МХБХ, “Арвайн Үндэс” компанитай хамтарч, үндэсний дээд лигийн шагналын санг 100 саяд хүргэн, дээд лигийг анх удаа 9 багтай болгож чадсан нь маргааш өндөрлөх гэж буй “Хүрхрээ” лигийн онцлох амжилт байлаа.
Дээд лигийн багийн тоо нэмэгдсэнээр улирлын эхнээс л багууд хожлын төлөө 90 минутын турш талбайд жинхэнэ гал гарсан тулааныг үзүүлсээр ийнхүү төгсгөлийн шатандаа тулж ирлээ. Хөлбөмбөг сонирхогч үзэгч түмэн мэдэх биз. Өнгөрсөн жил “Хоромхон” клуб дээд лигийн аварга болж байсан. Гэхдээ тэдний шагналын нийт сан 18 сая төгрөг байсан бол энэ удаа 100 сая төгрөг болж, үлэмж нэмэгджээ.
2015 оны тавдугаар сарын 16-нд эхэлж байсан “Хүрхрээ” үндэсний дээд лиг ийнхүү 9 багийн дундах ширүүн өрсөлдөөнөөр таван сарын турш үргэлжилж байна.
Одоогоор хүснэгтийг Монголын шилдэг клубуудын нэг болох "Эрчим" 34 оноотой тэргүүлж байна. Тэд улиралд нийт 15 тоглолт хийхдээ 11-т нь ялж, нэг тэнцэн, 3 удаа ялагдал хүлээжээ.
Маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 04-нд МХБХ-ны талбайд болох аваргын төлөөх “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тоглолтуудыг та бүхнийг хүрэлцэн ирж, үзэхийг урьж байна.
Б.ЭНХ