"Томсгосон 26 тойрогт нэг намынхан хоорондоо өрсөлдөнө"

Хуучирсан мэдээ: 2019.12.17-нд нийтлэгдсэн

"Томсгосон 26 тойрогт нэг намынхан хоорондоо өрсөлдөнө"

"Томсгосон 26 тойрогт нэг намынхан хоорондоо өрсөлдөнө"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох вэ гэдгээ хөшигний ард яриад эхэлсэн нь тодорхой. Ардчилсан намын хувьд 2020 оны сонгуульд нэр дэвших эрэгтэйчүүд нь 100 сая, эмэгтэйчүүд 60 сая төгрөг  намдаа тушаах шийдвэр гаргасан. Уг хандиваа төлөх хугацаа өчигдөр дууслаа. Намынхаа ҮБХ-ноос гаргасан  энэ шийдвэрийг та дэмжиж байгаа юу?

-Улс төрийн намууд сонгуулийн санхүүжилтээ босгохдоо томоохон ААН-үүдээс хандив авах замаар шийдэж ирсэн нь нууц биш. Тухайн компанийн өгсөн хандив  нам нь сонгуульд ялахад ийм асуудлыг шийд гэх зэргээр дарамт учруулж, өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулдаг. Ардчилсан нам түүнээс аль болох зайлсхийхийг хичээж, сонгуулийн санхүүжилтээ ил тод зарласан.

Хоёрдугаарт, тухайн нэр дэвшигч өөрийнхөө сонгуулийн штабт ажилласан хүмүүстээ тодорхой хэмжээний цалин хөлс олгох  гэрээг  байгуулдаг. Олон сонгуулиар манай намд тохиолдсон нэг асуудал бол сонгуульд ялагдсан нь  штабт ажилласан  ажилтнууддаа хөлс мөнгө өгөхгүй  хаяад алга болчихдог. Тийм учраас энэ байдлыг засахын тулд хандив авах шийдвэрийг гаргасан. Хандивын мөнгө нь тухайн нэр дэвшигчийн тойрогт хийх сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаанд  мөн намын дотоод үйл ажиллагаа, PR, бусад зүйлд зарцуулагдана.

-Нэг талдаа танай нам нэр дэвшигчдийнхээ сонгуулийн босгыг ил тод зарлаж байгаа  нь сайн хэрэг ч нөгөө талаар хэт өндөр дэнчин тавих нь мөнгөгүй залууст хаалт болох нь тодорхой. Дээрх хэмжээний мөнгийг  намдаа төлөөд сонгуульд нэр дэвшихэд хүндрэлтэй биш үү?

Монгол Улсын хамгийн бага сонгогчидтой тойргийн төлөөлөл нь би. Манайх 11 мянга орчим сонгогчтой. 2016 оны УИХ-ын сонгуулиар аймгийн намын хорооноос миний гаргах санхүүжилтийн нийт хэмжээг 280 сая төгрөг гэж гаргаж өгсөн. Энэ хүрээндээ би сонгуулийн санхүүжилтээ гаргасан.  280 сая төгрөгийн ихэнх нь буюу 240 сая гаруй төгрөгийг штабт ажилласан ажилтнуудын зардалд зарцуулсан. Дээр хэлсэнчлэн ирэх оны сонгуульд нэр дэвших хүмүүсийн өгсөн  100, 60 сая төгрөгийн хандив нь буцаад тухайн нэр дэвшигчийн сонгуулийн штабт нь зарцуулагдана.

-Хэчнээн хүн хандиваа өгсөн бэ?

-100 гаруй хүн хандиваа өгсөн. Энэ сарын 15-ны дотор 100, 60 сая төгрөгийн хандиваа өгөх хугацаатай ч 15 амралтын өдөр таарсан учир өнөөдөр /өчигдөр/ хандиваа  өгөх хугацааг хаасан.

-Улс төрийн намын санхүүжилт өөрөө их эмзэг асуудал. Улс төрийн намын санхүүжилтийг бодитоор хянах боломж Монгол Улсад огт алга гэсэн судалгаа ч бий. Жишээ нь танай нам эргээд хяналт, хариуцлагын  механизмаа хэрхэн бий болгох юм бэ?

-УИХ-д нэр дэвшээд, өөрсдийнхөө хариуцлагыг үүрээд явж байгаа тэр хүмүүс эрсдэлээ өөрөө хүлээнэ. Тийм учраас энэ санхүүжилтийн хэлбэр нь олон нийтэд ил тод, нээлттэй хэлбэр гэж үзсэн. Намын дансыг ил болгох мөн  зарцуулалттай холбоотой бүх зардлыг ил тод  болгох ажлууд ч давхар хийгдэнэ. Хүн бүхэн зарцуулалтыг хянаад явах боломжтой. Түүнээс биш намын төв данс руу ороод алга болохгүй. Тусдаа дансанд төвлөрч хяналттай байх зүйлийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдээс хандив өгсөн хүмүүс нь төлөөллөө бий болгож түүгээрээ дамжуулан зарцуулалтад хяналт тавиад явах бүрэн боломжтой.  Ер нь бол Ардчилсан намын данс руу хэн бэ гуайн ч ороод орлого, зарлагыг нь харах шилэн ажиллана.

-УИХ МАН-ын боловсруулсан Сонгуулийн тухай хуулийг хэлэлцээд эхэлсэн. Эрх баригч нам сонгуулийн тогтолцоог 50+26 гэж дэвшүүлсэн ч бүлгийн гишүүд нь дэмжээгүйгээс томсгосон 26 тойргоор явуулах шийдвэрийг өчигдөр гаргалаа. Танай нам уг хувилбарыг дэмжих үү?

-МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд  пропорциональ сонгуулийн тогтолцоог оруулахгүйгээр баталсан. Гэтэл буцаагаад сонгуулийг 50+26 тогтолцоогоор явуулна гэдгээ оруулж ирсэн. Гэхдээ хүнийг дугуйлах учраас Үндсэн хуулийг зөрчихгүй гэдгийг хэлж байгаа. Бие даагч эсвэл жижиг намын нэр дэвшигч өрсөлдлөө гэхэд бие даагч нь 60 мянган хүний санал, МАН-ын нэг нөхөр 18 мянган хүний санал аваад УИХ-ын гишүүн болж байгаа. Энэ хоёрын дунд зөрчилдөөн гарна. Өөрөөр хэлбэл,  60 мянган хүний санал авчхаад УИХ-ын гишүүн болж чадахгүй бие даагч, хажууд нь намын нэр дэвшигч 18 мянган хүний санал авч гишүүн болох нь тэгш бус байдлыг бий болгоно. Энэ нь Үндсэн хуулийнхаа үзэл санаатай шууд зөрчилдөх учраас МАН сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн зөрчилгүйгээр шийдэх байх. Сонгуулийн хуулиар гишүүдийн тойргийн асуудлыг хөнддөг учраас гишүүд бүр Сонгуулийн хуульд идэвхтэй оролцдог. Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах уу гэдэгт МАН дотроо зөвшилцөлд хүрч нэгдсэн шийдвэрээ өчигдөр гаргаж байх шиг байна. МАН ямар шийдвэр гаргана, тэр дагуу нь л бид сонгуульд оролцоно.

-Томсгосон 26 тойргийн  давуу болон сул тал нь юу вэ?

-Томсгосон мажоритар тойрог бол нам доторх нэр дэвшигчдийг хооронд нь өрсөлдүүлдэг сул талтай. Сайн тал нь гэвэл аймгийг хөгжлийн нэг бүс гэж үзэн тухайн аймгийн гишүүд нь хамтдаа ажиллах боломж бүрдэнэ. Ардчилсан намын хувьд ямарваа нэгэн байдлаар Сонгуулийн хуульд нөлөөлөх боломж байхгүй. МАН-ын зохиосон тоглоомын дүрмээр  бид сонгуульд оролцож, хариуг нь ард түмэнтэйгээ хамтраад өгнө.

-УИХ-ын сонгуулийн хууль гэхээр сонгуулийн тогтолцоонд нь илүүтэй ач холбогдол өгдөг. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн төсөлд онцлог ямар заалтууд байна вэ?

-Сонгууль бүрээр  Сонгуулийн хууль сайжирч байгаа нь сайшаалтай. Сонгуулийн хуулийг өөрчлөхдөө аль болох хүнээс хамааралтай нөлөөллийг нь хаах замаар өөрчилж байгаа нь сайн хэрэг.  Өнгөрсөн 2016 оны УИХ-ын  сонгуулийн хамгийн том сургамж бол “царцааны нүүдэл” байсан. Тэгвэл одоогийн өөрчилж буй хуульд “царцааны нүүдлийг” хаахаар зохицуулсан.

-Та Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан. Гишүүдийн дэмжлэг авах нь уу?

-Би ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах хуулийн төсөл өргөн барьсан ч харамсалтай нь УИХ-ын дарга "Засгийн газраас  санал ав" гээд буцаачихсан. Аливаа томилгоо, чөлөөлөлттэй холбоотой асуудлаар Засгийн газраас санал авдаггүй. Ч.Улаан сайдыг огцруулах асуудалд Засгийн газар сарын хугацаанд надад хариу өгөх ёстой. Хэрэв хариуг өгөөгүй тохиолдолд би огцруулах асуудлыг өргөн барих боломжтой. Энэ хугацаанд Ч.Улааны бүлэглэл Монголыг тонон дээрэмдсээр байх болно. ХХААХҮ-ийн яамнаас махны экспортод квот  олгосон компаниуд нь мах экспортлохдоо кг тутмаас найман юань буюу 3000 төгрөгийн төлбөр авч гаргаж байна. Харамсалтай нь,  сэтгүүлч нар энэ талаар юу ч дуугарахгүй байгаа нь худалдагдсан бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж