хобби нь Калифорни мужийн Фресногийн будагчин Рик Норсигианд үр өгөөжөө
өгч байна. Одоогоос 10 жилийн өмнө 70 ам.доллараас бууруулаад 45 ам.доллараар худалдаж авсан хоёр жижиг хайрцагтай зүйл нь өдгөө “Beverly Hills”-ийн урлагийн бүтээл үнэлээчийн үзэж байгаагаар 200 сая ам.доллар үнэлэгдэж байна. Эдгээр хайрцагнуудад фото зургийн 65 ширхэг шилэн негатив байгаа бөгөөд түүнийг алдарт байгалийн фото зурагчин Ансел Адамс ажил хөдөлмөрийн гараагаа эхлэх үедээ авсан байна. 1937 онд түүний харанхуй өрөө галд өртсөний улмаас 5,000 орчим зургийн ялтаснууд нь сүйдсэн гэж мэргэжилтнүүд үздэг.
“Энэ бол Ансел Адамсын уран бүтээлийн болон түүний түүхийн онгорхой байсан орон зайг бөглөж байна” гэж түүний зургуудыг Беверли Хиллс дэхь галлерейдээ танилцуулсан урлагийн бүтээлийн үнэлээч, худалдаачин Девид Стрийтс ярьж байна. Эдгээр зургуудыг 1919-ээс 1930-аад оны эхэн үеийн хооронд авсан бөгөөд Америкийн фото зургийн эцэг гэж нэрлэгддэг Адамсыг олонд танигдсан 1940-өөд оны өмнөх бүтээлүүд байна гэж судлаачид үзэж байна. “Эдгээр зургууд түүний нүд, авъяас, чадвар хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг дэлхийд харуулах болно. Энэ зургуудийг түүний урлан түймэрт өртөхөд устсан гэж бид бодож байсан юм” гэж Стрийтс ярьж байна.
Эдгээр 6.5х8.5 инчийн хэмжээтэй шилэн хавтангууд хэрхэн Адамсын урлангаас бүтэн үлдээд Калифорнийн өмнөд хэсэгт хуучин хэрэггүй зүйлсийн дунд 2000 онд зарагдах хүртэл ямар зам туулсныг хэн ч тайлбарлаж чадахгүй байна. Гараажын худалдаан дээр эдгээр зургийн хавтангуудыг түүнд зарсан хүн эднийг 1940-өөд онд Лос Анжелест гараажын худалдаан дээрээс авсан Норсигианд ярьсан байна. Эдгээр хавтангууд эх негатив нь мөн эсэхийг тодруулахад оролцсон фото зургийн эксперт Патрик Алт 1940-өөд оны эхэн үед Адамс эднийг Калифорнийн Пасаденад фото зургийн хичээл заахдаа авч явж үзүүлэн байдлаар ашигладаг байсан бололтой гэж таамаглаж байна.
Хавтангуудыг тус бүрт нь сонингийн цаасаар боож хуучирсан дугтуйнд хийсэн байсан бөгөөд дугтуй тус бүр дээр тэмдэглэгээтэй ба тэмдэглэгээг фото зурагчийн эхнэр Виржиниа Адамсийг бичсэн гэж таамаглаж байна. Ихэнх фото зургуудыг хэзээ ч хэвлэж байгаагүй шинжтэй байсан ч зарим нь Адамсын алдартай зарим зурагтай төстэй байв. Фото хавтангуудын эх сурвалжийг тодруулж, Адамсынх мөн гэдгийг нотолсон багт шүүхийн шинжилгээний мэргэжилтнүүд хүртэл оролцсон бөгөөд тэд гаргасан шийдвэртээ итгэл төгс байна гэж “CNN” агентлаг мэдээллээ.
Т.Бадрах