АНГУУЧ: Надад ямар бүсгүй таалагддаг гээч!

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

АНГУУЧ: Надад ямар бүсгүй таалагддаг гээч!

АНГУУЧ: Надад ямар бүсгүй таалагддаг гээч!

“Mongolian Ninja Warrior”/MNW/ шоуны шилдэг оролцогч Б.Баттөртэй ярилцлаа. Ангууч нэрээр олонд танигдсан энэ залуу санхүүч мэргэжилтэй ч тулааны спортоор хичээллэдэг. MNW шоунд оролцсоноор хэр чадварлаг нэгэн болохоо харуулаад амжсан юм. Өдгөө 25 настай энэ залуу өөрийн гэсэн үзэл бодолтой, шулуун шударга яриатайгаасаа болж бусдын “зэвүүг” хүргэх нь ч бий. Гэлээ ч тэр өөрийн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд бусдаас илүү хөдөлмөрлөсөөр байна.


MNW-д оролцсон дугаарыг нь үзсэн, бусад оролцогчдоос хавьгүй илүү санагдсан. Чадварыг чинь бишрэхээс гадна энэ бүхэнд маш их хөдөлмөр, бэлтгэл зарцуулжээ гэж харж байлаа. Тэмцээнд хэр их бэлтгэсэн бэ?

-Баярлалаа. Багадаа гадаадад зохион байгуулагддаг ninja warrior /нинжа дайчин/ тэмцээнийг байнга үздэг байсан. Үзэх бүртээ энэ нэвтрүүлэгт орж үзэх юмсан гэж мөрөөднө. Монголд энэ тэмцээн болно гэдгийг сонсоод шууд л орохоор шийдсэн. Мөн би холимог тулаанаар хичээллэдэг болохоор энэ спортынхоо онцлогийг харуулахыг зорьсон. Ингээд нэг сарын хугацаанд тэмцээний даалгавруудтай дүйцэхүйц дасгал, бэлтгэл хийсэн.

-Хамгийн сайн оролцож байгаа хүн гэхэд тэмцээний гуравдугаар шат хүртэл тэсч чадсан. Хурд, авхаалж самбаа, мэдрэмжээс гадна гарын чадал, биеийн хөгжил их шаардаж байх шиг санагдсан?

-Хүн бүрийн биеийн онцлог энэ тэмцээн дээр харагдаж байсан. Хэрэв зузаан гуя, том өгзөгтэй бол гараар дамжих дасгалуудыг хийхэд хүндрэлтэй. Тиймээс хүч чадал, тэвчээр, авхаалж самбаанаас гадна биеийн зөв пропорцтой байхыг давхар шаардсан тэмцээн юм байна гэж бодогдсон.

-Тэмцээний үед та өөртэйгөө байнга ярьж байгаа нь ажиглагдсан. Яагаад өөртэйгөө ярих болов?

-Биеийн бэлтгэлээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлтгэх нь чухал гэж би боддог. Тэмцээний хоёрдугаар шатыг анх давсан хүн нь би болсон. Үүнээс өмнө энэ үе хүнд юм байна, би чадахгүй нь гэсэн айдас оролцогчдод бий болсон байсан. Миний дараа долоон хүн хоёрдугаар шатыг давсан. Үргэлжлүүлэн шөнийн 05.00 цагт гуравдугаар шат эхэлсэн. Оролцогчид хүйтэнд усанд норсноор шөрмөс нь татаж, ядарч тэмцээнийг маргааш нь үргэлжлүүлэх саналыг ч тавьж байсан. Гэсэн ч тэмцээнийг үргэлжлүүлсэн. Олон цаг амраагүй, дээр нь гадаа хүйтэн байсан болохоор би өөртэйгөө, сэтгэл зүйтэйгээ ажиллах шаардлагатай байсан. Өөртэйгөө яриад байсан шалтгаан нь энэ. Даалгавар бүр дээр өөртэйгөө ярьж, өөрийгөө тайвшруулж, сэргээж байсан.

MNW-ыг шөнө зохион байгуулж байгааг гайхах хүн олон байсан. Яагаад заавал шөнөөр зураг авалт хийсэн юм бол?

-Бусад оронд ч хүнд нөхцөлд зураг авдаг юм билээ.

MNW-ын дараа Японы “Дэлхийн аваргуудтай нэг багт” шоу нэвтрүүлэгт  та урилгаар оролцсон. Шоунд ямар амжилт үзүүлэв. Мэдээж, шоу бүрэн гарч дуусаагүй болохоор гэрээний дагуу ярьж болох, болохгүй зүйл бий байх. Ярих боломжтой зүйлээс нь сонирхуулахгүй юу?

-Тус тэмцээнд АНУ, Англи, Израиль, Герман, Австрали, Хонгконгийн нинжа дайчид шоунд шилдгээр шалгарсан хүмүүс нь хүрэлцэн ирсэн байсан. АНУ-ын нинжа дайчдын шилдэг оролцогч Жесикаг телевиз, facebook, instagram-аас харж, чадварыг нь биширч байснаас цуг тэмцээнд оролцоно гэж бодож байсангүй. Японы нэвтрүүлэг маш хүнд байгааг оролцогчид маань хэлж байсан. Ерөнхийдөө маш хэцүү тэмцээн болсон.

-Та холимог тулаанаар хичээллэдэг. Энэ спортод хэр том амжилт үзүүлэх зорилт өмнөө тавьсан бэ?

-Миний хувьд холимог тулааны маш том карьер эхэлж байгаа. Саяхан UFC-гийн аварга асан Rich Franklin Монголд ирсэн. Намайг амжилт үзүүлэх ирээдүйтэй болохыг хэлээд, маш гоё урилга өгсөн. Тун удахгүй АНУ-д миний тулааны тов гарна. Бас One FC-д миний тулааны тов гарч магадгүй.

-2019 оны эхээр Улаанбаатарт болсон холимог тулаанд та ялагдсан. Энэ  ялагдлаас болж Ангуучийг "ангуучлах" хүмүүс олон байсан. Олон нийтийн сүлжээний сөрөг хандлагаас өөрийгөө яаж дархлаажуулдаг юм бэ. Олон хүний хувьд олон нийтийн сүлжээ айдас, хүйдэс болсон. Та бид хоёрын ярилцлагын дор ч таныг бишрэх бас үзэн ядах сэтгэгдлүүд орж ирэх байх?

-Дархлаа бол маш энгийн. Над шиг тамирчин дэлхийн өнцөг булан бүрт бий. Бас шилдгүүд нь ч бий. Тэднийг  “шатаадаг”, хурцалдаг сөрөг зүйл улс орон бүрт бий. Би сэтгэхүйгээ дэлхийн шилдгүүдийн түвшинд байлгаснаар тэдний түвшинд хүрнэ. Шилдгүүд энэ сөрөг хандлагыг хүндээр тусгаж авдаггүй. Би ч бас ийм байдлаар хандаж сурсан. Залуу эрч хүчтэй байгаа дээрээ бүх зүйлийг амжуулахаар шаргуу хөдөлмөрлөсөөр байна.

-Кинонд хэр  их дүр бүтээв. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Надад кинонд тоглох урилга байнга ирдэг. Бэлтгэлтэй байдаг болохоор тэр бүр кинонд тоглож амждаггүй. Энэ дашрамд, надад урилга ирүүлдэг уран бүтээлч, компаниудад баярласнаа илэрхийлье. Намайг ойлгоорой, би өдөр бүр бэлтгэлтэй байдаг болохоор хамтран ажиллаж чадаагүй юм шүү.

Саяхан “Анагаахын алдартнууд” 10 ангит кинонд тоглосон. Зураг авалт өчигдөр /2019.12.15/ дууссан. Тэмцээнд оролцох үетэй зураг авалт давхцаж аль алиныг нь зохицуулах үнэхээр хэцүү байлаа.

-Ангуучийн нэг өдөр хэрхэн өнгөрч байна вэ?

-“Бэлтгэлээ хийсэн байхад өнөөдөр тийм ч муу өдөр биш юм” гэсэн хэлцтэй болсон. Бэлтгэл хийсний дараа ямар нэгэн том зүйл хийсэн юм шиг мэдрэмж авдаг. Өдөр бүр бэлтгэл хийдэг болохоор миний нэг ч өдөр муухай өнгөрдөггүй.

-Та цээжиндээ маш содон шивээстэй юм байна лээ. Энэ шивээснийхээ талаар ярихгүй юу?

-Өөрийгөө бүх зүйлийг даван туулахад бэлтгэгдсэн гэж боддог. Одоо харин сэтгэлээ, хүчтэйгээ хослуулах учиртай. Энэ шивээс нь хэзээ ч зогсохгүй сэтгэлзүйн хүч, өөртөө итгэх итгэлийг бэлгэдэж байгаа юм.

-Ангууч нэрний утгыг сонсч байсан. Гэхдээ та охидыг ангуучилж байна уу. Хэзээ гэр бүлтэй болох вэ?

-Миний instagram хаяг Anguuch almighty буюу бүхнийг чадагч. Ангууч нь энэ үгтэйгээ уялдсан. Бүгдийг ангуучилж, бүгдэд дийлдэшгүй, хүчирхэг байх утгыг агуулсан юм. Цаг нь болохоор гэр бүлтэй болно. Карьер болон гэр бүлийн асуудлын алийг нь ч орхигдуулахгүй гэж боддог.

-Ангууч маш олон дагагчтай. Таны дагагчдын хэд нь бүсгүйчүүд вэ. Ингэхэд та ямар бүсгүйг сонирхдог бол?

-Instagram нь дагагчдын талаарх судалгааг гаргасан байдаг. Миний instagram-ын 100 мянга нь 16-30 насныхан байдаг /Түүний инстаграм 160.000 дагагчтай/. Хүйсийн хувьд 50:50. Хөвгүүд нь хийж байгаа зүйлээс маань суралцахын тулд дагадаг байх.

Би ямар нэгэн хоббитой эмэгтэй хүнд дуртай. Зөвхөн ажлаа хийгээд, хичээлээ хийгээд амьдрах нь хэтэрхий энгийн. Хобби нь амьдралын хандлагыг эерэгээр маш их өөрчилдөг. Эрчүүдийн харцыг татсан сайхан бүсгүй байя гэвэл хийж байгаа, сонирхдог зүйлдээ үнэнч байж, түүндээ дурлаарай гэж бүсгүйчүүддээ уриалъя. Энэ нь өнөө цагийн хамгийн секси зүйл. Гоё даашинз, хөх, өгзгөөс ч илүү чухал. Өнөө цагийн залуус ийм зүйлийг л мэдэрдэг, хардаг болсон.

-Инстаграмаас чинь харахад Ангууч өнгөлөгөөс гадна мөнгөлөг нэгэн шиг санагддаг. Өнгөлөг амьдралыг хэний хүчээр бүтээсэн бэ. Ээж, аав чинь ямар хүмүүс байдаг вэ?

-Элэг бүтэн биш, гайхуулахаар биш гэж боддог байсан болохоор гэр бүлийн талаарх ярианд эмзэг ханддаг байсан. Одоо бол тийм биш. Энгийн байх нь асуудлыг хялбар, амьдралыг амттай болгодог гэдгийг ойлгосон. Миний амьдрал энгийн, би ардын хүүхэд. Хүүхэд байхад аав, ээж хоёр салж, би аав дээрээ өссөн. Өсвөр насанд аав маань нас барсан. Түүнээс хойш бүх зүйлийг “0”-ээс эхэлж, өөртэйгөө ажиллаж, өөрийгөө бүтээж өдийг хүрсэн. Одоо ээжтэйгээ холбоотой байгаа. Ээж маань гадаадад байдаг.

-Өөрөө их энгийн, зөөлөн харцтай залуу юм. Харин тэмцээний үед ширүүн, хурц  юм шиг харагддаг. Чамайг юу тэгж хурцалдаг юм бэ?

-Хаана ямар байх нь чухал. Энгийн үед, хүнтэй ярилцахдаа нээлттэй, өөрийнхөөрөө байдаг. Харин тулааны үед тийм байж болохгүй. Өдийг хүртэл хичээж, өөрийн гараар босгосон амьдрал, зорилго маань хэзээ ч бууж өгч болохгүйг мэдрүүлдэг болохоор зарим үед өөр характер гаргадаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж