Ш.Алтантуяаг тагнуулч гэж хөнөөлгөснийг илчлэв

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяаг тагнуулч гэж хөнөөлгөснийг илчлэв

Ш.Алтантуяаг тагнуулч гэж хөнөөлгөснийг илчлэв

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад хэрцгийгээр бусдын гарт амь үрэгдсэн. Тэгвэл түүнийг хөнөөсөн хэргийн сэжигтэн Азила Хадри хэлэхдээ Ш.Алтантуяаг хөнөөх захиалгыг Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разак болон түүний улс төрийн холбоотон Абдул Разак Багинда нар өгсөн гэжээ. Тэрбээр өөрийн хамтрагч Сирул Азхар Умарын хамтаар Монгол Улсын иргэнийг буудан хөнөөх даалгаврыг экс ерөнхий сайд Нажиб Разакаас авснаа хүлээн мэдүүлэг өгсөн аж. Тэдэнд Ш.Алтантуяаг төрийн өндөр албан тушаалтнуудыг сүрдүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гадаадын тагнуул гэж ойлгуулсан аж. Нажиб Разак тэдэнд тушаал өгөхдөө  бүсгүйн биеийг тэсрэх бодисоор дэлбэлж устгаж, эд мөрийн баримтаа устгах даалгавар өгсөн гэнэ. Азила, Сирул нар нь тухайн үед Нажиб Разак зэрэг төрийн өндөр албан тушаалтны  аюулгүй байдлыг хариуцдаг Малайзын цагдаагийн тусгай хүчний гишүүд байжээ.

Нажиб Разакийн холбоотон Абдул Разакийг 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт хамтарсан гэх хэргээр ялласан юм. Гэвч 2008 онд Малайзын Дээд шүүхэд Ш.Алтантуяагийн хэргийг шүүн хэлэлцээд Абдул Разакийн ялыг хэрэгсэхгүй болгож, Азила, Сирул нар цаазаар авах ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх хурлын үеэр Азилах нь 2014 онд батлан даалтад суллагдаад байхдаа Австрали улс руу зугтсан юм. Тэрбээр өдгөө Австралийн хорих төвд хоригдож буй ажээ. Азила нь өмнөх шүүх хурлын үеэр нотлох баримт, зарим баримтыг нуун дарагдуулсан гэх шалтгаанаар давж заалдах шүүх хурал явуулахыг шаардаж байна.

Абдул Разак нь хэрэг гарах үед Нажиб Разакийн шууд удирдлага доорх Малайзын стратегийн судалгааны төвийн батлан хамгаалах, стратегийн мэргэжилтнээр ажиллаж байв. Өдгөө 59 настай Абдул Разак нь Ш.Алтантуяаг түүний нууц амраг байсныг хүлээн зөвшөөрч, хороох тушаал өгсөн гэдгийг үгүйсгэсэн юм. Ш.Алтантуяа нь сүүлд 2006 оны аравдугаар сарын 19-нд Абдул Разакийн гэрийн гаднаас үл мэдэх автомашинд хүчээр суулган явсан аж. Харин өдгөө 66 настай Нажиб Разак хэлэхдээ Азилагийн мэдүүлгийг худал хуурмаг хэмээж, сөрөг хүчнээс олон нийтийн анхаарлыг өөр чигт хандуулах оролдлого гэж мэдүүлжээ.

Малайзын сөрөг хүчин 2018 онд түүхэн ялалт байгуулахад Ш.Алтантуяагийн хэрэг нөлөөлсөн гэж үздэг. Ш.Алтантуяагийн аав Шаарийбуу гуай Малайзын Засгийн газрыг хариуцагчаар татаж 100 сая малайз ринггитийг нэхэмжилсэн юм

Англи, Орос, Хятад зэрэг олон орны хэлээр чөлөөтэй ярьдаг орчуулагч, загвар өмсөгч тэрээр 2004 онд Хонгконгт явж байгаад Малайз улсын иргэн Абдул Разак Багинда гэгчтэй танилцсанаас бүх зүйл эхэлжээ. Тухайн үед  Малайз улс усан хилээ хамгаалах зорилгоор шинээр шумбагч хөлөг авах шаардлага гарч, Абдул Разак Багинда болон түүний холбоотон Нажиб Разак нар Оросоос хөлөг онгоц худалдан авахдаа улсаас мөнгө шамшигдуулах санаа агуулж байжээ. Шумбагч хөлөг худалдан авах гэрээ Францад нууцаар болж,  удалгүй хэргийн гол гэрч болох гэрээний орчуулагчаар ажилласан монгол эмэгтэй Ш.Алтантуяагийн цогцос аймшигтай зэрэмдэглүүлсэн байдалтай Малайзын Селенгор мужийн нэгэн ойгоос олдсон юм. Тодруулбал, талийгаач бүсгүйн толгойд нь буудан, цэрэг армийн зориулалтаар ашигладаг С4 хэмээх тэсрэх бөмбөг биед нь бэхэлж дэлбэлсэн байсан бөгөөд биеэс нэг ч бүтэн хэсэг үлдээгүй байжээ. Эл хэрэг явдал гарахын өмнө Ш.Алтантуяа орчуулгын хөлс болох 500 мянган ам.доллараа авахыг хүсэж Багиндад хандахад үл зөвшөөрчээ. Хамгийн сүүлд Багиндатай уулзаж, ажлын хөлсөө авахаар түүний гэр рүү таксигаар хүргүүлэн очиход нь Багиндагийн хүмүүс түүнийг хүчээр машиндаа суулган авч явсан байна. Энэ бүхнийг харсан таксины жолооч машины марк, дугаарыг цагдаад мэдэгдсэнээр бүсгүйг эрэн хайх ажиллагаа эхэлжээ. Хэд хоногийн дараа Селенгорын нэгэн ойгоос хүний цогцосны үлдэгдэл олдсон нь талийгаачийнх гэдэг нь нотлогдсон байна.

Улмаар Малайзын Засгийн газраас өндөр өртөгтэй шумбагч хөлөг онгоцыг Францаас худалдаж авах том гэрээнд орчуулагчаар оролцсон аж. Францын шүүхээс 2010 онд Малайзын батлан хамгаалах яам 2010 онд Францын “DCN” үйлдвэрлэгчээс “Scorpene” болон “Agosta” ангиллын хоёр шумбагч худалдан авах нэг тэрбум еврогийн өртөг бүхий наймааг шалгасан юм. “DCN” нь гэрээний хүрээнд Францын батлан хамгаалахын “Thales” группын Ази дахь салбарт 30 сая евро төлсөн аж. Гэтэл ижил хэмжээний мөнгийг Разак Багиндагийн гол хувьцаа эзэмшигч байсан “Terasasi” гэх компанид шилжүүлсэн нь илэрчээ. Энэ наймаатай холбогдуулан Малайзын хүний эрхийн Суарам байгууллагаас гомдол гаргасан байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж