УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар /2019.12.10/ Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Л.Наранбаатартай ярилцлаа.
-УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани болон Засгийн газарт ногдол ашиг олгох тухай чиглэл өгсөн. Иргэдийн дунд байнгын хорооны шийдвэр гарангуут ногдол ашгаа авна гэсэн хүлээлт үүсчихлээ. Танай холбооны зүгээс энэхүү үр дүн гартал хэдий хэр хугацаа зарцуулав. Ямар бэрхшээлтэй нүүр тулсан бэ?
-Холбооны зүгээс ногдол ашиг хуваарилах асуудлыг тууштай шаардсаар ирсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс ногдол ашиг олгох асуудлыг хөндсөн манай холбоо болон хувь хүн над руу чиглэсэн янз бүрийн дайралт зохион байгуулж байлаа. Гэсэн хэдий ч бидний тэмцэл, шаардлага тодорхой үр дүнд хүрлээ. Олон нийтийн дэмжлэг, хүлээлт маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Ногдол ашиг олгох асуудлыг шийдүүлэхэд багагүй бэрхшээл тулгарсан гэдгийг дурдсан. Холбоо зохион байгуулалтад орж энэ оны зургаадугаар сард 25 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг цуглуулж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ хурал 12 дугаар сарын 10-нд болж, “Эрдэнэс Тавантолгой” компанийг ногдол ашиг өг гэдэг шийдвэр гаргалаа. Тодруулбал, УИХ 1072 хувьцаанд ногдол ашиг өгөх боломжийг олголоо.
-Өргөдлийн байнгын хорооны хурал яагаад ингэж удах болов. Ямар шалтгаан байсан бэ?
-Зургаадугаар сард өгсөн бидний өргөдлийг удаан хугацааны дараа авч хэлэлцсэн хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн хэлэлцүүлэг орон даяар өрнөсөн. Энэ хэлэлцүүлэг явагдаж байгаа тохиолдолд бусад хуулиудыг хэлэлцдэггүй, УИХ-ын байнгын хороод хуралддаггүй дэг жаягтай. Энэхүү дэг жаягийн дагуу Үндсэн хууль баталсны дараагаар асуудлыг авч хэлэлцсэн хэрэг. Үндсэн хууль хэлэлцэх асуудал дууссаны дараагаар 2020 төсөв, мөнгөний бодлого батлах асуудал ороод ирсэн. Үүнийг бид тэвчээртэй хүлээгээд манай ээлжит хурал болох гэтэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ирээгүй. Харин сая болсон хурал дээр өөрөө ирээгүй ч Төрийн нарийн бичгийн даргаа явуулсан. Салбарын сайд хариуцлагагүй хандсан.
-Өргөдлийн байнгын хорооны хурлаас гарсан шийдвэрийг илүү тодруулах шаардлагатай байна. Ямар, ямар чиглэл, даалгавар Засгийн газарт өгсөн бэ?
-Хурлаар нэлээд үр дүнтэй шийдвэр гарсан. Нэгдүгээрт, 2017-2018 оны цэвэр ашгийг хувьцаа эзэмшигчдээс асуулгүйгээр шууд ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалт руу оруулсан. Тэгвэл энэ нь үнэхээр үр ашигтай хөрөнгө оруулалт болж чадсан эсэх, ажлынх нь чанар ямар байгааг тайлагна гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө. Хоёрдугаарт, компани 2019 онд 1.1 их наядын ашигтай ажиллах хүлээлттэй байгаа бөгөөд үүнээс хэр хэмжээний ногдол ашгийг иргэдэд олгох вэ. Үүнийг судалж, шийдвэрлэ гэдэг үүрэг өгсөн. Гуравдугаарт, 2.5 сая хувьцаа эзэмшигчээс 1.7 сая нь бүртгэлтэй буюу нэрийн данс нээлгэсэн бусад нь бүртгэлгүй байгаад байна. Энэ удааширсан ажлыг хурдасгах. Ногдол ашиг тараах болоход данс нээгээгүй гэдэг шалтгаанаар хойш суугаад байх юм уу. Үүнийг дуусга гэдэг шаардлага тавьсан. Дөрөвдүгээрт компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд хувьцаа эзэмшигчийг ногдол ашгаа шаардах, саналын эрхтэйгээр оролцуулах нөхцөл байдлыг ханга гэдэг бидний хүсэн хүлээсэн чухал шаардлага энд тусгалаа олсон. Бидний тавьсан шаардлага үндсэндээ хангагдчихаж байгаа юм. Үүнд баяртай байна. Энэ тэмцэлд хамт байсан хувьцаа эзэмшигчдэдээ, “1072 хувьцаа эзэмшигч” группт элссэн 260 гаруй мянган дэмжигчид, гудамжинд гарч тэмцэж, жагссан иргэд, хуулийн хүрээнд шаардлагуудаа тавьсан мөн ногдол ашгийг шаардахад оролцсон эрдэмтэн, судлаачид, холбооныхоо ТУЗ-ийн гишүүд та бүхэндээ маш их баярлалаа. Бидний хувьд 1072 хувьцаа эзэмшигчид хувьцааныхаа үр шимийг хүртдэг, “Эрдэнэс Тавантолгой” компанийг илүү зөв, сайн засаглалтай болгох хүртэл нь ажиллана. Зөвхөн одоо гарсан шийдвэр бол манай холбооны тэмцлийн нэг л үр дүн гэж харж байгаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд цэвэр ашгийн хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөдөр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг олон улсад төдийгүй Монголд ч үүнийг ярьж байна. Тэгэхээр 1072 хувьцаа эзэмшигчид хэдий хэмжээний ногдол ашиг авах боломжтой вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэн байна. Тэд өнөөдрийг хүртэл ногдол ашиг гэж авч байгаагүй. Энэ компани 2017-2018 онд 1.2 их наядын цэвэр ашигтай ажилласан боловч нэг ч төгрөгийн ногдол ашиг өгөөгүй байна. 2019 онд одоогийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэх урьдчилсан мэдээлэл гарсан байна. Тиймээс 2019 оны ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэд нэмэгдэж очих ёстой.
-Нэг иргэн гар дээрээ хэдэн төгрөгийн ногдол ашиг авах урьдчилсан тооцоолол байна вэ?
–Энэ компани 2017-2018 онд 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэхээр нэгж хувьцаанд авч үзэхээр нэг иргэн 84 төгрөгийн ногдол ашиг хүртэх боломжтой юм. Тэгэхээр 1072 хувьцаатай иргэн 90 мянган төгрөгийн ногдол ашиг, ийм хувьцаатай 4-5 ам бүлтэй айл өрхөд 450-500 мянган төгрөгийн ногдол ашиг очих ёстой. Бид 2017-2018 оны үр дүнг ингэж харж байна. Харин 2019 онд бидний тооцоогоор нийт дүнгээрээ 400 орчим мянган төгрөгийн ногдол ашиг очих боломжтой. 2019 оны үр дүнгийн тайлан удахгүй гарах байх. Бид шахаж ажиллана. Шаардлага ч тавих болно. Ямартай ч ногдол ашиг олгох шийдвэрийг гаргуулж чадлаа. 2017-2018 оны ногдол ашгийг бэлэн мөнгөөр өгч чадахгүй бол тэр хэмжээний мөнгөнд тохирох хувьцааг төмөр замаасаа иргэддээ өгчих. Харин 2019 оны ногдол ашгийг бэлэн мөнгөөр нь өгөх дундын хувилбарыг бид дэвшүүлж байгаа.
Өнөөдөр холбооны удирдах зөвлөл хэлэлцээд УИХ-ын байнгын хорооны 12 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газарт үүрэг болгосон тэмдэглэлийн дагуу хүсэлт “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ. Мөн хэвлэлээр үүнийгээ олон нийтэд нээлттэй хүргэж байна. Манайхаас гаргасан энэ хүсэлтийг та ярилцлагынхаа төгсгөлд тавьж туслаарай. УИХ-ын байнгын хорооноос гарсан шийдвэрийг даруй хэрэгжүүлж ажиллаарай гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Цаг алдмааргүй байна. Иргэдийн хувьд ногдол ашиг авна гэж олон жил харж, хүлээж байна.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Холбоотой мэдээ