Хүргэн Г.Дэнзэн цагаадаж, Б.Махбал хохирогч болов

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Хүргэн Г.Дэнзэн цагаадаж, Б.Махбал хохирогч болов

Хүргэн Г.Дэнзэн цагаадаж, Б.Махбал хохирогч болов

Өнгөрөгч долоо хоногт олны анхаарал татсан хэд хэдэн хэргийг дэнслэх шүүх хурал боллоо.  Сануулбал,  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,  Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хүн амины хэрэг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэгт холбогдох 1.5 тэрбумын хэргийн шүүх хурал болсон юм.  Шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.


ӨРӨӨНӨӨС НЬ 70 САЯ ТӨГРӨГ ОЛДСОН ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА

Image result for Нийтлэг үйлчилгээний газрын дарга асан Ш.Одончимэгт холбогдох 1.5 тэрбумын хэргийн

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын  дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг  албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрынхан 2017 оны аравдугаар сард баривчлан, шалгаж эхэлсэн байдаг.

Эл хэрэг хоёр жил шалгагдсаны эцэст нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 /нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах/, 22.10.1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 13-нд болж, хоёр өдөр үргэлжилсний эцэст  шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Өнгөрсөн хугацаанд шүүгдэгч нар нь батлан даалтад байсан юм.

ХҮРГЭН Г.ДЭНЗЭНГ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛЛӨӨ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч Баасан гаригт /2019.12.13/ хэлэлцлээ.

Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ. Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон боловч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд холбогдох асуудлыг анх 2013 онд МАН-ынхан дэлгэн тавьж байв. Цөөнх байсан тус бүлгийн гишүүн болох Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нар Тавантолгойн тендэрт ялсан тус компанийн захирал Г.Уянга нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн гэргий, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийнх нь төрсөн охин.  Харин Г.Дэнзэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашихын зэрэгцээ “Эрдэнэс тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Дээрх компанийн захирлыг Ерөнхий сайдын дүү Г.Уянга гэдгийг олон нийтэд мэдээлсний дараа бичиг баримтыг нь Уянга гэх өөр хүний нэр дээр болгосон байна" гэх зэрэг тайлбар хийсэн юм.  “Говь повер” компанийн хувьд Тавантолгойн тендэрт оролцохоос өмнө компанийн өөрийнх нь үнэлгээ нэг сая төгрөг байсныг Г.Уянга худалдан авч, нэг өдрийн дотор бичиг баримтыг нь өөрчлөн, нэг тэрбум төгрөгийн үнэтэй болгож, тендэрт оролцоод ,долоо хоногийн дараа 17.7 тэрбум төгрөгийн үнэтэй тендэрийг авсан хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Б.МАХБАЛЫН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт яллагдагч Б.Махбалыг жил гаруй хугацаанд шалгаж буй.

Б.Махбалд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Жил гаруйн хугацаанд хурал нийт найман удаа хойшлогдсон уг хурал өнгөрөгч Баасан гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт эхэлсэн.

Хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа.

ЦАГДААГИЙН АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ЭТГЭЭДҮҮДИЙН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнгөрөгч Баасан гаригт хэлэлцлээ.

Б.Энхбаяр, Т.Лундаа нь 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг нь зогсоож шалгасан, цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Б-г тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт холбогдсон юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жил хорих ял оногдуулсныг хэвээр үлдээлээ.

Н.НОМТОЙБАЯРТ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг энэ сарын 13-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцлээ. Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн  Н.Номтойбаярыг яллагдагчаар татаж мэдүүлэг авах мөрдөн шалгах ажилллагааны явцад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор үндэслэн авсан бөгөөд энэ удаа ч мөн дээрх үндэслэлээр саналыг ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.

З.БАЯНСЭЛЭНГЭ НАРЫН ШҮҮХ ХУРЛЫН ТОВ ГАРЛАА

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гаргасан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.

Тэгвэл энэ сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг батлан даалтад гаргасан. Ингэснээр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 14:30 цагт товлогдсон юм.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж