Ш.Алтантуяаг хөнөөх тушаалыг Малайзын экс Ерөнхий сайд өгсөн гэв

Хуучирсан мэдээ: 2019.12.16-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяаг хөнөөх тушаалыг Малайзын экс Ерөнхий сайд өгсөн гэв

Ш.Алтантуяаг хөнөөх тушаалыг Малайзын экс Ерөнхий сайд өгсөн гэв

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа нь одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Малайзад Засгийн газар хоорондын томоохон гэрээний орчуулагчаар ажиллаж байхдаа хэрцгийгээр хөнөөгдсөн харамсалтай хэрэг гарсан бөгөөд уг хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа билээ. Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн энэ оны эхээр Малайзын шүүхэд дахин гомдол гаргаж, Малайзын Засгийн газраас хохирлоо нэхэмжлээд байгаа юм.

Шүүх ажиллагаа үргэлжилж байгаа ба уг хэргийг гардан гүйцэтгэсэн гэх тухайн үед цагдаагийн албан хаагч байсан Азила Хадри аравдугаар сарын 17-нд болсон шүүх хурлын үеэр нэгэн ноцтой мэдүүлэг өгснийг “Malaysiakini” сайт өнөөдөр /2019.12.16/ мэдээлжээ. Тэрбээр Ш.Алтантуяаг хөнөөх тушаалыг тухайн үед Малайз улсын Ерөнхий сайдын орлогч байж байгаад хожим Ерөнхий сайд болсон Нажибыг өгсөн хэмээн мэдүүлсэн байна.

Талийгаач бүсгүйг хөнөөсөн хэрэгт өмнө нь Нажибыг Батлан хамгаалахын сайд байхад цагдаагийн тусгай хүчний албан хаагч байсан Азила Хадри болон Сирул Азхар Умар нарыг буруутгаж тэдэнд цаазын ял оноогоод байгаа ч хэрэг сунжирсаар тэд одоог хүртэл шийтгэлээ хүлээгээгүй байгаа юм.

Мөн тэрбээр цааш нь мэдүүлэхдээ “Ш.Алтантуяаг гадаадын аюултай тагнуул учир түүнийг устгахыг даалгасан. Мөн Нажиб ямар ч ул мөр үлдээхгүйн тулд биед нь тэсрэх бөмбөг бэхэлж дэлбэл гэж хэлсэн. Аюултай тагнуул учир жирэмсэн гэж хэлж магадгүй. Тиймээс хэлсэн үгэнд нь итгэх хэрэггүй гэсэн. Би өнөөдөр ингэж бүх зүйлийг илчилж байгаа нь Нажиб надаас урваж, намайг золиослосон учир, мөн энэ хэргийн үнэн мөнийг илчлэхийг хүссэн учир ярьж байна” хэмээгээд шүүхэд өргөдөл гаргаж, цаазаар авах ялыг нь дахин хянаж үзэхийг хүссэн байна.

Төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө улсаас завшсан хэргээр шүүхэд дуудагдаж буй экс Ерөнхий сайд Нажибын хувьд талийгаач бүсгүйг огт танихгүй ганц ч удаа уулзаж байгаагүй хэмээж мэдүүлсээр ирсэн бол түүний зөвлөх байсан Багинда нь мөн л уг аллагыг захиалсан гэгдэж байгаад цагаатгагдсан бөгөөд Ш.Алтантуяатай амрагийн харилцаатай байсан, энэ хэрэгт өөрийгөө хамааралгүй гэж мэдүүлсэн байдаг.

Харин аллагыг үйлдсэн хоёр дахь этгээд Сирул Азхар Умарын хувьд Австрали руу дүрвэн зугтаж, тус улсын дүрвэгсдийн хуаранд байрлаж байгаа ба өөрийгөө улс төрийн хэрэгт гүтгэгдсэн гээд Австралиас орогнол хүсээд байгаа билээ.

Эх сурвалж: Straittimes, Malaysiakini

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж