Булгийн ус ундарч, 20-иод айл усанд автжээ

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Булгийн ус ундарч, 20-иод айл усанд автжээ

Булгийн ус ундарч, 20-иод айл усанд автжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 хороо буюу Хилчин хотхоны арын хэсэг. Энэ жил тус хорооны 29 дүгээр гудамжинд булгийн ус ундарч, мөсний халиа үүсчээ. Үүнээс болж, айлуудын хашаа, байшин ус, мөсөнд автаж, орон гэртээ амьдрах ямар ч боломжгүй болсон байна. Мөсөн бүрхүүл тогтсон гудамжаар хүн байтугай авто машин ч явахын аргагүй болжээ.

Хэдхэн хоногийн дараа идэр есийн хүйтэн эхлэх гэж байхад  усанд автаж, хөлдчихсөн гэртээ усны гутал өмссөн хүмүүс  биднийг угтлаа. Зарим иргэн гудамжаар төмөр, мод тулж, мөс цөмрөхөөс сэргийлж яваа харагдав.

“ӨВЛИЙН ХҮЙТЭНД БАЙШИНДАА УСНЫ ГУТАЛТАЙ, ОРЖ ГАРЧ БАЙНА”

Тус хорооны иргэн Л.Мөнхжаргал гуайн хашааны урд хэсгээс энэ сарын 13-ны орой гэнэт хөрсний ус ундарч эхэлжээ. Улмаар хүүгийнх нь гэр бүхэлдээ усанд автсан байна. Биднийг очиход тэрбээр усны гутал өмсөөд байшингаасаа эд хогшлоо бага багаар зөөж байсан юм.

“Хэд хоногийн өмнө манай хашааны урд хэсгээс гэнэт хөрсний ус ундарч эхэлсэн. Хүүгийн маань гэр усанд автсан.  Тиймээс шуурхай албаныхан хашаанд шороо асгаж гэрийг нь барьж өгсөн. Одоо манай байшин руу ус нэвтрээд байгаа болохоор усны гутал өмсөөд  гэрээсээ эд хогшлоо зөөж байна. Манай хүүгийнх гэрийн бууриа цементээр цутгасан байсан ч доороос нь хөрсний ус халиад гараад ирсэн. Идэр ес эхлэхээр “Яана даа” гээд  аргаа бараад сууж байна” хэмээн тэрбээр учирлав.

Оршин суугчдын ярьж буйгаар Сонгинохайрхан дүүргийн 40 хорооны энэ хэсэг намгархаг газар учраас өвөл, зуны улиралд усанд их автдаг болохыг хэлж байлаа. Жил бүрийн өвөл булгийн гольдрол өөрчлөгддөг учраас тэр хавийн хаанаас ч хамаагүй  ус ундарч, халиа үүсдэг гэнэ.

ОДООГИЙН БАЙДЛААР 20-ИОД АЙЛ УСАНД АВТЖЭЭ

Биднийг очиход Онцгой байдлын газрын шуурхай албаныхан гурван машин шороо асгаж, буулгаснаас өөр арга хэмжээ аваагүйг иргэд хэлсэн юм. Усанд автсан ихэнх айл гэрээсээ нүүж, хашаа нь эл хуль хоцорчээ.

Нийтдээ 20-иод айлын хашаа, байшинд ус нэвтэрч, амьдрахад хүнд болжээ. Үүссэн нөхцөл байдлын талаар ямар арга хэмжээ авч байгааг тус хорооны Засаг дарга Л.Сачийхангайгаас тодруулахад “Одоогийн байдлаар манай хорооны 29 дүгээр гудамжны хэсэгт хөрсний усанд автсан тав зургаан айл байгаа. Хашаанаасаа машин тэргээ гаргаж чадахгүй хөлдсөн 11 айл гээд нийт 20 орчим айл усанд автсан. Өнгөрсөн долоо хоногт дүүрэг, хорооны ажилтнууд болон нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай албанаас арга хэмжээ авахаар ажилласан боловч байгалийн гамшгийг тогтоох ямар ч боломжгүй болжээ. Тиймээс тэр хавийн айлуудыг өвлийн улирал дуустал түр хугацаагаар нүүхийг зөвлөсөн. Зарим айл нь гэрээсээ нүүгээд эхэлсэн. Бидний зүгээс хорооныхоо нутаг дэвсгэр дэх хоосон хашаанд түр буулгах арга хэмжээг авч байна. Одоо хоёр, гурван айл нүүгээгүй үлдсэн” гэлээ.

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайхад  өвөл булгийн ус ундарч, мөсний халиа үүсгэх тохиодол элбэг. Үүний улмаас нийслэлийн Онцгой байдлын газраас шуурхай ажиллаж, мөсийг цөмлөж тээвэрлэх, айлуудыг нүүлгэн шилжүүлэх, далан босгох зэрэг ажлыг хийдэг  байна. СХД-ийн дээрх хорооноос өөр нийслэлийн хэмжээнд хөрсний усны халиа үүссэний улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн газар одоогоор байхгүй, идэр есийн хүйтэн эхлэхээр хөрсний усны төвшин нэмэгддэг талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм.

ХӨДӨӨНӨӨС ХОТ РУУ ШИЛЖИЖ, ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗАР ХУДАЛДАН АВСАН

Усанд автсан айлууд бүгд газраа эзэмших болон өмчлөх гэрчилгээтэй гэнэ. Иргэдийн ихэнх нь хөдөө орон нутгаас хотод суурьшихаар ирж, газраа худалдан авснаа хэлж байлаа.

Гэрийнх нь тавилга хазайж, муруйсан, доод хэсэгт нь модоор тулсан энэ айл  бол О.Мягмарханд гуайн хүүгийнх гэнэ. Хүүгийнх нь гэр, хашаа тэр чигтээ усанд автсан ч өвлийн хүйтэнд нүүх газар байхгүй гэртээ зутруухан өвөлжиж буй талаар учирлав. Хоолны ширээ, шкаф нь бүр хазайжээ. Учир нь газар доороос нь хөрсний ус ундарч, хөлдөөд байгаа нь энэ.

“Дүүргийн Засаг дарга, тойргоос нэр дэвшсэн гишүүд усанд автсан айлуудыг анхаарч, арга хэмжээ авч өгмөөр байна. Амьдрахад хүндрэлтэй орчинд хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтээ явахад үнэхээр хэцүү юм. Бид энэ газарт хөрсний ус урсдаг гэдгийг мэдэхгүй эд хөрөнгөөрөө хохироод байна. Манайх таван жилийн өмнө энэ газраа тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдан авсан. Хоёр жил сайхан амьдарч байгаад сүүлийн гурван жил өвөл болохоор энд тэндээс булгийн ус халиад эхэлсэн. Баруун талаар ямар ч хот төлөвлөлтгүйгээр шугам татсанаас хөрсний усны урсгалыг хаагаад хаячихсан. Ингэснээр иргэд өвлийн хүйтэнд өөрсдийнхөө эд хөрөнгийг орхиод айлын хашаа бараадаж нүүж байна. Манайх энэ хавьдаа айлын хашаа сарын 40-50 мянган төгрөгөөр түрээсэлж байна. Бид хороондоо “Гэр маань хөрсний усанд автсан” гэдгээ хэлэхээр хорооны зүгээс “Байгалийн гамшгийг яалтай билээ. Бид үүнийг тогтоох ямар ч боломжгүй. Та бүхэн өөрсдөө нүү” гэдэг хариултыг өгсөн” тухай иргэн Ч.Батдулам ярилаа.

Харин тус хорооны оршин суугч С.Зоригтбаатарын хашаагаар ороход машины дугуй эгнүүлэн өрсөн байлаа. Тэрбээр “Би уржигдар ажлаасаа тараад ирсэн чинь хашаа маань хөрсний усанд автаж, хашааны хаалга онгойхгүй болсон байсан. Хэдхэн өдрийн дараа гэр маань усанд автах болоод байна. Би аргаа бараад ус нэвтрэхээс сэргийлж, машины дугуй эгнүүлж тавьсан. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүн. Ганц хүүтэйгээ хамт амьдардаг. Хөдөөнөөс хотод шилжиж ирээд зөвшөөрөлтэй шинэ газар худалдаж аваад нэг жил болж байна. Гэтэл өвөл нь гэртэйгээ усанд автахаар болоод байгаад санаа зовинож сууна” гэсэн юм.

Гэрэл зургийг Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж