Улаанбаатарт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2015.10.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Нийслэлд, тодруулбал хотын зүүн хэсэгт буюу Гачуурт, Гүнжийн хоолой орчимд 17.30 цагийн үед буюу гучаад минутын өмнө газар хөдөлсөн тухай мэдээллийг бид иргэдээс хүлээж авлаа. Гачуурт гэлтгүй хотын төв, зүүн хэсэгт оршин суудаг олон иргэн энэ талаар батлан хэлж байгаа юм.

Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллийг лавлахад, "Чичиргээ мэдэгдсэн, хохирол гарсан гэх албан ёсны мэдээлэл, гомдол ирээгүй. Бид иргэдийн дунд гараад буй албан бус мэдээллийн дагуу Одон орон, геофизик судалгааны төвтэй холбогдож, байдлыг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.

Харин Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллийг албажуулж, Одон орон, геофизик судалгааны төвөөс лавлан тодруулсны үндсэн дээр "Улаанбаатар хотод өнөөдөр 17.30 цаг 58 секундэд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон" гэсэн мэдээллийг өглөө.

Тодруулбал, Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд орших Гүнжийн сүм гэдэг газраас хойш 7 км газарт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт /гүн нь 2км/ болсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр чичирхийлэл хоёр удаа мэдрэгдсэн бөгөөд 4.2-4.4 магнитудын хүчтэй байжээ.

Газар хөдлөлтийн улмаас иргэдэд ямар нэгэн ноцтой хохирол учирсан талаарх мэдээлэл одоогоор Онцгой байдлын ерөнхий газарт ирээгүй байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж