Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй "Хүрхрээ 1-Р ЛИГ" тэмцээний аварга баг өнөөдөр тодорлоо. Тэмцээнд Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай "Континентал" баг тэргүүлж, МХБХ-ноос анх удаа явуулж буй 2-р дивизон буюу 1-р лигийн тэмцээний алтан медалийг хүртлээ.
"Континентал" баг энэ жилийн сонирхогчдын УАШТ-д учраа бүрээ илүүрхэн буулгаж авч байсан ч хараахан амжилт гаргаж чадаагүй. Гэхдээ 1-р лигийн тэмцээнд тэд тун сайн тоглож, төгсгөл хүртэл хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдсээр ийн аварга боллоо.
Лигийн аваргын төлөөх өрсөлдөөн "Континентал", "Хангарьд", "Баянгол", "Шарын гол" гэсэн дөрвөн багийн хооронд өрнөсөн бөгөөд сүүлийн тойргийн тоглолтын өмнө дээрх багууд бүгд 21 оноотой байсан юм. Сүүлийн тойрог "Шарын гол" – "ДМЮ" багуудын тоглолтоор эхэлж, "Шарын гол" өрсөлдөгчөө 13:2 харьцаатай хожсон бол мөн лигийн аваргын төлөө өрсөлдөж байсан Хангарьд Метро багийг хожсоноор "Хүрхрээ 1-р лиг"-ийг 24 оноогоор тэргүүлж эхэлсэн. Гэвч тэдний баяр удаан үргэлжилсэнгүй. Энэ өдрийн сүүлийн тоглолтыг хийсэн "Континентал" – "Баянгол" багуудын тоглолт тун ширүүн болж, 8 гоолтой тоглолтын эцэст "Континентал" 5-3 харьцаатай хожил байгуулав.
"Хүрхрээ 1-Р ЛИГ"-ийн аварга болон хоёрдугаар байранд орсон "Хангарьд" багууд ирэх улирлаас "Хүрхрээ" үндэсний дээд лигт дэвшин тоглох эрхтэй болж байна. Харин "Баянгол" баг дээд лигт тоглох эсэх нь плей-оффын тоглолтоор шийдэгдэнэ.
Монголын хөлбөмбөгийн холбооны түнш "Дэлхийн Зөн Монгол" ОУ-ын байгуулага тус тэмцээнийг дэмжин, хамтран оролцож байгааг онцолж байна.
Б.ЭНХ