Нийслэлийн ИТХ-аас өнөөдөр /2019.12.17/ пауэрлифтингийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээд "Нийслэлийн хүндэт иргэн" тэмдэг гардуулан өгсөн юм. Нийслэлийн удирдлагууд өнгөрөгч 2014 оноос хойш тасарсан тус шагналыг таван жилийн дараа гавьяат тамирчин хүртэж байгааг онцолсон. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын пауэрлифтингийн рекордыг эзэмшигч гавьяат тамирчин Э.Содномпилжээтэй цөөн хором ярилцлаа.
Тэрбээр 2009 оноос хойш пара пауэрлифтингээр тууштай хичээллэж, 2010 оноос олон улсын тэмцээн уралдаануудад оролцож эхэлсэн бөгөөд 2016 оны паралимпийн анхны эрхийг авсан тамирчин юм.
-Шинэ оны босгон дээр “Нийслэлийн хүндэт иргэн” тэмдэгээр шагнууллаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Улаанбаатар хотынхоо “Хүндэт иргэн” болж, шагнал хүртсэнд маш их баяртай байна. Миний гаргасан спортын амжилтуудыг маань үнэлж, энэ эрхэм шагналыг өгсөн болов уу гэж бодож байна. Төр засагтаа баярлалаа. Би цаашдаа улам хичээх болно. Ирэх жил “Токио-2020” паралимпийн наадамд амжилттай оролцож, чансаагаа хадгалах зам руу эргэлт буцалтгүй орсон. Миний хувьд Монголынхоо ард түмний итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ.
-Таны хувьд “Токио-2020” паралимпын наадамд оролцох эрхээ авсан дөрвөн тамирчны нэг. Паралимпын бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Пауэрлифтингийн спортын бэлтгэл тасралтгүй явагддаг. Тамирчдын хувьд байнгын бэлтгэл хийж, хүчээ хадгалан хөгжүүлдэг. Би сая бэлтгэлээ хийж байгаад шагнал авах арга хэмжээ рүү ирлээ. Миний хувьд одоогоор ирэх жилийн “Токио-2020” паралимпийн наадамд амжилттай оролцох юм.
-Пара пауэрлифтингийн спорт танд ямар өөрчлөлтүүдийг авч ирэв?
-Би пауэрлифтингийн спортоор хичээллээд 20 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрвөн алт, хоёр хүрэл медаль авсан. Мөн дэлхийн цом таван удаа авч, хоёр мөнгөн медаль авлаа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө медаль, пауэрлифтингийн төрөлд “Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Хүн амжилт гаргах тусмаа үүрэг хариуцлага нь улам нэмэгддэг юм байна. Мэдээж спортын буян их учраас амьдралд маань олон өөрчлөлтийг авч ирсэн.
-Одоо хэчнээн гарын шавьтай болоод байна вэ?
-Би гарын таван шавьтай. Шавь нараас эхнээсээ пауэрлифтингийн хэвтээ шахалтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хошой аварга болоод буй. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль авлаа. Бас нэг шавь маань Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальтай бол Ц.Мөнх-Оргил гээд шавь маань тус тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон.
-Та ганц хүүгээ тамирчин болгох уу?
-Хүү маань одоохондоо сургуульдаа сураад, хичээлээ хийж байгаа. Хэрвээ хүү маань тамирчин болох хүсэлтэй бол спортын хүн болгоно. Тэрнээс биш хүүгээ номын хүн болно гээд байхад нь тамирчин бол гээд байвал хэцүү шүү дээ. Хүүгийн маань сонголт л шийдэх биз.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ