Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

76:1

"Цэвэрхэн коммунист"

"Цэвэрхэн коммунист"

“News” агентлаг УИХ-ын гишүүдийг нэрсийн дарааллаар танилцуулдаг “76:1” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшинг танилцуулж байна.


У.Хүрэлсүхийн  танхим дахь хамгийн туршлагатай улстөрч бол Ө.Энхтүвшин. Түүний CV-ыг харахад УИХ-д дөрвөн удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр гурван удаа ажиллажээ. Чухамдаа дөнгөж  парламентад орж үзэж байгаа нялх сэнгүм, памперстай бацаануудын дэргэд Ө.Энхтүвшин бол хал үзэж, хашир суусан улстөрч юм.

 Хөвсгөл аймгийн угшилтай тэрбээр Монгол Улсын Их Сургуулийг  Түүхч, түүхийн багш мэргэжлээр 1980 онд төгссөн. Ажил амьдралын гараагаа Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтнаас эхлүүлж, 1990 он хүртэл ажиллажээ. Дараа нь 1997 он хүртэл хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, "Yнэн" сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байх үедээ  улс төрийн карьераа эхлүүлж 1996-2005 онуудад  Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Ингээд 1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны даргаар ажиллаж байгаад, 2000 оноос эхлэн өнөөг хүртэл УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Энэ дунд нь тэрбээр  Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын алба хашсан.

УИХ-ын гишүүнээр нэг удаа намынхаа жагсаалтаар сонгогдсон азтай нэгэн. 2000 онд МАХН-аас 72 хүн УИХ-д сонгоход Ө.Энхтүвшин анх удаа парламентын гишүүн болж байв. Дараа нь УИХ-ын гишүүн болж чадаагүй ч, БСШУС-ын сайдаар 2006-2007 онд ажилласан. Харин 2008 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас сонгогдсон. Хамгийн сүүлд буюу 2016 оны УИХ-ын сонгуульд тэрбээр Чингэлтэйчүүдийг төлөөлөн төрд сууж байна.  Өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж буй.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараа тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвшихээ захидлаар мэдэгдсэн удаатай. Гэвч намынхаа Бага хурлын гишүүдээсээ дэмжлэг аваагүй. Гэхдээ түүнийг У.Хүрэлсүх засагтаа авсан.

УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдаж, нам нь бужигнаж, удирдлагууддаа хариуцлага тооцоход Ө.Энхтүвшинг намын даргаар сонгож байв. Нам нь хүнд байдалд ороход Ө.Энхтүвшинд нөхөд нь итгэл хүлээлгэж, удирдлагаараа сонгодог. Өмнө нь МАН мөн сонгуульд ялагдаж, газрын хөрснөөс арчигдахдаа тулахад Ө.Энхтүвшинд удирдах эрх олгож, тэр ч итгэлийг нь хөсөрдүүлэлгүй, намаа сонгуульд ялуулж явсан туршлагатай. Гэхдээ энэ туршлагаа хожмоо хэрэгжүүлж чадаагүй,  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвших байсан ч намын нөхөд нь итгэл хүлээлгээгүй, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг "сойсон" ч ялагдсан. Энэ сонгуульд МАН ялагдсан тул Ө.Энхтүвшин хариуцлагаа хүлээж, М.Энхболдод намыг удирдах эрх шилжсэн юм.

Ө.Энхтүвшин 2012 онд намын хэсэг нөхдийн хамтаар буйдантай суулт зарлаж, Ардчилсан намынхныг олонхидоо эрдэлгүй, цөөнхдөө бүлэг байгуулах боломжийг нь олгох шахалт үзүүлж, санасандаа хүрч байв. Түүнийг цэвэр коммунист гэдэг.

Тэрбээр сүүлийн үед Хятадуудад ээлтэй нэгэн болж хувирсан гэх хэл аманд ороод буй. Учир нь Шадар сайдын мэдэлд чөлөөт бүсүүд харъяалагддаг, чиг үүргийнхээ хүрээнд УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцүүлж байгаа. Төсөлд хятадуудыг 30 хоног визгүй зорчуулахаар заасан нь гол маргаан дэгдээгээд байна.  Түүнчлэн түүний гэр бүлийнхний мэдэлд "Нарантуул" захын зүүн талд орших “Өгөөмөр” зах байдаг.  Тус захын үйл ажиллагаанаас болж  ойр орчмынх нь оршин суугч иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа тухай мэдээлэл байнга хэвлэлүүдээр гардаг.

Түүний ХОМ-ийг сонирхвол, өөрийн орлого: 25.6 сая төгрөг, гэр бүлийн нийт орлого: 185.5 сая төгрөг.  900 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай бөгөөд  200 сая төгрөгийн үнэтэй Lexus 570 машинтай. Хоёр хурдан удмын адуутай.  50 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансанд 1.7 сая төгрөгтэй бол 490 сая төгрөгийн зээлтэй. “Собу ХХК”-д хувь эзэмшдэг.

БОЛОВСРОЛ:

1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль

1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр

1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1980-1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан

1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан

1990-1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга

1995-1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга

1996-2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга

1996-1997 онд "Yнэн" сонины ерөнхий эрхлэгч

1996-1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

2006-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2013 онд Монгол Ардын Намын дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

ШАГНАЛ:

2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж