Дэлхийн допингийн эсрэг агентлаг ОХУ-ыг дөрвөн жилийн хугацаанд олимпийн наадам болон олон улсын шинж чанартай уралдаан, тэмцээнд оролцох, түүнийг эх орондоо зохион байгуулахыг нь хориглосон билээ. Энэхүү шийдвэр гармагц ОХУ-ын зүгээс дэлхийн допингийн эсрэг агентлагийг спортын арбитрын шүүхэд өгөх болно гэдгээ мэдэгдэв.
Зуны олимпийн XXXII наадам хаяанд ирсэн энэ үед ОХУ-ын тамирчид энэ тэмцээн хэрхэн оролцох эсэх нь тодорхойгүй байна. Харин Пёнчаны олимпийн аварга Алина Загитова уран гулгалтын спортоос түр хугацаанд завсарлага авч буйгаа өнгөрөгч Баасан гаригт /2019.12.13/ Первый каналд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдэв. Тэрбээр арванхоёрдугаар сарын сүүлээр болох ОХУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй европ болон дэлхийн аваргын тэмцээнийг өнжих гэнэ. Түүний энэ мэдэгдэл шүтэн бишрэгчид болон спортын маш олон шүүмжлэгчийг цочирдуулжээ. Үүний зэрэгцээ, Загитовагийн дасгалжуулагч Этери Тутберидзег буруутгах маш олон хүн гарч ирэв. Учир нь, олимпийн наадмын дараахан Этери Тутберидзегийн шавь нарын карьер дуусах тохиолдол сүүлийн жилүүдэд маш ихээр ажиглагдах болсон.
Тухайлбал, Пёнчаны олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Евгения Медведева олимпийн дараахан дасгалжуулагчаа сольж байгаа талаар мэдэгдэж орхисон билээ. Тэрбээр өнөөдөр Канад дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа билээ.
Харин үүнээс өмнө Сочигийн олимпод од болон гялалзсан охин бол Юлия Липницкая билээ. Тэрбээр Сочигийн олимпийн дараахан олон мянган хүний шүтээн болсон хэдий ч хатуу чанга дасгал сургуулилтыг тэвчиж чадаагүйгээсээ дасгалжуулагчаа сольж, анорексия хэмээх өвчин тусч улмаар уран гулгалт, мөсөн талбайг үзэн ядаж биеийн байдал нь маш хүнд байгаа талаар тухайн үед оросын хэвлэлүүд мэдээлж байв. Гэхдээ тэр мөсөн талбайдаа эргэн иржээ. Эргэн ирэхдээ Юлия дасгалжуулагч болсон ажээ.
Харин өнөөдөр Алина Загитованийн спортоос түр завсарлага авах болсон шийдвэрийг "зодог тайлж" байна хэмээн ярих хүмүүс байгаа ажээ. Тухайлбал, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасова болон олимпийн наадмын хошой аварга Евгений Плющенко нар Загитоваг спортод эргэн ирэхгүй гэжээ.
Уран гулгалтын ерөнтөнцийн "акулууд"-ын энэхүү ярианд дасгалжуулагч Этери Тутберидзе дургүйцэж, инстаграмм хуудсаарааа дамжуулан маш том мэдэгдэл хийв. Түүний мэдэгдэлд дурдсанаар “Агуу тамирчны шийдвэрийг хүндэл. Алина Загитова болон бусад тамирчдыг бүхэл бүтэн амьдралынхаа туршид бахархах амжилтынх нь ард ажиллаж буй багийн хөдөлмөрийг үнэл. Хүндэт Татьяна Анатольевна Тарасова, бусад тамирчдын арван жил хөдөлмөрлөөд хүрдэг амжилтад Загитова гурван жилийн дотор хүрсэн” гэжээ. Үүний зэрэгцээ, Татьяна Тарасова Загитовад маш их хайртай байсан болоод ийм их шүүмжлэл өгч байна гэж бодож байгаагаа ч нуугаагүй юм. Иймээс ЗХУ-ын гавьяат дасгалжуулагчаас багахан хайр, халамж хүсээрэй хэмээн бусад уран гулгагч нараас хүсчээ.
Тутберидзегийн энэхүү мэдэгдлийн дараа Татьяана Тарасова болон Евгении Плющенко нар зүгээр суусангүй ээ. Татьяна Тарасова Загитоваг том спортод эргэн ирнэ гэдэгт нь итгэхгүй байна. Шоу үзэгчдэд сонирхолтой байхын тулд тамирчин хүн байнгын дасгал сургуулилт хийх ёстой. ОХУ-ын бусад уран гулгагчид болох Елизавета Туктамышева болон Евгения Медведева нар спортын карьертаа маш хүнд давааг туулсан, тэд өнөөдөр өрсөлдсөн хэвээр байна, шинэ элементүүдийг бий болгож байна" хэмээн ахмад хүний зүгээс Этери Тутберидзег шүүмжилж орхив.
Евгений Плющенко ч мөн адил Алина Загитовагийн дасгалжуулагчийг "Шүүмжлэл сонсч сур. Шүүмжлэл бол тухайн тамирчинд сайнаар нөлөөлнө үү гэхээс муугаар нөлөөлөхгүй. Шүүмжлэл сонсож чаддаг бол гомдохгүй л байх байсан. Алина Загитова дасгалжуулагчаа солих цаг нь болсон" гэжээ.
Харин үүнийн хариуд нь Этери Тутберидзе "Евгений Плющенког дасгалжуулагч гэж хэлэхэд хэцүү. Тэр Алинаг булаахыг хүсдэг. Та нар олимпийн аваргыг хүмүүжүүлээгүй, юу ч зааж сургаагүй. Та нар бол бэлтгэгдсэн тамирчдыг авахыг хүсдэг нь бидний мэргэжлийн ажилд саад болохоос өөр нэмэр алга" гэжээ.
Ийнхүү ОХУ-ын уран гулгалтын спортын "акулууд "болон олимпийн олон аваргыг төрүүлэн гаргаж буй дасгалжуулагч Этери Тутберидзе нарын дунд өнөөдөр ч гэсэн томоохон дайн олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Харин энэ үед Алина Загитова ч зүгээр суусангүй. Тэрбээр инстаграмм хуудсаараа дамжуулан "Би спортоос огт явахгүй. Би ОХУ-ын шигшээ багт одоо ч гэсэн байгаа, олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож чадна. Дасгалжуулагч нарынхаа дэмжлэгтэйгээр спортын карьераа үргэлжлүүлнэ" гэв.
Пёнчаны олимпоос хойш олигтой амжилт үзүүлээгүй Алинагийн мэдэгдэл ийнхүү олон нийтийн анхаарлыг маш их татаж байна.
Алина Загитова Юлия Липницкая, Евгения Медведева нар шиг дасгалжуулагчаа солих уу аль эсвэл зодог тайлах уу, эсвэл том спортод илүү амжилттайгаар эргэн ирэх үү гэдгийг ирэх өвлийн олимпоор л харах үлдлээ.
Холбоотой мэдээ