын тоо гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, 2019 оны жилийн эцсийн дүнгээр энэ үзүүлэлт өөрчлөгдөж мэднэ.
Дээрх үзүүлэлтээс гадна 2016 оноос хойш Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Санхүүжилтийн эх үүсвэрээр /сая.төгрөг/ | 2016 | 2017 | 2018 |
Нийт | 7,185,231.5 | 10,305,700.4 | 12,515,516.3 |
Дотоодын хөрөнгө оруулалт | 4,318,852.4 | 3,406,407.9 | 5,124,750.2 |
Гадаадын хөрөнгө оруулалт | 2,866,379.2 | 6,899,292.5 | 7,390,766.0 |
Валютын ханшид нөлөөлдөг хүчин зүйлийн тоон үзүүлэлт ихэнх нь эерэг, өсөлттэй гарсан байхад ам.долларын ханш яагаад буурахгүй байгааг сонирхсон хүмүүс олон. Тухайлбал, 2017 онд валютын нөөц, гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл бүгд өсөлттэй гарах үед ам.долларын ханш 55 төгрөгөөр буурч байжээ. Харин өнөөдөр дээрх үзүүлэлтүүд бүгд өсөлттэй, ам.долларын ханш хөөрөгдөлтэй, өдөр ирэх тусам өсч байна. Хөрөнгийн зах зээлийн судлаач, эдийн засагч Д.Ангар үүнийг Монголбанкны зохицуулалт буруу явагдаж байгаатай холбон тайлбарлажээ. Тэрбээр "Валютын ханшид нөлөөлдөг хүчин зүйлүүдийн тоон мэдээлэл бууралттай, дээрээс нь саарал жагсаалтад орсон гээд гадаад худалдааны эргэлтийн дүн мэдээ буурсан бол валютын ханшийн өсөлтийг ойлгож болох байлаа.
Гэтэл гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц бүгд л ашигтай гарлаа. Оюутолгой зэсийн баяжмалын экспорт таван сая тоннд хүрлээ. Саарал жагсаалттай холбоотойгоор гадаад худалдаа буурсан уу гэвэл үгүй. Эсрэгээрээ нэмэгдэж байна.
Ийм байхад ам.долларын ханш буурахгүй байгаа нь Монголбанкны зохицуулалттай шууд холбоотой. Тэд өөрсдөө төгрөг хэвлэж гаргаад, зах зээлээс ам.долларыг худалдан авч байна" гэсэн юм.
Мөн цаашлаад "Саарал жагсаалт хэмээх зүйл нэг хэсэг шуугиснаас хүмүүс ам.доллар өснө гэх хандлагаар төгрөгөө доллараар сольж, зохиомол өсөлтийг бий болгож байна. Гэхдээ валютын хадгаламжаа нэмэгдүүлж байгаа хүмүүсийн буруу биш. Монгол Улсад үе үе ханшийн шок үүсдэг. Валютын ханш нэг буурч, нэг өсдөг. Үүнд Монголбанк ханшийн өсөлтийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Валют арилжааны татвар гэх зүйлийг бий болгох ёстой. Энэ нь олон улсад ч мөн адил ашиглагддаг зохицуулалт" гэдгийг тайлбарлав. Харин Монголбанкны зүгээс интервенци хийж байгаа гэв.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад, 2019 оны арваннэгдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт 20.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр өсчээ. Энэхүү өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь төгрөгийн харилцах 21 хувиар, төгрөгийн хадгаламж 10.8 хувиар, валютын хадгаламж 11.8 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Холбоотой мэдээ